Америкийн Bloomberg агентлаг олон улсын нөхцөл байдалд анализ хийж, ирэх 2019 оныг дэлхийн хамгийн хүнд үеүдийн нэг байх болно гэсэн таамаглалыг гаргажээ. Тус агентлаг улс төрийн зөрчилдөөн, хямралын төв байх улс орнууд буюу дэлхийн хамгийн халуун цэг байх магадлалтай газруудыг нэрлэсэн байна.
Улиран одож буй 2018 он дэлхий дахинаа амаргүй он байлаа. Хэдийгээр 2008 оных шиг дэлхий нийтийг хамарсан хямрал, томоохон дайн тулаан болоогүй ч олон улсын нөхцөл байдал эрчимтэй муудсан жил байсан юм.
Тухайлбал, 2017 онд худалдааны дайн гэж юу байдгийг хэн ч мэддэггүй байсан. ХБНГУ-ын канцлер Ангела Меркель удахгүй улс төрийн тавцнаас буух талаар хэн ч ярьж байгаагүй. Тухайн үед түүний хувь заяаг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон давтана чинээ хэн ч бодож байгаагүй. Европт популистуудын идэвхжилийг түр зуурын, аюулгүй үзэгдэл мэтээр л харж байв. Эцэст нь дэлхий дахинаа тухайн үед хэн ч АНУ-ын ачаар хүн төрөлхтөн дэлхийн аюулгүй байдлыг эвдэх асуудалд урагшлуулах алхам хийнэ гэж таамаглаж байсангүй.
Тэгвэл 2018 онд бүх зүйл яаж эрчимтэй өөрчлөгддөгийг харуулсан он байлаа
Bloomberg агентлаг 2019 онд дэлхийн хамгийн халуун цэг байх газруудыг улаанаар тэмдэглэсэн тусгай газрын зураг нийтэлжээ. Энд дэлхийн хямралын төв байх газруудыг нэрлэсэн байна.
“Дэлхий ертөнц түргэн өөрчлөгдөж байна. 2019 он асуудалтай, эмх замбараагүй он жил байх бололтой. Дорно дахинд Хятадын өсөлт, баруунд популистууд засгийн эрхэнд гарсан зэргээс болж 2018 оны дунд үед дэлхийн ардчилсан эдийн засгийн гол орнууд Их 20-ийн нийт ДНБ-ий гуравны нэгт ч хүрэхгүй болжээ. Гэтэл 2007 онд энэ үзүүлэлт 83 хувьтай байсан юм” хэмээн тус агентлаг тэмдэглэсэн байна.
Дэлхийн хөгжлийн гол чиглэл орлогын тэгш бус байдал, соёл иргэншлийн мөргөлдөөн, өрнөдийнхний хэт биеэ тоосон хандлагаас болж гарах бөгөөд энэ чиг хандлага үргэлжилнэ гэж Bloomberg тэмдэглэжээ.
Зэвсэглэлийн шинэ уралдаан: 2019 оны дэлхийн аюул заналхийллийн тэргүүн байрт зэвсэглэлийн уралдаан орно гэж Bloomberg-ийнхэн үзжээ. Энэ асуудлаар дэлхийн газрын зурагт АНУ, Орос, Хятадыг улаанаар тэмдэглэжээ. Вашингтоноос Москвад тавьсан Дундын болон ойрын тусгалт пуужинг устгах гэрээний нөхцөлийг биелүүлэх 60 хоногийн шаардлага ирэх хоёрдугаар сард дуусгавар болох юм.
Үүний зэрэгцээ энэхүү гэрээнд гарын үсэг зураагүй Хятад өдгөө гэрээгээр хориглосон пуужингийн томоохон арсеналтай болсон. Оросын хувьд гэрээний нөхцөлийг зөрчөөгүй гэж мэдэгдэж байгаа билээ.
Тус агентлагийн хамгийн таагүй таамаглалаас үзэхэд АНУ гэрээнээс гарч, харин Орос өмнө нь хориотой байсан пуужингуудыг өрнөдийн хөршүүд рүүгээ чиглүүлэн “зэвсэглэл, өндөр технологийн зэвсгийн уралдаанаа эхлүүлэх” гэнэ.
