Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэхийг эцэслэн шийдсэн өнгөрөгч долоо хоног улс төрчдийн өдөр бүр уруудаж байгаа рейтингийг улам бүр доош татсан мэдээ, мэдэгдлээр дүүрэн байлаа.
Мягмар гарагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг 62.5 хувийн саналаар дэмжин УИХ-аар хэлэлүүлцэхээр болсон ч энэ удаа У.Хүрэлсүх тэсч үлдэв.
У.Хүрэлсүхийг огцруулах саналд УИХ-ын гишүүдийн байр суурь хоёр хуваагдсан байсан. Хуваагдал анхнаасаа ч тодорхой байв. Гэхдээ нөгөө талд Засгийн газрын гишүүдийн зүгээс УИХ-ын гишүүдийн саналыг худалдан авах ажиллагаа идэвхитэй явагдсан. Энэ ажлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Зам тээвэр, хөгжлийн сайд Я.Содбаатар нар гардан зохион байгуулсан гэж эх сурвалжууд мэдээлж буй.
Эндээс их хэмжээний мөнгө гарсан тухай яригдаж байгаа ч энэ нь одоогоор батлагдаагүй байна. Энд цаг хугацаа шаардах бөгөөд гишүүдийн дундах өрнөх маргаан, улстөржилтөөр ил гарч ирэхэд нэг их гайхаад байх хэрэггүйг чуулганы хуралдаан харууллаа.
Аль нэг Засгийн газрыг огцруулах асуудал яригдахад гишүүд нэг нэгнээ лообийдох, амлалт өгөх ажиллагаа явагддаг гэдгийг Баасан гарагт өрнөсөн У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцсэн чуулган дээр УИХ-ын гишүүн М.Билэгт нотолсон юм.
Тэр “Я.Содбаатар сайд аа! Та өнгөрсөн жил Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулна гээд миний өрөөнд орж ирээд, намайг ятгаад сууж байхдаа өдрийн 500 мянган төгрөгийн төлбөртэй, сард гам барихад 1.5 сая төгрөг төлдөг эмнэлэг хувьдаа нээсэн гэж ярьсан чинь үнэн биз дээ” хэмээн шулуухан хэлнэ билээ.
Энэ нь нэг талаар өмнөх Засгийн газраа огцруулах ажиллагаанд Я.Содбаатар ямархуу үүрэг оролцоотой байсныг илчилсэн төдийгүй энэ удаагийн үйл явцад ч гол дүрд тоглосон байхыг үгүйсгэхээргүй харагдууллаа.
Пүрэв гарагт УИХ-ын чуулган хуралдаагүй. Энэ өдөр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан гурав Төрийн ордонд улс төрийн савангийн дуурийг “эгшиглүүлэв”.
УИХ-ын дарга нэгдсэн чуулганыг хуралдуулахгүй байна гэж мэдэгдсэн ЗГХЭГ-ын дарга Төрийн ордныхоо дотоод журмыг зөрчөөд, парламентын үйл ажиллагааг сурвалжилдаг сэтгүүлчид нэвтрэхийг хориглоод удсан УИХ-ын чуулганы танхим руу сүрэг сэтгүүлч дагуулан дайрав.
Амьсгаа маш өндөртэй гүйж явсан Г.Занданшатар ЖДҮ-чдийн хэрэг мандахад асуулт асуусан сэтгүүлчдэд хариулахаас төвөгшөөж, ганц үг ганхийлгүй явж одсон. Харин тэр өөрт ашигтай үед хэвлэл мэдээллийнхэнд хэтэрсэн хайр зарлах чадалтайгаа бас нотлов.
Энэ үед чуулганы танхимд савангийн дуурийн өөр нэгэн анги “эгшиглэж” байсан. Энд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ парламентын сурвалжлагчдыг “атаархтал” гар утсаараа live хийв. “УИХ-ын дарга нь чуулганаа хуралдуулахгүй алга болсон тохиолдол өмнө нь гарч байсан уу. Та бол 4-5 удаа УИХ-д сонгогдсон гишүүн хүн” гэсэн асуултад сайдаар томилогдохоор яригдсан ч асуудал нь хоёр долоо хоног гацсан Ч.Улаан гишүүн дуртайяа хариулж суусан.
Энэ хаалганы гадна, Төрийн ордны коридорт харин Ж.Батзандан гишүүн УИХ-ын даргыг эрэн сурвалжилж байна гэсэн ээлжит поп мэдэгдлээ хийж байлаа. УИХ-ын гишүүд олноороо ЖДҮ-гээс зээл авсан учраас Ёс зүйн дэд хороогоор асуудлыг хэлэлцэх ёстой гэж мэдэгдсэн УИХ-ын дарга М.Энхболдын байр суурь тэднийг ийм этгээд маягын үйл явц руу хөтөлчихжээ.
У.Хүрэлсүхийг огцруулах санал хураалтад УИХ-ын гишүүдийн 73 нь оролцсон. ЖДҮ-д нэр холбогдсон, тэндээс зээл авсан гишүүдэд харин сонгогчдоосоо эмээх, ичих сэтгэл байсангүй. УИХ-ын гишүүд хамаатнууддаа, гэр бүлдээ зээл авсан уу авсан. Төрийн өндөр албан хаагч өөрт хамааралтай этгээдийн үйл ажиллагааг дэмжсэн гэдгээрээ тэд Ашиг сонирхлын зөрчлийн хуулийг зөрчөөд зогсохгүй, УИХ-ын гишүүний ёс зүйг зөрчсөн байгаа.
Гэхдээ тэдэнд буруугаа хүлээн зөвшөөрөх ухаан, иргэд сонгогчдоосоо ичих сэтгэл байгаагүйг нийгэм нийтээрээ олж харлаа. Товчхондоо бол улс төрийн ийм савангийн дуурийн хүчинд У. Хүрэлсүхийн Засгийн газар Баасан гарагийн үдэш тэсч үлдлээ.
