Сүүлийн жилүүдэд байгалийн үнэт чулуу ховордож чулууг синтетик, хиймэл аргаар хийж их хэмжээгээр зах зээлд нийлүүлж байна. Хиймэл, таримал чулуугаар хийсэн эдлэл (хөөргө, аяга, зүүлт г.м. бусад)-ийг өндөр үнээр худалдан борлуулж иргэдийг хохироох явдал гарах боллоо. Иймд тэдгээр чулууг хооронд нь ялгаж таних боломж, чадвар хүн бүрт байхгүй учраас мэргэжлийн байгууллагаар шалгуулж авах, хэрэглэх нь зүйтэй юм.
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолоор батлагдсан “Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам”-ын 6 дугаар зүйлд Үнэт металл, эрдэнийн чулууны ангилалыг баталсан байгаа. Мөн энэхүү журмын хэрэглэгч, Эрдэнийн чулууг олборлогч, эрдэнэсийн эдлэл үйлдвэрлэгч, арилжаалагч байгууллага, аж ахуйн нэгж, иргэний мэдвэл зохих хэдэн заалтыг дор орууллаа.
3.1. Эрдэнийн чулууны ангилалд нэр заасан чулууг олборлогч, эрдэнэсийн эдлэл үйлдвэрлэгч, арилжаалагч байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь сорьцын хяналтын асуудал хариуцсан байгууллагын эрдэнийн чулууны лабораториор чулууг тодорхойлуулж энэхүү журмын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрдэнийн чулууны гэрчилгээ” авна.
3.2. Эрдэнийн чулуун эдлэл эзэмшигч хүсвэл өөрийн үнэт эдлэлд эрдэнийн чулууны гэрчилгээ авч болно.
3.4. Эрдэнийн чулууны гэрчилгээ нь зөвхөн тухайн үед тодорхойлуулсан чулуу, чулуун эдлэлийн хувьд хүчинтэй байх бөгөөд уг гэрчилгээг өөр чулуу, эдлэлд ашиглахыг хориглоно.
3.5. Эрдэнийн чулууны гэрчилгээ үнэн зөв болохыг уг чулуу, эдлэлийг тодорхойлсон шинжээч өөрөө хариуцна.
3.6. Гоёл чимэглэлийн үйлдвэр нь үнэт эдлэлд суулгах чулуун шигтгээг эдлэл дээрээ суулгахаас өмнө тодорхойлуулсан байвал зохино. Нэмэлт мэдээлэл өгөхөд Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газрын Эрдэнийн чулууны лабораторид эрдэнийн чулууг шинжлэн тодорхойлж гэрчилгээ олгодог бөгөөд иргэд үнэт эдлэлээ уг лабораториор шинжлүүлэх бүрэн боломжтой.
“СТАНДАР, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРААС ЗӨВЛӨЖ БАЙНА”