Албан тушаалаа хамгаалж, алалдахаас наагуур тэмцэж байж У.Хүрэлсүхийн Засгийн газар тогтож үлдлээ. Хичнээн өдөр зөвхөн албан тушаалын төлөө хэрүүл тэмцэл хийж, хичнээн өдөр зөвхөн бусдаас бурууг хайлаа. “Ард түмэн миний талд байгаа” хэмээн сүгсэлзэх Ерөнхий сайд энэ хэд хоногт ард түмнийхээ өмнөөс гал тавьж орхилоо.

Түүнийг албан тушаал, эрх мэдлээ хадгалан үлдэхийн төлөө амь хайргүй тэмцэж байх хойгуур ам.долларын ханш 2700 төгрөгт дөхлөө. Дагаад бүх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ дийлдэхээ болив. Дэлхийн зах зээлд нефть, газрын тосны үнэ огцом буурсаар байхад манайд дээшилсээр байна. Өнөөх “надтай хамт” гээд байгаа ард түмэн нь үнийн өсөлтөд нуруугаа хотойтол даруулж, утаандаа угаартан байна. Үүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх анзаарах нь бүү хэл, ялалтын найрандаа тансагланхан байгаа биз ээ.

Уг нь иргэд энэ засгаас нэг их зүйл хүсээгүй. “Аятайхан амьдрах боломжийг маань хангаад өгөөч ээ” л гэж сонгосон. Харамсалтай нь, өнөөдүүл нь өөрсдөд нь очих ёстой байсан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгийг хуйгаар нь хуваагаад идчихсэн. Сайдууд төдийгүй гишүүд хүртэл хувааж идэлцсэн байна. Үүнээс Засгийн газар УИХ-ын гишүүддээ өөрийн мэдлийн сангуудаараа дамжуулж авлигаддаг юм биш үү гэсэн ойлголт олон нийтэд төрсөн.

Тиймээс авлигажсан Засгийн газар, сайдууд байх нь зөв үү, тэдэнд хариуцлага тооцох ёстой гэх уур амьсгал нийгэмд тархаж, олны дургүйг чинээнд нь тултал хүргэсэн нь үнэн юм. Шударга ёс нэхсэн олны дургүйцлийн давалгаа У.Хүрэлсүхийн Засгийн газрыг золтой л хөмөрчихсөнгүй. Ёсзүйтэй, үүрэг хариуцлагаа ухамсарладаг нийгэмд бол уучлал гуйгаад огцордог ёстой. Дэлхийн соёлт хүн төрөлхтөн, тэдний төр засаг нь ганц гишүүн нь буруу үйлдэл гаргасны төлөө огцордог гэдгийг бид харж л байна.

Харин манайд бүх зүйл эсрэгээрээ. Хулгай хийсэн сайд нар өөрөө өөрсдийнхөө төлөө кноп дарж, Засгийн газраа хамгаалж үлдлээ. Шударга ёс, ардчилал, хүний эрх ярьсан эрхэмүүд маань худалч, хулгайчууд байжээ гэдгийг нийтээрээ харлаа. Тэгсэн ч гэсэн тэд маань “Бид шударга” гэж ичих ч үгүй гүрийж байгаад зөөлөн суудалдаа үлдсэн нь ичгүүртэй. Хариуцлага амлаж гарч ирсэн У.Хүрэлсүхийн сайхан амлалтууд шударга ёс тогтоох эхний шалгуурт ийн замхарч алга боллоо.

Ийм Ерөнхий сайд, ийм Засгийн газраас бид одоо шударга ёс, зөв үйлдэл гарна гэж саналтгүй боллоо. ЖДҮ-ийн хулгайч Засгийн газраас хэн одоо хариуцлага нэхэж, хэн олон түмний эрх ашгийн төлөө дугарах юм бэ гэдэг асуулт үлдлээ. Бүтэн жил Ерөнхий сайд хийчихээд эдийн засгийн талаар хоёр тоо хэлэхгүй мөртөө “Би айхгүй байна, шоронд хийнэ, шонд өлгөнө, хөөнө тууна” гэж авирлаж байгаа нь их л танил технологи санагдаж байна. Өнөөдөр У.Хүрэлсүхийн Засгийн газар огцроогүй ч хариуцлага тооцох асуудал хэвээр үлдлээ. Санал хураалт сануулга боллоо. АН-ын Л.Болд, Ж.Батзандан нарын сөрөг хүчний саналаар л тогтож үлджээ. Энэ бол 65 суудалтай намын хувьд ичгэвтэр хэрэг.

