Монгол Улсын Дээд шүүх өнөөдөр (2019.01.07) гурван намын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр Хороолол Хөгжлийн намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Б.Батсүх нарын хүсэлтийг Дээд шүүх хянан хэлэлцээд, хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэв. Ингэснээр Гэр Хороолол Хөгжлийн нам нь нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүх даалгалаа.
Мөн Монгол Ардын намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг хэлэлцэв. МАН-ын 2018 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн Бага хурлын 3 дугаар хуралдааны 06 дугаар тогтоолоор намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, тус намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэлээ.
Түүнчлэн Ардчилсан намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон мөрийн хөтөлбөрийг шинэчлэн бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх хэлэлцэн шийдвэрлэв. АН-ын 2018 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн 9 дүгээр Их хурлаар баталсан дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, тус намын шинэчилсэн дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгэлээ.