УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр (2019.01.30) Агаарын бохирдлыг бууруулах ажлыг тоймлон хэлэлцсэн ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсан. Сонсголд нийслэлийн утааг бууруулах техник технологийн шийдэл, саналаа танилцуулсан иргэд, хувийн хэвшлийнхний сонирхолтой саналыг товч хүргэе.
Улаанбаатарыг 500 мВт нөөцтэй 100 мВт-ын нарны цахилгаан станц байгуулъя
“Ногоон хот-Улаанбаатар ассиоцаци” ТББ-ын ТУЗ-ийн дарга н.Зоригт:
Хоёр шийдлийг санал болгож байна. Нэгдүгээрт:
Цахилгаан станцуудаас үйлдвэрлэж байгаа дулаан маш их алдагдалтай байгаа. Энэ алдагдлыг багасгах, 2000 он хүртэл баригдсан хуучны орон сууцны барилгуудын дулаан түгээлтийн систем нь хуучнаар ЗХУ-д үйлдвэрлэсэн ширмэн радиатрууд байдаг. Энэ ширмэн радиатруудын халаалтын шийдэл нь маш их ус зарцуулдаг. Ширмэн радиатруудын нэг секц нь 1.8 литр ус зарцуулдаг. Үүнийг панелэн радиатраар сольё гэсэн санал дэвшүүлж байгаа юм. 10 секцтэй ширмэн радиатор 18 литр ус зарцуулна.
Панелан радиатраар сольчих юм бол 4-6 литр ус зарцуулна. Тэгэхээр гурав дахин бага ус зарцуулна. Тиймээс дулааны үйлдвэрлэлээс хуучин барилгууд руу гурав дахин илүү дулаан үйлдвэрлэл зарцуулж байна гэсэн үг. Нийслэлээс болон GGI-аас гаргасан судалгаагаар орон сууцны 14 хорооллын 1077 барилгад 45 462 өрх байгаа.
Үүнээс гадна төрийн, төсвийн байгууллагууд, сургууль, эмнэлэг, соёл үйлчилгээний байгууллагуудын ширмэн радиатруудыг сольвол дулааны үйлдвэрлэлийн алдагдлыг 60 хувиас 40 хувь болгож багасгаж болно. Өөрөөр хэлбэл нийт барилгын ширмэн радиатруудыг сольвол дахиад 3000 барилгыг дулаанаар хангах нөөц бий гэж хэлж байгаа юм.
Үүнийг хэрэгжүүлэхийн тулд нарийвчилсан судалгаа хийх ёстой юм билээ. 2000 он хүртэл баригдсан нийт хэчнээн барилгад хэдэн ширхэг радиатор орох, үүнийг яаж солих, ямар тооцоо гаргах юм бэ гэдгийг гаргах ёстой. Би баримжаалсан тоо гаргасан. Нийт 100-200 сая орчим доллар шаардлагатай. Үүнийг төсөвт хүндрэл учруулахгүйгээр НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр, Олон улсын ногоон хөгжлийн сангуудаас буцалтгүй тусламж хэлбэрээр, эсвэл урт хугацааны зээл хэлбэрээр авч болох юм билээ.
Бид тандалт судалгаа хийж үзсэн. Засгийн газрын байгууллагуудтай шууд харьцдаг учраас Засгийн газар нэгж байгуулаад бидэнд хандаад бидний шаардлагад нийцсэн хүсэлтээ ирүүлэх юм бол бид буцалтгүй тусламжаар энэ асуудлыг шийдэхэд чинь тусалж болно гэсэн хариулт өгч байсан юм. Энэ бол хуучны барилгуудад дулаан үйлдвэрлэлийг гурав дахин нэмэгдүүлэх боломж. Төсөв зардлыг нь олон улсын байгууллагуудаас санхүүжүүлэх боломжтой төсөл юм.
