Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв “Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан”-г Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Азийн сангийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэжээ. Тус судалгаа нь нийслэл хот болон дүүргүүдийн хөгжлийн түвшинг цогц байдлаар үнэлсэн анхны бүрэн хэмжээний судалгааны тайлан болсноороо онцлогтой аж. Өнөөдөр судалгааны үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотод улсын хүн амын тал хувь нь оршин суудаг, эдийн засаг нийгмийн аж амьдрал төвлөрсөн томоохон хот гэдэг утгаараа хөгждийн ямар шатанд гарах вэ, иргэдийнхээ ая тухтай амьдрах орчин нөхцлийг яаж сайжруулах вэ гэдэгт анхаарал хандуулах шаардлага байнга тулгардаг. Тиймээс бид нийслэл хотоо иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан, үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, олон улсад өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэх зорилт тавьсан. Энэхүү зорилгодоо хүрэхэд иргэдийн дуу хоолойг сонсох, нөхцөл байдлыг бодитойгоор үнэлэх, судалгаанд суурилсан оновчтой ул суурьтай шийдвэрүүдийг гаргах нь чухал юм. Энэ удаагийн судалгаа бидний цаашдын ажилд ихээхэн ач холбогдолтой гэж харж байна. Нийслэлийн иргэдийн дуу хоолойг сонсох, түүнд тулгуурлан Улаанбаатар хот, дүүргүүд хөгжлийн түвшнээ тогтоох, төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой хуваарилах, үр дүнтэй төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд үнэ цэнэтэй мэдээллийн эх үүсвэр болно гэж бодож байна.” хэмээлээ.
Судалгааны зорилго
Судалгааны үндсэн зорилго нь Улаанбаатар хотын болон 9 дүүргийн өрсөлдөх чадварыг хэмжих, өрсөлдөх чадварын давуу, сул талууд, түүнийг сайжруулахад тулгарч буй бэрхшээлүүдийг гаргаж ирэхэд оршино.
Судалгааны үр дүнд үндэслэн дүүрэг, нийслэлийн удирдлагуудыг бодитой мэдээллээр хангах, дүүрэг, нийслэлийн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд ашиглахуйц иргэдийн оролцоог хангасан, өргөн цар хүрээтэй мэдээллийн санг бий болгоход судалгааны зорилго хамаарна.
Дүүргүүдийн өрсөлдөх чадварыг хэмжих нь
Дүүргүүдийн өрсөлдөх чадварыг хэмжихдээ амьдралын чанар, амьдрах орчин, аюулгүй байдал, засаглал, эдийн засаг гэсэн таван үндсэн бүлгийн хүрээнд нарийвчлан тодорхойлсон нийт 150 шалгуур үзүүлэлтээр хэмжсэн байна.
Эдгээр шалгуур үзүүлэлтүүдийн мэдээллийг дүүргүүдийн албан ёсны статистик мэдээлэл болон өрхийн асуулгын мэдээллээр цуглуулжээ.
Судалгааны ерөнхий үр дүнгээс
Шалгуур үзүүлэлтүүдийг ашиглан өрсөлдөх чадварын индексийг Улаанбаатар хот болон 9 дүүрэг тус бүрийн хувьд тооцсон. Дүүргүүдийн өрсөлдөх чадварын индекс нь 0-1 хооронд утга авах утгын дарааллаар дүүргүүдийг эрэмбэлсэн. Энд индексийн утга 0 бол өрсөлдөх чадвар сул, 1 бол өрсөлдөх чадвар өндөр гэж ойлгож болно. Тухайлбал:
Судалгааны тайлангаас дүүргүүдийн өрсөлдөх чадварын ерөнхий индексээс гадна өрсөлдөх чадварын 5 бүлгийн индексүүд, Улаанбаатар хот болон дүүрэг тус бүрийн өрсөлдөх чадварын төлөв байдал, давуу, сул тал, тулгамдаж буй асуудлууд зэргийг харах боломжтой байна. Судалгааны зорилго нь дүүргүүдийг өрсөлдүүлэхдээ биш харин хөгжлийн ялгаа хэр их байна, өрсөлдөх чадварын өнөөгийн түвшин ямар байна, давуу болон сул тал нь юу вэ гэдгийг гаргаж ирэхэд чиглэжээ. Тайланг www.ecrc.mn цахим хуудаснаас үзэх боломжтой байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.