Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг УИХ-аар эцэслэн хэлэлцсэн Баасан гарагийн үйл явц шинэ долоо хоногт шууд нөлөөгөө үзүүлэв. Ингэхдээ улс төрд өмнө үзэгдэж байгаагүй янз бүрийн этгээд үйл явдлыг дагууллаа. Гэхдээ улс төрийн нөхцөл байдлын тухай халуун мэдээг Даваа гарагт уламжлал ёсоор МАН биш АН эхлүүлэв.
АН-ын дарга болон АН-ын УИХ дахь бүлгийн дарга нар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахгүй хэмээн кноп дарсан УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаас хөөж, Л.Болд, Д.Мурат хоёрын УИХ-д нэр дэвших эрхийг дөрвөн жилээр хаслаа.
Ихэнх хүн Л.Болд АН-аас гарахаа мэдэгдэн С.Эрдэнэд өргөдлөө өгч, АН-ыг УИХ-д бүлэггүй болголоо хэмээн тайлбарлаж байна. Гэвч Ж.Батзандангийн үйлдэл, Л.Болдын энэ нүүдлийг ч АН-ын дарга хүлээж байсан. 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө ямар ч хамаагүй үнээр Ерөнхийлөгчийн зүг гүйдэлтэй болсон эдгээр гишүүдээс нэг мөр салах нь ашигтай гэж тэр үзсэн байж болох талтай.
Сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах ажил ид өрнөхөд Ерөнхийлөгчийн оролцоо, сонирхол хэт өндөр байх, дэмжигчдээ нэр дэвшүүлэхээр шахах, өдөөн хатгалагтай байх зэрэг нь 2020 оны сонгуулийн ялагч болно гээд тооцож суугаа АН-ын даргад яршиг удах нь тодорхой.
МАН-ын УИХ дахь том бүлэг хоёр задарч, томоохон тэмцэл өрнүүлж байгаагийн дэргэд АН бүлэгтэй байна уу, байхгүй юу гэдэг асуудал тийм ч чухал биш. Ирээдүй харин чухал. С.Эрдэнэ ийм тооцоо бодоод Ерөнхийлөгч рүү хадаг барин гүйх нэг гишүүнээ хөөж, нөгөөг нь сайн дураар нь “тонгочуулах” шиг болов.
НЭГ ЖДҮ-ЧИН БИШ, ХОЁР ЖДҮ-ЧИН САЙДЫН ОРОНД ХЭН ТОМИЛОГДОХ ВЭ?
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар хоёр Даваа гарагт нэг цагийн зөрүүтэй мэдээлэл хийж, албан тушаалаасаа татгалзсан нь түгшүүрийн дохио Засгийн газраас холдоод явчихаагүй шүү гэдгийг сануулсантай дүйх юм болов. Ц.Цогзолмаа Ерөнхий сайдаа огцруулахыг дэмжсэн У.Хүрэлсүхийн танхимын цорын ганц сайд.
ЖДҮ. Энэ бол Засгийн газрыг ичээж, зовоож, сандал дээр нь тавьсан хадаас шиг өвтгөж байгаа том шаналан. Энэ үг зарим сайдыг одоо ч бүтэн нойртой хонуулахгүй зовоож буй. Одоо Засгийн газарт нэг ЖДҮ-чин биш, хоёр ЖДҮ-чин сайдын орон тоо суларсан. Нэг нь аль хэдийнэ эзэнтэй болсон, Ч.Улаанд өгнө гээд амалчихсан. Харин томилгоо удааширч мань хүн “шар махтайгаа хатаж” байх шиг.
Засгийн газрын хоёр гишүүний суудлыг У.Хүрэлсүх одоо ЖДҮ-чин гишүүдээр бөглөх үү, аль эсвэл танхимыг нь аврахын тулд кноп дарсан гишүүдээр нөхөж, давхар дээлтэй сайд төрүүлэх үү. МАН дотор сайдтай болохыг хичээсэн, энэ уралдаанд түрүүлэхийг хүсч буй фракцууд байна. Гэхдээ энэ хоёр хувилбарын аль ч нь У.Хүрэлсүхэд сайн нэр авчрахгүй. Ч.Улааны томилгоо шиг гашуун үг дагуулах нь ойлгомжтой.
У.Хүрэлсүхэд улс орноо гэсэн сэтгэл, мэдрэмж байдаг уу. Эсвэл тэр улс төрийн бүлэглэлүүдийнхээ нөлөөнөөс ангид байж чаддаггүй, тэднийг аргадан, албан тушаалаар түр торгоодог ердийн нэг улстөрч үү гэдгийг эдгээр томилгоо харуулах болно.
ОДОО ЭДИЙН ЗАСАГЧДЫН ЭЭЛЖ
ЖДҮ-чин сайд нараас салахад хэвлэл мэдээллийнхэн өндөр үүрэг гүйцэтгэсэн. Тэд ЖДҮ-ийн асуудлыг ул суурьтай сайн хөөж илчилсэн. Дагаад нийгэм нэлээд идэвхижлээ. Өнгөрөгч долоо хоногт хуульчид хурж жинхэнэ жижиг, дунд үйлдвэрлэгчид, ард иргэдийнхээ боломжийг боомилсон ЖДҮ-чин улс төрчид аль хуулийн ямар, ямар заалтыг зөрчсөн болох. Тэднийг даврааж байгаа хуулийн заалтууд юу болох, тэд ямар хуулиар шийтгэл хүлээх ёстой вэ гэдгийг халуухан авч хэлэлцлээ.