Хоёрдугаарт: Улаанбаатар хотын эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл. Гэр хороолол цахилгаан халаагуур хэрэглэхийн тулд эрчим хүчний дутагдалд орно. Энэ дутагдлыг нөхөхийн тулд төр засгаас төсөв мөнгө шаардалгүйгээр 500 мВт нөөцтэй 100 мВт-ын нарны станц барья гэсэн юм. Шийдвэр гаргаад өгвөл энэ есдүгээр сар гэхэд бариад ашиглалтад оруулах боломжтой.
Энэ нарны станц нь орой болон өглөөний оргил цагаар таван цагийн турш цаг тутамд 100 мВт, нийт 500 мВт цахилгаан эрчим хүч нийлүүлэх юм. Оргил цагаар ОХУ-аас авдаг эрчим хүчийг багасгаж, ОХУ-ын үнээс доогуур үнээр нийлүүлье. Үүний санхүүжилт, бүх хэрэгжилтийг хувийн хэвшлийн компаниуд өөрсдөө бие даан шийдвэрлэе гэж байгаа юм.
Бие дааж шийдвэрлэхдээ санхүүжилтийн гадны хөрөнгө оруулалтаар, нэг бол бага хүүтэй зээлээр, өөрөөр хэлбэл өмнөх Засгийн газрын авч байсан бондоос доогуур хэмжээнд зээл авах боломж байна. Тэгэхээр санхүүгийн бүх эрсдэлээ хувийн хэвшлүүд өөрөө даах юм.
Агаарын бохирдлыг дулаан хуримтлуулагч технологийн аргаар шийдэж болно
“Бэст” ХХК-ийн захирал Н.Даваа:
-Гурван жилийн дотор Улаанбаатар хотыг утаагүй болгож болох шийдэл бол зөвхөн цахилгаан. Нүүрсээр утааг бий болгочихоод дахиад нүүрсээр утааг шийдэх боломжгүй. Өнөөдрийн төлөвлөж байгаагаар 220 мянган айлд утаагүй түлшээ тараая. Тэгвэл гэр хорооллын айл өрхүүд унтаад дахин сэрэхгүй. Би өөрөө биеээр үзсэн. Эмнэлэгт очиж байж хордлогоо тайлсан. Нэгэнт шаталт явагдаж байгаа бол тэнд хүнийг үхэлд хүргэдэг нүүрсхүчлийн хийнээс эхлээд аюултай, хэмжигддэггүй бодисууд ялгарч байдаг. Тийм учраас энэ ажлаа хязгаарлалттай хэрэгжүүлнэ биз дээ.
Манай шийдэл бол сансрын хиймэл дагуулыг халааж байгаа технологи. 2 кВт-аар бүхэл бүтэн сансрын хиймэл дагуулыг вакум технологиор халааж байгаа. Энэ вакум технологийг сансарт ашиглаж байна.
Нөгөөх нь болохоор бодисын пазын шилжилт гэж сүүлийн үед XXI зуунд хамгийн их дэлгэрч байгаа шийдэл. Давсыг өндөр температурт хайлуулаад, хайлсан давсныхаа дулаан хадгалалтаар халаана гэсэн үг. Үүнийг хэд хэдэн улсуудад эрчим хүч гаргаж авахад ашиглаж байгаа.
Энэ хоёр технологийг бид монгол гэрт оруулсан юм. Бид 10 литр усыг 200 грамм болгож бууруулаад халаая гэж байгаа. Жишээ нь 50 литр эзлэхүүнийг халаая. 50 литр усыг 80 градуст барихын тулд 5 кВт ашиглана. Энэ нь монгол гэрийг халаах кВт. Тэгвэл үүнийг вакумжуулах юм бол 1 литр шингэн хийгээд 1 кВт-аар халаахад 80 градус болно.
Задгай сансар -200 градус. Тийм хүйтэнд ийм бага кВт-аар халаадаг технологи руу оръё гэж байгаа юм. Дулаан хуримтлуулагч гэж яриад байгаа. XX зуунд Германы Клаус гэж эрдэмтэн эрдэмтэн хатуу төлөвт, туйпуунд дулаан хуримтлуулах талаар ажилласан. Тэрийг манайд оруулж ирээд дулаан хуримтлуулагч гээд зарж байгаа.