Гэрээ цуцлагдах эрсдэл өндөр бол Европт цөмийн зэвсгийн уралдааны аюул дунд зэрэг байна.
Орос: Хоёр дахь гол асуудал бол Москва, Вашингтоны харилцаа. “Оны эцсээр Трамп Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзалдах хоёр ч боломжийг үгүй хийснээр Кремль энэ асуудалд сэтгэл дундуур үлдсэн байх магадлалтай. Орос гадаадын сонгуулиудад оролцох, Балкан болон хуучин Зөвлөлтийн орнуудад үзүүлэх нөлөөгөө нэмэгдүүлэх ажлаа үргэлжлүүлнэ. Үүний хариуд АНУ-аас шинэ хориг арга хэмжээ оруулах болно” гэж Bloomberg-т бичжээ.
Путин, Трамп нар ирэх 2019 оны зургаадугаар сард Японд болох “Их 20”-ийн уулзалтаар таарах ч уулзалт хийхгүй байх магадлалтай
Шинжээчдийн үзэж байгаагаар Трамп Сириэс цэргүүдээ гаргах гэнэтийн шийдвэр гаргасан нь Москвагийн эртний шаардлагад нийцэж байгаа. Дээрээс нь Оросыг эсэргүүцэгч Жеймс Мэттис огцорсон нь Кремлийн санаанд нийцэж буй. Гэсэн ч бодит байдал дээр АНУ-ын эрх бүхий албан тушаалтнууд Москватай харилцаагаа сайжруулах асуудалд таагүй ханддаг хэвээр байгаа билээ.
Хамгийн муу таамаглал: АНУ, Орос зэвсэглэлээ хянаж эхэлнэ.
Худалдааны дайн: АНУ, Хятад, Европыг улаан тэмдэглэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын дарга Си Жиньпин нарын байгуулсан “Гаалийн тарифын дайн”-ы 90 хоногийн эвлэрэл хоёрдугаар сарын сүүлчээр дуусгавар болно. Хэрвээ талууд шинэ хэлэлцээр байгуулж чадахгүй бол АНУ Хятадаас ирэх 200 тэрбум ам.долларын импортод гаалийн татвар ногдуулна.
Хамгийн муу таамаглал: Оны сүүлчээр стратегийн ноёрхлын төлөөх ил дайн өсөж, дэлхий дахинаа аюулгүй байдалд заналхийлнэ. Эрсдэл өндөр байна.
“Үүнээс гадна хоёрдугаар сар гэхэд АНУ-ын Худалдааны яам автомашины импорт үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулж байна уу гэсэн шийдвэр гаргана. Энэхүү шийдвэр нь АНУ-ыг Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг техникийн хувьд зөрчилгүйгээр автомашины импортод илүү өндөр тариф тогтоох боломж бүрдүүлэх юм” гэж Bloomberg тэмдэглэжээ.
Энэхүү шийдвэрээс болж Европын автомашин үйлдвэрлэгчид, тэр дундаа германчууд хохирол амсах юм. Японтой энэ асуудлаар нэгдүгээр сараас эхлэн аль ч цагт тохиролцож болох бөгөөд энэхүү тохиролцоонд Европын холбоотой хийх тохиролцооноос илүү уян хатан хандах магадлалтай.
Хамгийн муу таамаглал: АНУ автомашины импортын тарифаа нэмэгдүүлж, Европтой худалдааны дайн өдөөж болзошгүй.
Зэвсэгт мөргөлдөөн: Иран, БНАСАУ, Сири, Украин улаанаар тэмдэглэгджээ. Трамп 2015 онд хийсэн цөмийн гэрээнээс гарснаас хойш АНУ-ын Иранд үзүүлэх дарамт шахалт нэмэгдэж, АНУ-ын хоригийг зөрчсөн бусад улс орнуудын компанид давхар хориг тавьж эхэлсэн.
