ЖДҮ-ийг дэмжиж, хөгжүүлэх ажил 2006 оноос Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн төслөөр хэрэгжиж эхэлсэн байдаг. ЖАЙКА-гийн энэхүү жишиг төслийн зээлийн эргэн төлөлтөөр дараа дараагийн ЖДҮ эрхлэгчдийн үйл ажиллагааг санхүүжүүлж явсан аж
ЖАЙКА анх энэ төслийг хэрэгжүүлэхдээ төсөлд оролцогч арилжааны банкуудын урт хугацааны зээлийн судалгаа хийж, бизнес эрхлэгчдэд төсөл бичих заавар зөвлөгөө өгч, санхүүгийн дэмжлэг авах боломжийг нэмэгдүүлэхэд давхар анхаарч байв.
ЖАЙКА-гийн ЖДҮ-г дэмжих хөнгөлөлттэй зээлийн төсөл хэрэгжиж эхэлснээсээ хойш энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар арилжааны найман банкаар нийт 286.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 825 аж ахуйн нэгжид олгосон байна.
Үр дүнд нь өнөөдөр 22 гаруй мянган хүн ажлын байртай болж, зээл авсан үйлдвэрлэгчдийн борлуулалтын орлого 30 хувиар нэмэгдэж, чанаргүй зээлийн хэмжээ ч бага гэх мэтээр олон эерэг үзүүлэлттэй байгаа юм байна. Нөгөөтэйгүүр, нийт зээлийн 38 хувийг 21 аймагт олгосон ба 60 гаруй хувийг боловсруулах үйлдвэрлэлд олгожээ.
Тухайлбал, Улаанбаатар хот дахь “Янмал” оймсны, Дархан хот дахь “Эсгий гутал”-ын, чацарганы “Шар доктор”, “Оргио” тахиа, “Алтан говь” шоколадны үйлдвэр гэх мэт өдгөө үйл ажиллагаа нь өргөжсөн томоохон үйлдвэрлэгчид энэхүү төсөлд хамрагдсан. “Шар доктор”-ыг Японд экспортолж, тахианы мах, оймс, шоколад нь импорт орлох бүтээгдэхүүн болсон. Энэ хэрээр гадагш урсах валютыг багасгаж, гаднаас орж ирэх валютыг нэмэгдүүлэн ажиллаж байгаа юм.
Төслийн нэг болон хоёрдугаар шатны эргэн төлөлтөөс сард 2.5 тэрбум төгрөг хуримтлагдаж байгаа ба нэг зээлдэгчид олгох зээлийн доод хэмжээ 10 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх төгрөг, дээд хэмжээ нь 600 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх төгрөг гэж зээлийн нөхцөлд заасан байдаг. Энэ төсөлд зээлдэгчийг түүхтэй байх шалгуур чухал биш харин төслийн үр ашиг, ТЭЗҮ-ийг нь зөв тооцсон байна уу гэдгийг л чухалчилдаг аж. Төсөл хэчнээн сайн байх тусам зээл авах боломж улам ихэснэ гэсэн үг.
Гэтэл У.Хүрэлсүхийн Засгийн газар ЖДҮ-ийг хөгжүүлэхэд чиглэгдсэн дээрх зээлийн үйл ажиллагааг арилжааны банкнаас авч, сангаар гаргаж эхэлснээр өнөөдрийн дуулианы үндэс суурь тавигдсан гэж үзэж болно. ЖДҮ-гийн зээл зорилтот эзэддээ хүрч чадалгүй, буруу гараар орсон нь олон нийтэд нэгэнтээ ил болоод буй. Буруутай эздийн зарим нь хийсэн үйлдлээ баталж, уучлалт гуйсан, зээлээ төлсөн гээд өнгөрсөн хоёр сарын дотор улс төрчдийн үнэн төрхийг илчилсэн халуухан үйл явдлууд хангалттай өрнөлөө.
Сүүлд дэлгэгдсэн баримтаар ЖДҮХС-гийн зээлээр боссон гэх Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх өөрөө ЖДҮ-чдийн “Загалмайлсан эцэг” гэх тодотголыг хүртэв.
Энэ мэтчилэн ЖАЙКА-гаас босгож өгсөн ЖДҮ-ийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлийн сангийн хувь заяаг хэн атгаснаас шалтгаалж ямар үр дагавар бий болж болохыг тодорхой жишээнүүд харуулж байна. Тэгэхээр ЖДҮ-ийг санхүүжүүлэх асуудлыг арилжааны банкныхны гарт буцаах уу, эсвэл төрийн эрх мэдэлтнүүдийн гарт үлдээх үү гэдгийг шийдвэрлэх хэрэгтэй болжээ.
Я.ХУЛАН