XXI зуунд Маркс гэж эрдэмтэн давсыг хайлуулж дулаан хуримтлуулдаг болсон. Давсыг өндөр градуст хайлуулахад дараа нь 3-4 цаг температураа барина. Тэгээд талсжихдаа эргээд хатуу төлөвт шилжихдээ градус нь өөрөө дахиж өсөөд 11 цаг барина. Ийм технологиуд гарчихсан бид нар нэвтрүүлж байгаа юм.
Бид туршилтаар 5 литрийн эзлэхүүнтэй трубаг 300 Вт-аар 1 цаг халааж байж 10 градус халж байна. Гэтэл хагас вакум болгоход 30 минут болоход 60 градус халж байгаа юм. Яг миний ярьж байгаа технологи болохоор 200 грамм шингэнийг 10 минутанд 300 Вт-аар халаахад 80 градус халж байна. Энэ градусаа хадгалах нь нөгөө пазын шилжилт.
Энэ технологи ахуйн хэрэглээнд нэвтрээгүй, дандаа цэргийн үйл ажиллагаанд юм уу, сансарт ашиглагдаж байсан. Харин бид анх удаа монгол гэрт ашигласан юм.
Би арван жил хөөцөлдөөд нийслэлд 1 сая төгрөгийн бүтээгдэхүүн ч нийлүүлж чадаагүй. Жишээ хэлье. 300 саяын тендерт яллаа. Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсэгтэй 500-600 м.кв талбайтай 13 цогцолборыг шийдье гээд ялсан. Очоод ажлаа хийх гэсэн чинь өөдөөс 80 сая төгрөг нэхсэн. 150 сая төгрөгийн 80 саяыг нь би өгчихөөд яаж ажил хийх юм бэ. Тэгээд авлигалд өгөөд л, сүүлдээ ус руу чулуу хаясан юм шиг алга болсон. Шийдэж чадахгүй байгаа хамгийн том асуудал энэ л байгаа юм.
Бид өөрсдөө авч чадахгүй ч гэсэн зарим нэг компаниар дамжуулаад бага зэргийн юм хийж л байсан.
Бас нэг туршилтыг хийхдээ бид монгол гэрийг цемент дээр бариад өвөлжин халуун оруулсан. Бүх л сайд дарга нарыг үзээч гээд, зарим нь үзсэн. Зарим нь үзэхгүй байсаар байгаад дууссан. Энэ хугацаанд хот болон нэлээд хүмүүст үзүүлсэн. Нэвтрүүлье гээд нодлин жил 1 кВт-аар халааж болдог юм гэдгийг туршаад үзчихсэн.
Би 2015 онд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байх үед энэ технологийг танилцуулсан юм. Тухайн үедээ тоохгүй байсан. Тэгсэн газ ч билүү дэлбэрсэн. Тэгээд намайг чаддаг юм бол үзье гээд нийт 1000 хүүхэдтэй 4 цэцэрлэг өгсөн. 2016 онд 4 цэцэрлэгийг цахилгаанаар халаасан. 48 сая төгрөгийн төсөвт зардалтай, галладаг, нараар цахилгаанаа шийдчихсэн байсан цэцэрлэгийг бид 17 сая болгож буулгасан. 400-гаад хүүхэдтэй цэцэрлэг шүү дээ. Одоо тэр цэцэрлэгүүд нэг ч гал түлээгүй. Тэр цэцэрлэгүүд нараар цахилгаанаа шийдчихсэн байсан ч галаа түлдэг байсан. Яагаад үр дүн гарахгүй байна гэхээр цахилгаанаа шийдчихээд өндөр үнэ гарахаар зогсоочихдог байж. Тэгээд л галаа түлдэг байсан.
16 хороог үзэхэд бүгд тийм байсан. Тэгэхээр энд хэлчихэд эхлээд Түмэн бодисоо, тэгээд Газарзүйн хичээлээ сайн унш. Тэнд бүх хариулт нь байдаг. Манайд өвөл нар 18 градус тусдаг. Тэгэхээр нараар халаана гэдэг ойлголт байхгүй. Нарны эрчим хүч ч байхгүй шүү.