У.Хүрэлсүх Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга. Тэр шударга ёс нэхсэн, хариуцлага сануулсан, ёсзүйтэй байхыг тулгасан бүлгийн дарга Д.Хаянхярваагаа огцруулчихсан. Хотын дарга С.Батболдыг огцруулах шаардлага тавьж, өнөөх нь ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчихсөн. УИХ-ын дарга М.Энхболдыг ажлаа өг гэж шахаж байна. Өөрт нь зүй ёсны шаардлага тавьсан хэнийг ч тэр харлуулж, шахаж, дарамталж байна. Гэтэл ЖДҮ-д нэр холбогдсон сайдууд нь ширэн нүүрлэчихээд байж л байна. Түүнээс ЖДҮ-ийн зээл авсан гишүүд шударга ёс яриад сууж л байна.

УИХ-ын дарга М.Энхболд саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Надад хариуцлагаас зугтаад, УИХ-ын даргын албан тушаалд шигдээд суух бодол байхгүй. Би Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байгаад улс төрийн нөхцөл байдлыг үнэлж, өөрөө өргөдлөө өгч огцорч байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хариуцлагагүй оролцсоноо хүлээн зөвшөөрч, МАН-ын даргын албан тушаалыг өгч байсан. Надад төрийн өндөр албан тушаалд шигдэж, суугаад байдаг зан байхгүй. Харин хариуцлага тулгарсан үед ажлаа өгөөд явах нь хариуцлагаас зугтааж байгаа хэрэг гэж боддог” гэж ярьжээ. Энэ үгийг шударга ёс ярьж дүр эсгэсэн хүмүүст зориулсан бололтой. Ард түмний мөнгөнөөс хулгай хийсэн ЖДҮ-чдэд хариуцлага тооцох тухай ярьжээ гэж ойлгохоор байна.

Цагтаа М.Энхболд гэдэг хүн УИХ-д 26 суудалтай байсан МАН-ыг сонгуульд удирдан орж 65 суудал авч ирсэн нь бодит үнэн. Одоо ертөнцийн бүх л хар барааныг түүнд нялж нааж байгаа У.Хүрэлсүх тэргүүтэй нөхдүүд энэ хүний ажлын үр дүнд л эрх мэдлийн оройд хүрсэн. Харин У.Хүрэлсүхийг “нэг суудал алдана” гэж айгаад УИХ-д нэр дэвшээгүй гэлцэх юм билээ.

М.Энхболд гэдэг хүнийг өдгөө баруун солгойгүй муулж, мөр зэрэгцэн хамтарч явсан нөхөд нь түүн рүү зохион байгуулалттайгаар нулимж байна. Энэ кампанит ажилдаа мөнгө ч харамгүй цацаж байгаа бололтой. Монголд М.Энхболдоос муу хүн алга гэнэ. 60 тэрбумын хэрэгт түүнийг буруутгаж байна. Бараг л мафийн толгойлогч шахуу юм бичиж, нийтэд түгээж, харлуулж байна. 60 тэрбум төгрөгийг хэн өнөөдөр түүнд өгөөд албан тушаал, эрх мэдэлд хүрсэн юм.

Яриа төдий зүйл. 60 тэрбумын тэр бичлэгээс сонсоход энэ төлөвлөгөөг боловсруулсан хүн нь өнөөх Г.Доржзодов, Ц.Сандуй, А.Ганбаатар нар. Магадгүй М.Энхболд болон намын удирдлага түүнийг нь сонссон байх гэж тааж байна. Сонссон нь буруутан болно гэж байх уу. Төлөвлөгөө яригсад л ёсзүйн хувьд буруутай. Ярьсан Ц.Сандуй НИТХ-ын дарга, нийслэлийн намын даргаасаа буугаад жирийн иргэн болсон. Ганбаатарыг ч намаас нь хөөсөн дуулдсан. Гэтэл Доржзодовыг яагаад шалгадаггүй юм бол. 60 тэрбумын дэргэд ЖДҮ-гийн хулгайчид бол нэр устайгаа, баримт нотолгоотойгоо гарч ирсэн хэрэг.

