Марокко улсын Марракеш хотод Олон улсын хөл бөмбөгийн холбооны дээд хэмжээний хурал болж, тус холбооны тэргүүн Инфантино энэ үеэр хэлсэн үгэндээ “Олон улсын хөл бөмбөгийн холбоо 2022 онд Катарт зохион байгуулагдах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 48 баг оролцуулах тухай ярилцаж байна. Хэрвээ батлагдвал зарим тоглолтыг Катарын хөрш зэргэлдээ улс орнуудад зохион байгуулна” гэжээ.
2017 онд Олон улсын хөл бөмбөгийн холбоо 2026 оноос эхлэн дэлхийн аваргын тэмцээнд оролцох багийн тоог 32-оос 48 болгон нэмэгдүүлсэн.
Инфантино энэ өөрчлөлтөө 2022 оны дэлхийн аваргын тэмцээнээс эхэлж хэрэгжүүлэх тухай олонтаа дурьдсан юм. Тэрээр “Катарын тал үүнд нээлттэй байр суурьтай байгаа ч 48 баг ирвэл Катарт хүндрэл тулгарч магадгүй тул зарим тоглолтыг хөрш зэргэлдээ улсад нь зохион байгуулж магадгүй юм” гэв.