Ингэснээр Засгийн газрын асуудлууд цэгцэрч, алдагдсан нэр хүнд нь өсч, шүдний өвчин нь эдгэрсэн гэсэн үг биш. У.Хүрэлсүхийг огцруулах асуудал юунаас анх үүссэн юм бэ гэдгийг эргэн санацгаая. ЖДҮ-чдийн дуулиан өнөөдрийн нөхцөл байдлыг эхлүүлсэн. У.Хүрэлсүхийг ЖДҮ-чид нь аварсан. Засгийн газрын тухайд илрээд байсан гурван ЖДҮ-чин дээр ахин хэд хэдэн ЖДҮ-чид нэмэгдэж мэдэхээр байгаа.
АТГ парламент болон Засгийн газрын танхим дотроос төрсөн ЖДҮ-чдийг шалгаж байгаа гэдгээ Пүрэв гарагт мэдэгдсэн. Улс төрийн нөхцөл байдалтай зэрэгцэн хийсэн энэ мэдэгдэл шүүмжлэлийн бай болж байгаа хэдий ч сайд нар ЖДҮ-ийн сангаас зээл авсан уу авсан. УИХ-ын гишүүд авсан уу авсан. Энэ бүгд харин үнэн юм.
Нэг бүдэрсэн Засгийн газар удаан тэсдэггүй. Улстөрчдийн, улс төрийн намуудын өөрсдийнх нь тогтоосон ийм бэлэн жишиг бий. Энэ жишгийн дагуу У.Хүрэлсүхийн Засгийн газар хувь заяаныхаа асуудлыг дахин парламентаар хэлэлцүүлэхгүй гэсэн баталгаа байхгүй. Баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр ч энэ асуудал хөндөгдөж, гишүүд Н.Алтанхуягийн Засгийн газраар жишээлж байлаа.
2014 оны хавар УИХ дахь МАН-ын бүлэг эхнэртээ 17 тэрбумын тендер авч өгсөн Н.Алтанхуягын хүргэн Г.Дэнзэн болон нүүрс хөтөлбөрөөс мөнгө идсэн гэх түүний зөвлөх Л.Гансүх нарын дуулианаар Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах саналаа УИХ-д оруулж байв. Н.Алтанхуягийн Засгийн газрыг тэгэхэд АН хамгаалаад үлдсэн.
Гэхдээ хоёр дахь удаагаа, 2014 оны арваннэгдүгээр сард сөхөн хөндөгдсөн Засгийн газрыг огцруулах дүйвээнийг Н.Алтанхуягийн танхим тэсвэрлээгүй юм. Огцруулах шалтгааныг АН-ынхан өөрсдөө бэлдэж олсон бөгөөд өмнөхөөс ч хүнд хэлбэрээр тавьж байв.
Харин дараагийн Ерөнхий сайдаар Н.Алтанхуягийн Засгийн газрын амийг сахиж байсан Ч.Сайханбилэг тодорсон. 2006 онд М.Энхболдын тэргүүлсэн Эв нэгдлийн Засгийн газар ч ийм жишгээр огцорч байсан. Цаг хугацааны дараа У.Хүрэлсүхийн Засгийн газрыг өнгөрсөн долоо хоногт хамгаалсан нөхөд нь, тэр тусмаа ЖДҮ-чид нь огцруулахаар зэхвэл гайхах хэрэггүй.
Үүнээс гадна МАН-д дахин эвлэрнэ гэж хэлэхэд амаргүй том хагарал үүссэн байгааг мартаж болохгүй. Намын дарга У.Хүрэлсүхийн дахин дахин хэлж байгаа намдаа цэвэрлэгээ хийнэ, идээ бээрийг нь шахна гэх мэт үгнүүд улс төрийн нөхцөл байдал цаашид нааштай болох эерэг сэтгэгдлийг төрүүлэхгүй байна.
Б.НОМИН
6 comments
МАНАН-гийн хулгайч савируулаад бна уу
Хүрэлсүх сая Алтанхуягаас жишээ татаж ирээд шудрага бусын хонгилд зовж байгаа юм яриад байсан. Эдний ойлголтоор Алтанхуяг хүргэн дэнзэндээ 17 тэрбумыг завших, хүрэлсүх ЖДҮ ийн мөнгөөр сайд гишүүдээ тэгшитгэн хувиарлаж тарааж мөнгө угаах бололцоо олгосон нь зөв, тэднийг шалгаж шаардаж байгаа олон нийт, хууль хяналтын байгууллаг шудрага бус бололтой.
Etsiin hariu Ard tumnii tald garj, shudraga es togtoj bhad ene medrel yu bicheed bgamb Dee. Ene zasgiin gazar urt naslana gedegt ergelzeh zuil algaa
МИеэ-н захиалгат бичлэг үү, Одоо Миеэ, 60 тэрбумынхан юу ч бичээд нэмэргүй дээ, Ард түмэн Ерөнхий сайд аа, дэмжээд байгааг харахгүй байна уу,
Миеэ-г зайлуулна аааа, харж л байгаарай
Ene neg novshiin setguulch uuruu avilgachdaas hahuuli avchihaad yu dongodood bn iimerhuu hutgan uimuulegchdees bolj mongoliin ard tumen zovdog hulsnii bicheechdiig zailuuliya adilhan avilgachid
Hyrelsyhiin zasagiin gazar ydaan tesne!yyniig byren helne!!!!chi bol Mu,obogtiin zahialagat nebtryylegiin hyntaij bna!goridboo saarnyyd ard tymen yalahiig haryylna!haraarai gelegnyyd ee!!!