2015 он хүн төрөлхтөний соёл иргэншлийн түүхийг агуулсан эртний хөшөө дурсгал, ямар ч үнэ цэнээр хэмжигдэхгүй ховор хот суурингуудын туурийг ихээр устгасан хөнөөлт жил болж өнгөрчээ. Дайн тулааны хөлд устгагдсан эдгээр түүхийн ховор нандин газрууд, дурсгалуудыг хүн төрөлхтөн зөвхөн гэрэл зураг, дүрс бичлэгээс л харахаас өөр аргагүй болсон нь харамсалтай. CNN агентлаг өнгөрсөн жилүүдэд устаж сүйрсэн, бидний дахиж хэзээ ч нүдээрээ үзэж гараараа барихааргүй болсон гайхамшигт түүхийн цогцолборуудыг нэрлэжээ.
Бамияны хөндийн бурхан багш
Афганистаны нийслэл Кабулаас баруун хойш 230 км (143 миль) зайд, далайн түвшнээс дээш 2500 метрт оршдог Бамиян хөндийд орших хадан цохиог ухаж, суумал дүртэй хоёр Буддаг дүрсэлсэн соёлын үнэт өв. Хоёр Буддагийн томыг нь бүхэлд нь хүрэн улаан өнгөөр, жижгийг нь олон өнгө хоршуулан будсан байдаг байв.
Алдарт торгоны замаар аялах Хятадын худалдаачдын тэмээн жингийн цуваа Бамиян хөндийгөөр дайран өнгөрч баруун Азид хүрдэг. Энэ нутагт буддистуудын сүм хийд, шашны төвүүд сүндэрлэн босч, Энэтхэгийн шашин, философи, урлагийн нөлөө хүчтэй болсон байна. Бурхны шашны лам нар аглаг ууланд даяан хийж, Бамияны хадан цохионы жижиг агуйнуудад бясалгах нь элбэг болжээ. Олон олон даяанч лам нар өөрсдийн сууж байсан агуйнуудыг шашны эд зүйлсээр, баримал бурхдаар чимэглэн агуйн ханыг тод өнгийн зургуудаар гоёдог байв.
Эдгээрийн дотроос хамгийн алдартай нь аварга том бурхан багшийн баримлууд буюу Вайрочана, Шагжамуни нар юм. Вайрочана нь 55 метр өндөртэй бол Шагжамуни нь 37 метр өндөртэй. Эдгээр баримлууд нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн ч соёл иргэншлийн бахдам уран тансаг архитектурууд хамгаалалтад орохоосоо өмнө талибаны зэвсэгт дайчдын гарт өртөн үгүй болжээ.
Эдгээр бурхан багшуудыг Кушанууд байгуулсан гэж үздэг бөгөөд уг цаг хугацааг Кушаны эзэнт улсын оргил үе гэж үздэг билээ. 630 оны орчимд Бамиянд хүрэлцэн ирсэн хятадын мөргөлч, бадарчин Чуанзаны тэмдэглэлд цэцэглэн хөгжиж байгаа буддын шашны төвийн тухай тэмдэглэсэн байдаг. Түүний тэмдэглэлд уг Бурхан багшийн орчимд 10 гаруй сүм хийд, 1000 гаруй лам хуврагууд амьдардаг байсан тухай гардаг. Түүний тэмдэглэлд мөн хэвтэж буй аварга Буддагийн баримал байсан тухай гардаг. Мөн бүх буддагийн нүүрийг алт, үнэт эрдэнэсээр чимэглэсэн байдаг байжээ.
1999 оны долдугаар сард засгийн эрхийг авсан Мулла Мохаммед Омар Бамияны Буддын хөшөөг хамгаалалтад авах тухай зарлиг гаргасан боловч Афганы радикал ислам шашинтнууд “Ислам бус” ямар ч эд зүйлийг Афганы нийгэмд байлгахын эсрэг байв. Талибанчууд Исламын хуулинд харш зураг, дуу хөгжим, спорт тэр ч бүү хэл телевизийг хааж байв. Олон улсын байгууллагууд болон Лалын шашинт улсуудын холбооны удаа дараагийн хүчин чармайлт талаар болж, 2001 оны гуравдугаар сард их буу, танк эсэргүүцэгч болон төрөл бүрийн тэсрэх бодис ашиглан бурхдын хөргийг эвдлэн сүйтгэжээ. Буддагийн нүүрний хэсэг рүү онцгойлон халдаж, танкаар буудан эвдэн сүйтгэжээ.
