Ажлаасаа халагдсан эмэгтэй өөрийгөө шатаан амь насаа егүүтгэсэн харамсалтай хэрэг өнгөрсөн сарын 28-нд Завхан аймгийн Идэр суманд гарсан. Олныг цочирдуулсан энэ явдалд сумын ЗДТГ-ыг буруутгаж буй юм. Талийгаач эмэгтэй сумын ЗДТГ-ын нягтлангаар 28 жил ажилласан бөгөөд өнгөрсөн сарын 14-нд ажлаасаа чөлөөлөгджээ. Энэ шийдвэрийг хууль бус гэж үзсэн эмэгтэй өөр дээрээ бензин цацаж, гал тавьсан юм. Хэсэгтээ намжаад буй энэ хэргийн талаар өнөөдөр (2017.04.13) амиа алдсан эмэгтэйн ар гэрийнхэн, өмгөөлөгч нь мэдээлэл хийлээ.
Талийгаачийн нөхөр Ш.Батбаатар, талийгаачийн төрсөн ах н.Эрдэнэцогт, нагац ах С.Доржсүрэн болон өмгөөлөгч Б.Батмөнх нар дээрх хэрэгтэй холбоотой буруу ташаа мэдээлэл олон нийтэд цацаж байгаа тул бодит мэдээллийг хүргэхээр хэвлэлийн бага хурал зарласнаа мэдэгдлээ.
Талийгаач эмэгтэй ажлаасаа халагдахаас өмнө сэтгэл санааны гүн дарамтанд орж байжээ. Түүний оронд албан тушаалыг нь хашиж буй одоогийн Засаг даргын орлогч н.Болдбаатарын эхнэр С.Нямжав нь талийгаачийг ажлаа өгөөгүй байхад нь ирж ажлаа хурдан өг гэж дарамталдаг байсан гэнэ. Энэ нь С.Тэгшжаргалыг амиа хорлоход хүргэх нэг шалтгаан болжээ. Иймд ар гэрийхэн нь шүүхэд дээрх хоёр асуудлаар хандахаар болжээ.