Олон нийтийн сүлжээгээр Германы канцлер Ангела Меркелийн залуу цагийн нэгэн зураг шуугиан тарьсан билээ. Залуу Меркелийн хажууд хоёр охин сууж буй энэ зураг олон нийтийн сүлжээгээр тархахдаа нэг нь Литва улсын Ерөнхийлөгч Даля Грибаускайте, нөгөө нь Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй байсан гэж баталжээ. Тэгвэл энэ үнэхээр үнэн гэж үү?
Тухайлбал, Time сайтад энэхүү зургийг “18 настай Ангела Каснер (Каснер гэдэг нь Меркелийн хүүхэд насны овог) 1972 онд Берлин дэх Шинэ жилийн баярын үдэшлэгийн үеэр” хэмээн нийтэлсэн байна.
Гэтэл интернэтээр энэ зургийг тараахдаа Германы канцлерын хоёр талд суугаа охид нь Литва улсын ирээдүйн Ерөнхийлөгч Даля Грибаускайте, нөгөө нь Их Британийн Ерөнхийлөгч Тереза Мэй гэжээ.
Зарим мэдээлэлд бүр тэднийг гурвуулаа 1991-1992 онд “Вашингтон дахь Жоржтауны их сургуулийн Олон улсын эдийн засгийн харилцааны дээд сургуульд удирдагчдын хөтөлбөр”-өөр суралцаж байсан болгож таарчээ.
Германы канцлер Ангела Меркель 1954 онд төрсөн, Литва улсын Ерөнхийлөгч Даля Грибаускайте 1956 онд төрсөн гэхээр тэд 1992 онд 38, 36 настай байх ёстой. Гэтэл энэ зураг дээр Ангела Меркелийг 18 настай байсан гэж үзэхээр уг зургийг 1972 онд авсан байж таарах нь.
Жоржтауны их сургуулийн талаар Литва улсын Ерөнхийлөгч Даля Грибаускайтегийн намтарт байдаг. Тэрбээр 1983 онд Ленинградын улсын их сургуулийг “улстөрийн эдийн засаг” мэргэжлээр төгссөн. 1992 онд АНУ-ын Вашингтон хотноо Жоржтауны их сургуульд удирдагчдын хөтөлбөрөөр суралцаж байсан гэдэг. Нийгмийн шинжлэх ухааны доктор зэрэгтэй. Харин тэр үед Ангела Меркель Гельмут Колийн засагт Эмэгтэйчүүд, залуучуудын асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан гэнэ.
Тиймээс энэ зураг “худал” гэдгийг хамгийн түрүүнд Украины дипломатч Дмитрий Кулеба мэдэгдсэн байна.
“Энэ зурагтай мэдээлэл хоёр долоо хоногийн турш миний хуудсанд харагдлаа. Шүүмжлээд хэлэхэд энэ нь 1991-1992 оны зураг юм бол Меркель энд 37 настай, Мэй, Грабаускайте нар 36 настай байх ёстой. Гэтэл тэд ийм настай байхаар харагдахгүй байна” хэмээн тэрбээр Facebook хуудсандаа бичжээ.
Харин The Snopes уг баримтыг шалгаж үзэхээр шийдсэн байна. Сэтгүүлчид Тереза Мэйн 1971 онд буюу энэ зургаас нэг жилийн өмнө авахуулсан зургийг харьцуулан үзээд, гурван охинтой зураг дээр Тереза Мэй алга гэсэн дүгнэлтэд хүрчээ.