Ерөнхий сайд хийгээд МАН-ын дарга У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ удаад тэсэж үлдлээ. Гэхдээ үлдсэн нь үнэн, үргэлжлүүлж ажиллах нь тодорхой ч ирэх өдрүүдэд Монголын, тэр дундаа МАН-ын зөрчил малгайндаа багтаж, улстөрчдийн хагарал хөнжилдөө эвлэрнэ гэж итгэхэд хэцүү. Учир нь, УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахын төлөө кноп дарах эхний тохирооноосоо буцсангүй.
Хамгаалахаа зарласан УИХ-ын МАН-ын бүлгийн 36 гишүүн ч байр сууриа өөрчилсөнгүй. Энэ бол хойшид үргэлжлэх зөрчлийн шалтгаан. Эндээс харахад тэд эвлэхгүй байж мэдэх нь. Гэхдээ Монгол Улсын төр үргэлжлэн ажиллах ёстой. Өнгөрсөн арав гаруй хоногийн хугацаанд ажил алба нь дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж буй сургаар хойргошиж, бултсан төрийн албан хаагчид ажлаа хийх ёстой. Ялалтын чимээ үнэрлэж, албан тушаалын эрэлд гарсан МАН-ын гишүүд ч сонирхлоо дарах хэрэгтэй. Эс бөгөөс У.Хүрэлсүхийн Засгийн газар ч, МАН ч ялагдалтай сайн дураараа rap барьсантай адил зүйл болно.
Магадгүй ийн бичихээр зарим хүмүүс орсон борооны араас цув нөмрөх гэдгээр тайлбарлаж болно. Гэсэн ч МАН-д ч, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ч ажиллах цаг хугацаа нь сонгуулийн жилийн хэмжүүрээр ердөө хоёр жил хүрэхтэй үгүйтэй үлдсэн гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч, олон нийт ч, намынх нь гишүүд ч өглөө бүр, өдөр бүр, цаг минут бүр сануулах учиртай юм. Учир нь, сошиал ертөнцөд өнгөрсөн баасан гарагийн санал хураалтын дүнг мөнхийн ялалт мэтээр эндүүрэн хөөрөгсөд хэтэрхий олон байгаа харагдсан. Тэр хэрээр, ялалт, ялагдал хоёрын үнэлэмж буурч, МАН-ын дотоод хэрүүлд ирэх өдрүүдийг золиосолж орхивол харамсалтай хэрэг болох нь мэдээж.
Гэхдээ тэрхүү харамсал нь, МАН болоод Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ирж болох сонгуулийн ялагдал биш юм. Тодруулбал, Сангийн дэд сайд Х.Булгантуяа өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсанчлан гурван монгол хүний нэг нь ядуу байгаа энэ дүн хоёр жил хүрэхгүй хугацааны дараа “Хоёр хүний нэг нь ядуу” гэсэн ангилал руу орвол яах вэ гэдэгт байгаа юм. Тэр цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх ядуурлын эсрэг сэлэм эргүүлэх бүү хэл дайн зарлаад ч тусыг олохгүй. Тэр цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ыг цэвэрлэж, ёс зүйн ариун цэврийг сахиулдаг боллоо гээд ч үр дүнд хүрэхгүй. Тэр цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх шударга ёсны тухай уриа лоозонг Сүхбаатарын талбайд ч, Төрийн ордонд ч өргөж бариад сайныг бүтээж чадахгүй. Энэ бол бодит үнэн.
Иймд өнөөдрөөс эхлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс “Үлдээсний үнэ” буюу үлдсэний төлбөрийг нэхэцгээе. Хэдийгээр бүх монгол хүн санал өгч, түүнийг гүйцэтгэх засаглалын тэргүүнээр үлдээгээгүй ч, өнгөрсөн 30 орчим жилийн турш Монголын улс төрд мандаж, манлайлж явахад нь саналаа, итгэлээ өгч ирсний хувьд төлбөр авах эрхтэй ард түмэн юм. Өөрөө ч УИХ-ын чуулганы танхимд үүнийг нотолсон гэдгийг тодотгох хэрэгтэй. Учир нь, тэрбээр Засгийн газрыг огцруулах санал хураалтын өмнө “Надад цаг хугацаа маш чухал байна.