“Израиль, Саудын Араб, АНЭУ-ын дэмжиж буй стратеги нь Йемен, Сири, Ливан, Иракаас Ираныг шахаж холдуулах замаар Тегераныг цөмийн асуудлаарх хэлэлцээрийн ширээнд суулгах юм. Саяхныг хүртэл энэ хүчин зүтгэл үр дүнтэй байж ирсэн” гэж Bloomberg агентлаг тэмдэглэжээ.
Хамгийн муу таамаглал: Иран цөмийн түлшний үйлдвэрлэлээ дахин сэргээх магадлалтай. Тегеран дарамтын нөлөөгөөр 2019 оны наймдугаар сард хийгдэхээр төлөвлөгдсөн тэнгисийн цэргийн сургуулилтыг зогсоож, өдөр бүр дэлхийн түүхий нефтийн нийлүүлэлтийн 30 хувь дайрч өнгөрдөг Ормузын хоолойг хааж мэдэх юм. Ийм таамаглал болох магадлал дунд зэрэг.
Орос, Украины хооронд дайн болох магадлал бага
Бас нэгэн эмзэг цэгт Хойд Солонгос оржээ. Bloomberg-ийн тэмдэглэж буйгаар БНАСАУ 2018 оны эхээр дэлхийн аюулгүй байдлын хамгийн том аюул заналхийлэл байсан бол өнгөрсөн зургаадугаар сард болсон Трамп, Ким Чен Ун нарын дээд хэмжээний уулзалтаар нөхцөл байдал арай зөөлөрчээ.
Нөхцөл байдал тайван байна. Гэхдээ Ким цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө зогсоох ямар ч шинж тэмдэг ажиглагдахгүй байна. Магадгүй цөмийн материалаа хуримтлуулах, зэвсгийн системээ сайжруулахад ашиглаж болзошгүй байна гэжээ.
БНАСАУ-ын удирдагч АНУ-ын “хэт биеэ тоосон байдал” энэ асуудлаар урагшлахад саад болж байна гэжээ. Трамп Ким Чен Унтай ирэх нэг, хоёрдугаар сард уулзалдах хүсэлтаэй байгаа.
Хамгийн муу таамаглал: Дээд хэмжээний уулзалтаар Солонгосын хойгийн нөхцөл байдал улам хүндрэх магадлалтай. Bloomberg ийм магадлалыг бага гэжээ.
Сирийн дайн найман жил үргэлжилж байна. АНУ цэргээ гаргасан нь Ерөнхийлөгч Башар Асад, түүнчлэн Орос, Ираны байр суурийг бэхжүүлнэ. Турк одоогоор Сирийн зүүн хойд хэсэгийг хяналтдаа авсан курдуудын эсрэг халдан довтлохоо түр хойшлуулаад байна. Ираны зөрчилдөөн нэмэгдсэнээс болж байдал хүндэрч болзошгүй гэж Bloomberg үзэж байна.
Хамгийн муу таамаглал: Дайн улам нэмэгдэж, бүс нутгийн томоохон гүрнүүдийн хоорондын зөрчилдөөн өснө. Үүнйи улмаас Иордан, Ливан, Турк руу дүрвэгсдийн тоо нэмэгдэнэ. Эрсдэл-өндөр.
Европын хувьд “аймшгийн жил”: Bloomberg Европт “аймшгийн жил” болно гэж дүгнэж байна. Италид төрийн эрхэнд популистууд гарч ирсэн. Тэд төсвийн алдагдлаасаа болоод Европын холбоонд төлөх торгуулиа төлөхгүй гэж дайрч байгаа билээ. Испанид ээлжит бус сонгууль явагдаж, Францад эсэргүүцэл өрнөж, Лондон Brexit-ийн төлөвлөгөөгөө тодорхойлж чадахгүй байх магадлалтай.
Гуравдугаар сарын 29 бол Британи Европын холбооноос гарах хугацаа. Гэтэл одоог хүртэл зөвшилцөж чадахгүй, нөхцөл байдлыг урьдчилан хэлэхийн аргагүй байгаа юм. Дэлхийн банкны тооцооллоор Brexit зөөлөн, хатуу байхаасаа шалтгаалаад тус улсын ДНБ-ий 1,5-10,5%-ийг авах бололтой.
Эх сурвалж: Bloomberg
1 comment