Тавантолгойн нүүрсийг шахмал хэлбэрт шилжүүлж, шууд түлэх хувилбарыг сонгох
Монголын эрчим хүчний салбарын зөвлөх, “Мэргэшсэн инженерүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн н.Гэндэнсүрэн:
Нэгдүгээрт: Агаарын бохирдлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зөв тогтоох, бохирдол бүрээр нь тодорхойлох, хотын түлж буй нүүрсний 10 хүрэхгүй хувийг хэрэглэдэг гэр хороолол агаарын бохирдлын 80 хувийг эзэлдэг. 90 хувийг нь түлдэг дулааны цахилгаан станцууд 6 хувийн дутагдал /Орос улс 38 хувийг эзэлдэг гэсэн тоо бий/ эзэлдэг гэдгийг нарийвчлан тогтоох. Энэ тоонд итгэхэд хэцүү.
Агаарын бохирдлын шалтгаан буюу оношийг зөв тогтоох ёстой гэж үздэг.
Хоёрдугаарт: Орон сууц бол агаарын бохирдлыг бууруулах хэрэгсэл, төхөөрөмж биш. Харин ч цахилгаан соронзон долгион, дуу чимээ, чичиргээ доргио, цацраг идэвхижлийг нэмэгдүүлдэг. Иймээс монгол гэрийг орчин үеийн техник технологийн дэвшлээр ашиглаж хөгжүүлэх.
Гуравдугаарт: Халаалтыг цахилгаан халаагуураар шийдвэрлэж байгаа нь буруу. Цахилгаан халаагуурыг тэжээж буй тогийг нүүрс түлж үйлдвэрлэж байгаа учраас агаарын бохирдлыг бууруулах бус улам ихэсгэж байна гэсэн үг. Сайхан зохицуулах хорооноос цахилгаан, дулааны үнэ нэмэх тухай мэдэгдэж байсан. Улсын төсөвт их хүндрэл учруулж байна. Хотод олон станц барьж өргөтгөж, нүүрс түлэлтийг хэд дахин нэмэгдүүлэх гэж байна. Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн хотод цахилгаан станц барих, өргөтгөхийг хатуу хориглосон тогтоол, шийдвэр гаргах, арга хэмжээ авах.
Дөрөвдүгээрт: Гэр хороололд зориулсан “ахуйн хэрэглээний нүүрс” гэсэн нүүрсийг боловсруулан дэмжиж нийтийн хүртээл болгох. Стандарт, норм батлах, сайжруулсан, боловсруулсан нүүрс гэж ерөнхийлөхөөс татгалзах. Ахуйн хэрэглээний нүүрс гэдэгт Монголын өвөрмөц онцлогтой гэр, жижиг орон сууцанд зориулагдсан, түлэхэд хамгийн тохиромжтой, экологийн үзүүлэлт өндөртэй, гэрийн зууханд бүрэн шатах, ялгарсан дулааныг хуримтлуулж, үр ашигтай зарцуулах технологийн шийдлийг боловсруулна гэсэн үг.
Тавдугаарт: Тавантолгойн нүүрсийг шахмал хэлбэрт шилжүүлж, үнэ өртгийг нэмэгдүүлэх бус шууд түлэх хувилбарыг сонгох. Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих замаар ахуйн хэрэгцээний нүүрс бэлдүүлэх, энэ талаар бичил төсөл хэрэгжүүлэх арга хэмжээ авах. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдлыг бууруулах тактик, бодлого чиглэл буруугаас сөрөг үр дагаврууд олон гарах төлөвтэй байна. Хэдийгээр миний байр суурь, үзэл бодол одоогийн төрөөс баримталж буй бодлоготой харшилж, эсэргүү мэт боловч бодож үзэх, судалж тооцох, өөрчилж шинэчлэх, үзэж харах зүйл байгаа гэдэгт итгэлтэй байна.
