ОХУ-ын нийслэл Москва хотноо Оросын Ерөнхийлөгч Владимир Путины жил бүр зохион байгуулдаг хэвлэлийн хурал 14 дэх удаагаа болж өндөрлөлөө. Ерөнхийлөгч 3 цаг 43 минутын хугацаанд 53 сэтгүүлчийн 68 асуултад хариулсан байна. Хэдийгээр энэ удаад хэвлэлийнхэнтэй ярилцсан хугацаа, хариулсан асуултынхаа тоогоор өмнөх дээд амжилтаа эвдэж чадаагүй ч энэ жил 1702 сэтгүүлч уг үйл явдалд оролцсон гэдгээрээ амжилт үзүүлэхээр байна. Түүний ярьсан хамгийн чухал сэдвүүдээс хүргэе.
Цөмийн аюул заналхийллийн талаар: Владимир Путин хэвлэлийн хурлын үеэр дэлхий дээр өдгөө зэвсэглэлийг тэвчих, зэвсэглэлийн уралдаан гэсэн хоёр системийн заагт ирээд байна гэжээ. Түүний хэлснээр АНУ Пуужингийн эсрэг хамгаалалтын гэрээнээс гарах нь Оросыг пуужингийн хамгаалалтын эсрэг шинэ систем байгуулах хариу үйлдэл хийхээс өөр аргагүй байдалд оруулж байна гэжээ.
“Орос илүү давуу талтай боллоо гэж бид сонсож байна. Энэ үнэн. Зэвсгийн ийм систем дэлхий дээр байхгүй. Тэргүүлэх гүрнүүдэд ийм систем бий болно. Харин одоохондоо үгүй. Энэ утгаар тодорхой давуу талтай. Гэхдээ бүхэлдээ стратегийн тэнцвэртэй байдалд энэ бол эрх тэгш байдлыг тэнцүүлэх, тэвчих л элемент юм” хэмээн тэрбээр мэдэгджээ.
ЭДИЙН ЗАСГИЙН ХЭМЖЭЭГЭЭР ТЭРГҮҮН БАЙР ЭЗЛЭХ БОЛОМЖ ОРОСТ БИЙ
Тэтгэврийн шинэчлэл, эдийн засгийн асуудлаар: Нэг сэтгүүлч Ерөнхийлөгчөөс тэтгэврийн шинэчлэлээ цуцлах хүсэлт тавьсан байна. Владимир Путин хариуд нь үнэхээр шаардлагатай биш л байсан бол тэтгэврийн насыг нэмэхгүй байсан гэж хариулжээ. Түүний хэлж буйгаар ажилгүй иргэдийн тоо өсөж байгаагаас үүдэн шинэчлэлд өөрчлөлт оруулсан гэжээ.
“2000-аад оны эхээр, дунд үед би тэтгэврийн насыг нэмэгдүүлэхийг эрс эсэргүүцэж ярьдаг байсан. Тухайн үед үүнийг хийх боломжгүй байсан юм. Харин өдгөө бүх зүйл эрс өөрчлөгдсөн. Ажилгүй иргэдийн тоо ажилтаы иргэдийн тооноосоо их чиг хандлагатай байна. Хэрвээ одоо л үгүй бол дараа нь огцом өөрчлөлт хийхээс өөр аргагүй болно. Хэрвээ энэ чиг хандлага гарч ирээгүй бол би хэзээ ч ийм зүйл хийхгүй байсан” гэжээ.
“Үүнийг сайшаан дэмжихгүй гэдгийг би мэдэж байсан. Гэвч яах ч аргагүй” хэмээн Путин хэлсэн байна.
Өдгөө Орост хүн амын дундаж наслалт нэмэгдэж, 72,7-оос 72,9 болсон гэнэ. Тэтгэврийн хэмжээ ч 14163 рубль болж өсчээ. ДНБ-ий өсөлт 1,7 хувьд хүрч, хүн амын бодит орлого ч 0,5 хувиар нэмэгдсэн тухай Оросын төрийн тэргүүн тэмдэглэсэн байна.
Түүний хэлснээр ойрын хоёр жилд эдийн засгийн өсөлт 2 хувьд хүрэхээр байгаа гэнэ. Харин 2021 оноос Засгийн газар энэ өсөлтийг 3 хувьд хүргэхээр төлөвлөжээ.
“Хамгийн гол нь бид эдийн засгийн өөр лигт орох хэрэгтэй” хэмээн Путин онцлон тэмдэглэсэн байна. Тэрбээр эдийн засгийн хэмжээгээрээ тэргүүн байр эзлэх боломж Орост бий гэжээ. Владимир Путин түүнчлэн улсынх нь хий хангалттай байгаа гэж сэтгүүлчдэд хэлээд “Манай хий дуусахгүй” гэж амлажээ.
Украины зөрчилдөөний талаар: Владимир Путин Керчийн хоолойд болсон явдлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Украины засаг захиргаанаас явуулж буй өдөөн хатгалга гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр саатуулагдсан далайчдын цаашдын хувь заяаг шүүхээр шийдвэрлэх гэнэ. Түүнчлэн тэрбээр Орос Керчийн хоолойд усан онгоц дайрч өнгөрөхөд ямар ч саад хийхгүй гэж онцлон тэмдэглэсэн байна.
Хог хаягдлын талаар: 2024 оныг хүртэл хог дахин боловсруулах 200 үйлдвэр барихаар төлөвлөсөн тухай Ерөнхийлөгч мэдэгдлээ. “Бид өмнө нь хэзээ ч ийм зүйл хийж байсангүй. Зөвлөлтийн үеэс эхлэн хэдэн арван жилийн турш хогоо зүгээр л нүх рүү хаячихдаг байсан. Хэн ч ямар ч, бүр өчүүхэн ч атугай дахин боловсруулалт хийж байгаагүй” гэжээ.
ДЭЛХИЙ ЕРТӨНЦИЙГ ЗАХИРАХЫГ ОРОЛДДОГ ШТАБ ХААНА БАЙДГИЙГ БИД МЭДНЭ
Гэрлэлтийн талаар: Владимир Путин гэрлэх эсэхээ үгүйсгээгүй байна. “Тохитой томоотой хүний хувьд би хэзээ нэгэн цагт заавал гэрлэж л таарна” хэмээн мэдэгджээ.
Дэлхийн ноёрхлын талаар: The Wall Street Journal хэвлэлийн сэтгүүлч Оросын төрийн тэргүүнээс дэлхий ертөнцийг захирахыг хүсдэг үү гэж асуужээ.
“Ийм зүйл хийхийг оролддог штаб хаана байдгийг бид мэднэ. Москвад л лав үгүй. Энэ бол АНУ-ын дэлхийн эдийн засаг дахь тэргүүлэх үүрэгтэй, батлан хамгаалах зардалтай холбоотой. АНУ 700 илүү тэрбум ам.долларыг батлан хамгаалах зарцуулж байна. Харин бид 46 тэрбумыг зарцуулдаг. Манайх 146 саяулаа, харин НАТО 600 сая хүн амтай. Тэгэхээр манай зорилго дэлхий ертөнцийг удирдах мөн гэж та үзэж байна уу?” гэв.
Орос дэлхий ертөнцийг захирахыг хүсч байна гэдэг нь өрнөдийнхөн дотоод улс төрийн асуудлаа шийдвэрлэх зорилгоор гаргасан нэг маяг юм хэмээн тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. Мөн тэрбээр ОХУ-ын гадаад бодлогын гол зорилго нь Оросын хөгжилд таатай нөхцөлөөр хангах, “тэгш улсуудын дунд тэгш” байдлаар дэлхийн тавцанд байр суурь эзлэх хэмээн тэмдэглэлээ.
Үнийн нэмэгдлийн талаар: Оросын Ерөнхийлөгч НӨАТ-ын татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор үнэ өсөж, инфляци нэмэгдсэн гэж мэдэгдлээ. Энэ өсөлт оны эхэнд богино хугацаанд хэвийн болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
Социализмыг шинэчлэн байгуулах талаар: Улсдаа социализмыг шинэчлэн байгуулах тухай асуудлыг эрс үгүйсгэсэн байна. “Энэ боломжгүй зүйл гэж би бодож байна. Нийгмийн гүн өөрчлөлтөөс социализмыг шинэчлэн байгуулах боломжгүй болсон гэж төсөөлж байна. Магадгүй эдийн засаг, нийгмийн салбарт нийгэмчлэлийн элементүүд байж болох ч энэ нь орлогоосоо илүү зарлага гаргаж, эцсийн дүндээ эдийн засгийг мухардалд оруулна” хэмээн Путин хэлсэн байна.
СИРИД АНУ-ЫН ЦЭРЭГ ДАЙЧИД ИРСЭН НЬ ХУУЛЬ БУС БАЙСАН ГЭДГИЙГ МАРТАЖ БОЛОХГҮЙ
Сирийн зөрчилдөөний талаар: Исламын улстай хийж буй тэмцэл амжилттай байгаа талаар В.Путин мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрбээр Сирийн газар нутгаас Америкийн цэрэг дайчдыг гаргасан тухай мэдээлэлд тайлбар хийхдээ АНУ тэнд хууль бусаар байсан гэдэгт анхаарлаа хандуулжээ.
“Тэнд Америкийн дайчид байх хэрэгтэй юу? Үгүй, хэрэггүй. Сирид АНУ-ын цэрэг дайчид ирсэн нь хууль бус байсан гэдгийг мартаж болохгүй. Үүнийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр батлаагүй, эсвэл Сирийн хууль ёсны Засгийн газрын урилгаар ирээгүй. Бид Сирид Засгийн газрын урилгаар нь очсон. АНУ-д аль нь ч байхгүй учраас АНУ цэргээ гаргах шийдвэр гаргасан бол зөв шийдвэр гаргасан байна”.
2018 оны гол үйл явдлуудын талаар: Оросын Ерөнхийлөгчийн үзэж байгаагаар улиран одож буй оны гол үйл явдал нь Оросын Ерөнхийлөгчийн сонгууль, тус улсад болсон хөлбөмбөгийн ДАШТ гэжээ.
Эх сурвалж: Газета