Одоо эдийн засагчдын хийх ажил үлдээд байна. ЖДҮ-ийн зээл, ЖДҮ болон бусад 20 гаруй санд төсөвлөдөг улсын төсвийн хөрөнгийн задаргааг хийж, ард иргэдэд ирэх ёстой ийм дэмжлэгээр, энэ боломжоор хэдэн аж ахуйн нэгж, хэдэн жилийн дотор хөл дээрээ босох вэ. Монгол Улс гурван сая иргэний амьжиргаа хэдэн жилийн дотор сэргэх вэ. Энэ тайлан, хэлэлцүүлэг, мэдээллийг нийгэм санхүүчид, эдийн засагчдаас хүлээж байна.
УЛС ТӨРИЙН ЭРҮҮГИЙН НӨХЦӨЛ ХҮНДЭРЛЭЭ
Гадаа -40 хэм шүргэн хүйтэрч байхад Төрийн ордоны улстөржилт +40 хэмээс дээш халж байгаа. АН-аас хөөгдсөн Ж.Батзандан, намаасаа гарахаа зарласан Л.Болд, МАН-ын бүлгийн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар УИХ-ын даргыг огцруулна хэмээн суулт хийж, дөнгөж саяхан Засгийн газраа аварч үлдсэн сайд нар, ЖДҮ-чин голдуу гишүүд чуулганы хуралдаанд суухгүй “бойкот” зарлаад буй.
УИХ-ын дарга огцрохгүй бол тэмцлийн хатуу хэлбэрийг сонгоно гэж тэд бас хэлсэн байгаа. Монголын парламентын түүхэнд ийм хэллэг, хэлэлцээрүүд өмнө нь болж байгаагүй. Гудамжинд жагсагчдийн хувьд тэмцлийн хатуу хэлбэрийн тухай ярих нь бий.
Засгийн газрыг огцруулах дуулиан, үүнээс хойш үүссэн асуудлууд улс төр дэх эрүүгийн нөхцөл байдлыг нэлээн хүндрүүлж байна. Монгол төрийн тогтсон дэг жаяг руу нулимсантай дүйх үйлдлийг гишүүд ил тод хийдэг болов. Эзэнтэй, эзэнгүй улстөржсөн жагсаал цуглааны бүдүүлэг үг хэллэг хууль тогтоох дээд байгууллагын танхимаас, гишүүдээс цуурайтах нь Монгол Улсын нэр хүндийг гадаад, дотоодод улам бүр унагахад нэмэр өгөх нь ойлгомжтой. Энэ тухай гадны хэвлэлүүд ч хэдийнэ бичээд эхэлжээ.
УИХ бол ард түмний сонгосон хууль тогтоох дээд байгууллага. Хууль тогтоох дээд байгууллагаа үймээний талбар болгохыг зорьж буй гишүүдийн энэ үйлдэл нь харин Үндсэн хуулийн биш аргаар төрийн эрхийг хууль бусаар булаан авах гэсэн оролдого. Хуульчид бол ийм тайлбарыг өгч байгаа юм. Эндээс улс орон үймж бужигнах нь хэнд ашигтай вэ? гэсэн асуултад нийтээрээ хариу хайх цаг болсныг харуулж байх шиг.
Ирэх долоо хоногт МАН-ын бүлгийг хоёр хуваасан 60 тэрбумын асуудлаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцүүлэг хийх асуудлыг хөндөж эхлэх шинжтэй байна. Зэрэгцээд УИХ-ын Ёс зүйн дэд хороо нийгмийг бухимдуулсан ЖДҮ-чдийн асуудлыг хэлэлцэх эсэхээ ярих болов уу. Эдгээр нь нийгмийн хувьд хариулт нэхэн, хүлээгдэж байсан асуудлууд юм. Үймэн бужигнаж буй улстөрчид үүнд хэрхэн хандахаас тэдний үнэн төрх дахин тод томруун харагдах биз ээ.
ШАТАХУУНЫ ҮНЭЭС ХАСАГДСАН 100 ТӨГРӨГ = 4 ЦЕНТ
Өнгөрөгч долоо хоногийн бүх үйл явдал бас хэт улс төржсөн бараан байсангүй. Засгийн газраа торгоон тогтоосон ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, салбарын сайдтайгаа мэдэгдэл хийж, шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгана, ам.долларын ханшийг ч бодолцоно гэв. ЖДҮ-гээс болж нэр хүнд нь унасан Засгийн газраа сайшаалгах, иргэдээс оноо цуглуулах ажил эхлэв хэмээн зарим нь тайлбарлаж байна. Нөгөө нь харин үүнийг байх ёстой, болох ёстой зүйл гэж хүлээн авч байна.
Шатахууны үнэ 5-6 удаа дараалан нэмэгдэхэд Засгийн газар ямар ч арга хэмжээ аваагүй. Ам.долларын ханш чангарахад ч сөрөг арга хэмжээ аваагүй. Дэлхийн зах зээл дээр ам.доллар, нефтийн ханш буурч байхтай зэрэгцүүлж, дотоодын зах зээлд шуурхай арга хэмжээ авч байгаа Засгийн газарт бага зэрэг талархалтай хандаж болох юм.
Гэхдээ шатахууны үнээс хасагдсан нэг литр тутмын 100 төгрөг нь дөрвөн центтэй ч тэнцэхгүй. Шатахуун, долларын ханш буулаа, буулаа гээд нэгэнт өссөн өргөн хэрэглээний бараа бүтээхүүний үнэ буухад, өөрчлөхөд нөлөө үзүүлэхгүйг мартаж болохгүй.
Эх сурвалж: ikon.mn