Хоёр зүйл л хэлье. Нэгд, шударга ёсыг тогтоохын төлөө бүх чадлаа дайчлан ажиллана. Хоёрт, эдийн засгаа сэргээхийн төлөө бүх чадлаа дайчлан ажиллана” хэмээн өөрийн үгийг хэлсэн. Энэ бол бидний нэхэх ёстой үнэ, түүний төлөх ёстой төлбөрийн баталгаа. Өөрөөр хэлбэл, та бидэнд МАН-ын дарга У.Хүрэлсүхийн намдаа эхлүүлэх шинэчлэл, цэвэрлэгээ нэг их хамаатай сэдэв биш. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар ямар ажил хийж, ямар үр дүнд хүрсэн нь монголчуудын хувьд жинхэнэ утгаараа иргэний эрх ашиг байх ёстой.
Үүний тулд түүнээс нэхэх үлдээсний үнэ буюу үлдсэний төлбөрт авах ёстой амлалтад юун түрүүнд Энэтхэгийн Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр баригдах газрын тосны үйлдвэр. Энэ зээлийн талаар өнгөрсөн өдрүүдэд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат “Үе, үеийн Засгийн газрын хөөцөлдсөн ажил. Миний бие ч оролцсон. Та ганцаараа хийсэн гэж ярих эрхгүй” гэх утгатай үгийг хэвлэл мэдээлэлд ч, УИХ-ын чуулганы танхимд удаа дараа хэлсэн ч үнэхээр л У.Хүрэлсүхийн Засгийн газар суурийг нь цутгасан шигээ, ашиглалтад өгчихвөл булаацалдах эзэн олноороо гарч ирэх боломжгүй болно.
Эхлүүлсэндээ бус дуусгасандаа гэдэг зарчим талаас нь харвал уг үйлдвэр ашиглалтад орж, гадаад валютын урсгалыг төлөвлөсөнчлөн 20 хувиар бууруулж, ам.долларын ханшийг 12-18 хувьд бууруулах боломж бүрдчихвэл энэ нь яах аргагүй үлдээсний үнэ, үлдсэний төлбөр болно. Маргах аргагүй.
АНУ-д хийсэн айлчлалынхаа үеэр эцэслэн тохирсон Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлэх Улаанбаатар хотын усны хангамжийн асуудлыг шийдвэрлэх 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн үр дүнг бодитой болгочих. Ингэж чадвал ирэх 2030 оноос цэвэр усны дутагдалд орох гээд байгаа Улаанбаатар хотын иргэд усны эрэлд гарах бус харин өөрсдөө бохир усаа боловсруулж, саарал ус хэрэглээндээ ашиглах боломжтой болно. Энд мөн л эхлэлээс илүүтэй төгсгөлд нь чухал байх нь тодорхой.
Дараагийн сэдэв нь Хятадын Засгийн газраас олгож буй 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр баригдах шинэ Төв цэвэрлэх байгууламжийн барилгаа амласан, төлөвлөсөн ёсоороо 2020 онд хүлээлгэн өгөх. УИХ-ын сонгуулийн дүн аль намд, хэн гэдэг улстөрчид ашигтай, тустай гарахаас үл хамаараад энэ бол улаанбаатарчуудын хувьд амин чухал сэдэв. У.Хүрэлсүхийн Засгийн газрын тухайд ч бултах аргагүй хариуцлага. Үлдээсний үнэ буюу үлдсэний төлбөрөө төлөх гуравдах хувилбар нь.
Гэхдээ ингээд бичихээр дан ганц дэлхийн улс орнуудын дэмжлэг, тусламжаар төлбөр төлөх, үнэ егөх тухай яриад байж болохгүй нь мэдээж. Тиймээс зөвхөн дотоодын нөхцөл байдал хийгээд боломжоос олж харах ёстой дараагийн төлбөрийн хувилбар нь “Эрдэнэс Тавантолгой” компаниас иргэн бүрд олгох ёстой 1,072 хувьцааны ноогдол ашгийг бодитой болгох.