Бидэнд судалгаа, тооцооны бүтээл, нийцэл олон байгаа боловч өчүүхэн хэсгийг та бүхэнд сонирхуулж байгаа бөгөөд энд тусгагдсан санаа сэдэл, зөвлөмжүүдийг нухацтай хэлэлцээд хариу өгөхийг хүсье.
Агаарын бохирдолтой тэмцэхэд зориулсан хөрөнгийн зарцуулалтыг ил тод болгох
БГД-ийн иргэн н.Гэлэгжамц:
-Ил тод байдлыг бий болгох, шаардлага, үндэслэл:
Өнгөрсөн 10 жил орчмын хугацаанд агаарын бохирдолтой тэмцэх, бууруулах нэрийн дор түүнд зарцуулсан хөрөнгө мөнгөний хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр төрийн болон иргэний байгууллагууд асар зөрүүтэй мэдээлж байна. Иргэн миний авсан мэдээллээр хамгийн их нь 850 тэрбум, хамгийн бага 270 тэрбум төгрөг, Ерөнхийлөгчийн 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн албан бичигт 550 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан гэсэн мэдээ байна. Аль нь ч байлаа маш их хөрөнгө мөнгийг зарцуулсан боловч өнөөдөр нөхцөл байдал ямар байгааг бид нүдээрээ харж байна.
Гарц, шийдэл:
Дээрх асуудлыг шийдэхийн тулд санхүүгийн ил тод байдлыг нэн яаралтай бий болгох хэрэгтэй байна. Үүний тулд хүсэлт, шаардлагаа зөв газарт, зөв тавьж хүргэх нь чухал байна. Иймд дорх гарц, шийдлийг миний бие санал болгож байна.
Нэгдүгээрт: Агаарын бохирдолтой тэмцэх, бууруулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагын:
- Өдөр тутмын нягтлан бодох бүртгэлийн ажил, гүйлгээг ил тод нээлттэй болгож, интернэтээр дамжуулж хөтлөх. Энэхүү бүртгэлийг Монгол улсын иргэн бүр дэлхийн хаанаас ч компьютер, гар утаснаасаа шууд хардаг байх.
- Нягтлан бодох бүртгэлийн бүх ажил, гүйлгээг мобайл банк, интернэт банк, төлбөрийн карт, QR код зэрэг зөвхөн бэлэн бус төлбөр тооцооны системийг ашиглан банкны зөвхөн 1 л харилцах дансаар дамжуулан бэлэн бусаар хийдэг байх. Тэрхүү харилцах дансны хуулгыг Монгол улсын иргэн бүр дэлхийн хаанаас ч компьютер, гар утаснаасаа шууд хардаг байх.
Хоёрдугаарт: гол утга санаа:
Тухайн байгууллагын нярав зам гарч гүйгээд ТҮЦ-нээс 100 төгрөгийн бал авчраад баримтыг нь нягтланд өгөхөд ня-бо нь түүнийг санхүүгийн программд бүртгэнэ. Түүнийг бид интернэтээр дамжуулан дэлхийн хаанаас ч харж чаддаг байх.
Гуравдугаарт: Ингэж чадвал:
3.1 Иргэн бүр агаарын бохирдолд хэдий хэмжээний хөрөнгө мөнгийг юунд зарцуулж байгаа мэдээллийг тухай бүрт нь авдаг болох
3.2 Иргэдийн эргэлзээ тайлагдаж, мөнгө идчихлээ, уучихлаа гэж хий хоосон харддаг, сэрддэг явдал үгүй болно.
3.3 Хяналт тавьж хариуцлага тооцох эрхийг нэг хүн, нэг байгууллагад өгөх бус нийт ард түмэнд өгнө /Олны хүч оломгүй далай гэдгийг бүгдээрээ санаад, үзээд, хэлээд, яриад, шахаад, шаардаад байвал ажил урагшилж, үр дүн гарах магадлал нэмэгдэнэ/
3.4 Ер нь энэ шийдлийг миний бие улс төр, нийгэм, эдийн засагт, болохгүй бүтэхгүй байгаа бүх асуудлыг шийдэх сонгодог гарц гэж харж байна.