УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн “Капитал” банкийг Авлигатай Тэмцэх Газраас шалгаж, бичиг баримт хурааж авсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл яг одоо АТГ-т УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас байцаалт авч байна. Тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан “Доктор МЭИК” компаниараа дамжуулан ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн зээл авсан юм. Уг зээлтэй нь холбогдуулан “Капитал” банкны бичиг баримтыг хурааж, шалгаж байгаа аж.
Нийслэлийн Ерөнхий прокурор Д.Баярмагнай “ЖДҮХС-гаас олгогдсон зээл зориулалтын бусаар ашиглагдаж байна уу, үгүй юу, график төлөвлөгөөний дагуу эргэн төлөлт нь хийгдэж байгаа эсэх, тухайн зээл нь гадуур яригдаад байгаатай адил буюу санхүүгийн байгууллагад шилжиж, мөнгө хүүлсэн явдал болоод байгаа юм уу, үгүй юм уу гэдгийг шалгаж байна” хэмээж байсан.
Өмнө нь ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг өөрийн эхнэрийн компаниар дамжуулан зээл авсан учраас АТГ-т очиж байцаалт өгч байсан. Харин Б.Ундармаа гишүүн ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар АТГ-т дуудагдан байцаалт өгч буй хоёр дахь төрийн өндөр албан тушаалтан болж байна.