Өнгөрсөн онд энэхүү хувьцаанд багцаагаар 20 мянга орчим төгрөг ноогдож байсан гэх мэдээлэл нуугдаж үлдсэн байдаг бол энэ жил 40 мянган төгрөг тараах боломжтой болсон тухай тайлбар бий. Гэхдээ бүхэл бүтэн стратегийн орд газрынхаа ноогдол ашиг гээд 40 мянган төгрөг аваад ханана гэдэг иргэдийн хувьд юу л бол. Иймд У.Хүрэлсүхийн Засгийн газрын дотоодын нөөц бололцооноос хүсэх өртөг бол яах аргагүй Тавантолгойн ордоос хуваарилагдсан ноогдол ашиг. Гол нь, бага бус боломжийн байх ёстой гэдэг иргэний хүсэлтийг гүйцэлдүүлэхийн төлөө ажиллах нь зөв биз.
Дээр нь, мэдээж Улаанбаатар хотод ирэх оны тавдугаар сараас түүхий нүүрс түлүүлэхгүй гэдэг шийдвэртээ улс төрийн зориг гарган чанга зогсох. “Эрдэнэс Тавантолгой” компанийн харьяа, шинээр байгуулсан “Тавантолгой түлш” ХХК нь жилдээ 600 сая мянган тонн сайжруулсан шахам түлш үйлдвэрлэх боломжтой гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногийн улс төрийн зөрчил, тэмцлийнхээ дундуур мэдээлсэн. Уг үйлдвэр дээр очиж, “Улаанбаатар хотын 220 мянган өрх жилдээ нэг сая 200 мянган тонн түүхий нүүрс шатаадаг” хэмээн мэдээлээд, сайжруулсан түлш 100 хувь хэрэглэдэг болсноор энэ хэрэглээ 50 хувиар буурч, дээрх тоонд өвлийн нүүрсний хэрэглээг хязгаарлаж чадна гэж тайлбарлаж байсан юм.
Тиймээс товчхондоо, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс цаашид нэхэх ёстой, түүний монголчуудад төлөх ёстой өр төлбөр бол энэ. Улс төрийн хэрүүл тэмцэл бус бодит ажил хийгээд үр дүн. Тэр дундаа, өнгөрсөн долоо хоногийн сүүлчийн өдөр буюу баасан гарагийн үдэш, тэрбээр гүйцэтгэх засаглалын тэргүүнээр үргэлжлүүлэн ажиллах эрхтэй болохтойгоо зэрэгцэн “Төрийн тогтворгүй байдал үүсэж, удаан хугацаанд ард түмнийхээ сэтгэлийг түгшээсэн явдалд Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд ард иргэдээсээ уучлал хүсэж байна. Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулганы үеэр миний алдаа дутагдлыг ил тод хэлж, үнэтэй зөвлөгөө өгсөн шударга улстөрчдөд талархаж байна” хэмээн өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн үгийг нь өөрт нь уламжилъя.
Уучлал хүссэндээ хүрч, ажиллаасай гэж хүсье. Төрд үүссэн тогтворгүй байдлыг намжааж, улстөрчдийн хэрүүл чагнаж, амьдралдаа хүлээлт үүсгэдэг ард түмэндээ дахин түгшүүрийн хонх дэлдэхгүй байхыг захья. Айлын жаахан хүүхэд зурагт үзээд сууж байхад чихэнд нь харанга дэгдээхүйц, үг, үйлдлийг гаргахыг байхыг ч мөн аминчлан гуйя.
Учир нь, Таныг алдаагаа ухамсарлаж, онооны төлөө зүтгэхээ дээрх уучлалаар зарласан гэж итгэсэндээ тэр ээ. Үлдээсний үнэ буюу үлдсэний төлбөрөө өнөөдрөөс эхлэн төлнө үү, Ерөнхий сайд аа.
1 comment
Битгий утгагүй юм хуцаад бай чиний үнэлгээ гэж юу байсийм Хүрэлсүх ажилладгаараа ажиллана цэвэрлэгээг бол харин заавал хийх ёстой цогцолмаа мэтийн авгайг хогруу нь шүүрдээд хаях ёстой тэгээд олон ажил байна доо хүрэлсүх өөрөө сайн мэдэж байгаа