Сүүлийн жилүүдэд Монгол Улсын малын тоо тасралтгүй өсч бараг 80 саяд хүрээд байна. Энэ нь эдийн засаг талаасаа ашигтай ч хэт олон мал бэлчээрийг доройтуулж байгальд төдийгүй зэрлэг амьтдад ч сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Мал хувийн өмч тул тоог нь бууруул гэж шууд үүрэгдэх боломжгүй байдаг. Харин бэлчээр доройтохын хор холбогдлыг амьжиргааны эх үүсвэртэй нь холбож ойлгуулах ажил их чухал. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас энэ чиглэлээр малчдад хандсан сургалт сурталчилгааны ажил тогтмол хийж ирсэн нь эхнээсээ үр дүн гарч малчид бэлчээрээ хамгаалах тал дээр анхаарал хандуулдаг болжээ.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар талуудтай хамтран “Малчдаа сонсъё” уулзалт хэлэлцүүлгийг Алтай Соёны бүс нутаг дахь Ховд, Говь-Алтай аймгийн зарим сумдад зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалтыг харилцан санал солилцох, ярилцах аргаар явуулсан нь оролцогчдын сонирхлыг татаж бэрхшээлтэй асуудлаа илэн далангүй ярих боломжийг нээж өгсөн юм. Энэ үеэр санал асуулга явуулсан бөгөөд малчдын 70 гаруй хувь нь бэлчээр ашиглахдаа хураамж төлөх саналыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Санал асуулгад Говь-Алтай аймгийн 7 сумын 150 гаруй мянган мал бүхий 325 малчин оролцож саналаа өгчээ.
“Олон малтай байх нь бэлчээрийн талхагдал үүсгэдэг. Тиймээс бэлчээрийг оновчтой бодлогоор, хувиартай ашиглах нь чухал гэдэгтэй санал нэг байна. Бас бэлчээр ашиглахдаа тодорхой хэмжээний хураамж төлөх нь зүйтэй” гэж малчдын олонх нь хэлж байлаа. Малчдын олонхи нь дэмжиж байгаа учир бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам боловсруулахаар ажлын хэсэг байгуулсан байна. Малчдын төлсөн хураамжаар сан байгуулах бөгөөд бэлчээрийг сайжруулахад зарцуулахаар төлөвлөжээ.