Төрийн гурван өндөрлөгт цөөнх болж буй М.Энхболдыг одоо явуулж болохгүй. Хэрэв энэ цаг үед УИХ-ын дарга М.Энхболд ажлаа өгвөл ЖДҮ-чин гишүүд, сайд нар өөрсдийгөө хамгаалах, чих зөөлөн нэгнийг УИХ-ын дарга болгоно. ЖДҮ-чдэд хариуцлага тооцсон нэр зүүгээд л өнгөрнө. Эсрэгээрээ М.Энхболд энэ албан тушаалдаа байх юм бол ЖДҮ-чдэд жинхэнэ утгаар нь хариуцлага тооцно, шахна.

Ер нь М.Энхболдоос өөр тэдэнтэй хариуцлага ярих хүн одоохондоо харагдахгүй байна. Засгийн газар ажлаа хийхгүй болохоор УИХ ажлын хэсэг гаргаж шалгаж байна гэсэн. Эрдэнэтийн 49 хувь, Оюу толгой, Төмөр замын 280 сая ам.доллар, АСЕМ, ЖДҮ-ийг УИХ-аас шалгаж нэг талд нь гаргахгүй бол эрх ашиг нэгтэй нөхөд үүнийг замхаруулна.Дээрх асуудлуудыг шийдүүлж, хариуцлага тооцуулж байж л явуулах хэрэгтэй. Одоо “амиа бодоод явах цаг биш” гэж М.Энхболдод сануулъя. Ард түмэн 2016 онд чамд итгэж 65 суудал өгсөн. 2020 онд хариуцлагаа чамаас л нэхнэ.

М.Энхболд муу хүн байж болно, буруу зүйл хийж ч байсан биз. Гэхдээ алив зүйл хэрээс хэтрэхээрээ утгаа алддаг. Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг илтэд санаархан, ил далд ийм суртал ухуулга хүчтэй өрнөж байгаа энэ үед Монголын парламент хүчтэй, бат бөх байх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь хүртэл парламентыг тараана гэж зарлан тунхаглаж байгаад нийтээрээ болгоомжтой сэрэмжтэй хандах ёстой. Манай улсын тусгаар тогтнол, ардчилал, хүний эрхийн баталгаа нь парламентын засаглал.

Одоо У.Хүрэлсүх минь хөлсний бичээч нараа түр амрааж, кабинет дотроо хариуцлагаа ярь. Шударга ажилла. Нам бүлэглэл, амин хувийн эрх ашгаа хойш нь тавиад Монголын ард түмний төлөө санаа тавиад өгөөч. Эрх мэдлийн төлөөх дайнаа зогсоож эв нэгдэлтэй ажиллах хэрэгтэй байна. Засгийн газрыг асуудлаа оруулаад ир, ярьсан хэлснээ хий гэж шахах байгууллага нь УИХ. Энэ байгууллагын толгойлж байгаа М.Энхболд харин шарандаа хариуцлагагүй гишүүдэд нь хариуцлага тулгаж, Ерөнхий сайдыг ажлаа хийхийг гозойтол нь шахах биз. Ард түмэнд ийм л байдал хэрэгтэй байна. Ажлаа хий, шударга бай. Дахиж хулгай хийлгэхүйн тулд хулгай хийсэн хүмүүстээ хариуцлага тооц. Ийм жишиг тогтоо.

Төр төвшин болж, хариуцлага, шударга ёс тогтож, эмх замбараагаа олоод ирвэл “надад төрийн зөөлөн суудалд шигдээд суух зан байхгүй” гэж наад хүн чинь хэлсэн байна, У.Хүрэлсүх ээ.

Эх сурвалж: 

 

By updown

5 thoughts on “Одоо “амиа бодоод явах цаг биш” гэдгийг М.Энхболдод сануулъя”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн