Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр өчигдөр (2019.01.29) Сангийн сайд асан С.Баярцогтыг ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангиас суллажээ. Түүнийг энэ сарын 16-ны өдөр тус шүүхээс яллагдагчаар татаж 30 хоног хорих шийдвэрийг гаргаад байв.
С.Баярцогт нь Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө компанийн хувьцааг тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр худалдаж аваад, гэрээ байгуулагдан хэрэгжсэний дараа хувьцаа тодорхой хэмжээнд үнэд орох үед хувьцаагаа бусдад арилжаалж өөртөө давуу байдал олж авч их хэмжээний ашиг олсон гэдэг нь хамтарсан шалгалтын хүрээнд тогтоогдсон бөгөөд өөрт байгаа давуу байдлаа ашиглаж, өөртөө ашиг олсон гэх үндэслэлээр шалгаж байгаа гэдгийг АТГ-аас энэ сарын 25-нд мэдээлсэн юм.
АТГ-аас С.Баярцогтыг өнгөрсөн жилээс Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, оффшорын асуудлаар шалгаж өнгөрөгч онд 30 хоногийн хугацаагаар баривчилж байгаад батлан даалтад гаргасан байдаг. Энэ удаад мөн өмгөөлөгчөөс нь түүнийг суллах, батлан даалтад гаргах хүсэлт гаргасныг Сүхбаатар дүүргийн шүүгч хүлээн авч ийнхүү шүүгчийн захирамжаар батлан даалтад гаргасан байна.