Сүйтгэгчид “Муслимууд энэхүү бэлгэдлүүд сүйрэн унаж байгаад баяртай байгаа билээ. Бид түүнийг устгаснаар бурхны хайр хишгийг хүртэх болно…” хэмээсэн байдаг.
Босра хот
Эртний түүхийн нэгэн салшгүй хэсэг бол Босра хот. Энэ хот алдарт Вавилоны эзэнт гүрэн, Фараонуудын үе, Перс, Ромын үеийн түүх дурсгалыг илтгэсэн, нийтдээ 2500 гаруй жилийн түүхийн гэрч болсон олон гайхалтай соёлын эд өвөөр дүүрэн байдаг. Босра хотыг ЮНЕСКО хэдийнэ хүн төрөлхтөний соёлын өвд бүртгэсэн байдаг бөгөөд энэ онд дайны хөлд эвдэн сүйрэх магадлал өндөр байгаа тул хамгаалахыг Сирийн засгийн газраас уриалж байсан юм. Харамсалтай нь Башар Ассадын засгийн газар түүхэн дурсгалт газруудаа хамгаалах чадалгүй байв. Үнэлж баршгүй соёлын өвд тооцогдох Босра дахь хуучин хотыг Исламын улс бүлэглэлийн дайчид Сирийн олон хот тосгодын нэгэн адил эвдлэн сүйтгэсэн юм. Зураг дээр Ромын үеийн колизей буюу гладиаторуудын тулаан болдог томоохон цогцолбор харагдаж байна.
Алеппо хотын Омейядын их сүм
Эртний түүхийн хамгийн том гэрч болсон алдарт Алеппо хот. Өнөө цагийн Сирийн иргэний дайн, исламын хэт даврагсдын вандализмд хамгийн их өртөж сүйрсэн томоохон хот бол Алеппо. Алеппо бол хүн төрөлхтөний соёл иргэншлийн толь нь болсон эд өлгийн дурсгалт цогцолборууд хөшөө бунхнууд, сүм хийдээр баялаг хот. Энэ онд Исламын улс бүлэглэлийн дайчдын эвдэн сүйтгэсэн томоохон цогцолбороор Алеппо хотын Омейядын их сүмийг нэрлэжээ. Энэ сүмийг Омейядын династийн үед байгуулжээ. Чухамхүү исламын халифатыг байгуулна гэж мэдэгдсэн Исламын улс бүлэглэл түүүхэнд жинхэнэ их халифатаар тэмдэглэгдэн үлдсэн Омейядын улсын байгуулсан их сүмийг устган сүйдлэсэн нь хачирхалтай.
Сирийн Хамагийн ойролцоох усан хүрд
5-р зууны үед байгуулагдсан Сирийн Хама хотын ойролцоох усан хүрд. Энэ хүрдээр эртний иргэд голын усыг цэвэршүүлэн ундны ус болгодог байжээ. Эртний Арабын хаант улсууд томоохон хотуудын инженерчлэлийг гайхамшигтай хийсэн байдаг. Энэ нь өнөөг хүртэл гайхагдсаар ирсэн түүхтэй. Тэгвэл үүний нэг гэрч болсон Хамагийн усан хүрдийг 2014 онд Сирийн иргэний дайны үеэр шатаажээ.
Алеппогийн их цайз
Алеппо хот Монголын түүхэнд хүртэл тэмдэглэгдэн үлдсэн эртний түүхийн нэгэн гайхамшигт хот. Арабууд Халаб, европчууд Алеппо, харин азиуд Халеб гэж дууддаг энэ хотын их цайзыг Македоны Александрын, Ромын эзэнт гүрний, Монголын эзэнт гүрний байлдан дагуулалтуудад өвдөг сөхөрч, Оттоманы түрэлтэд автаж байсан ч байлдан дагуулагчид нь тухай тухайн үедээ бүс нутгийнхаа стратегийн төв болгон ашиглаж, огтхон ч эвдэж сүйдлэлгүй өнөөгийн бидэнд үлдээсэн байдаг.
1970-аад оны эхээр өнөөгийн Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадын аав болох Хафез аль-Ассад төрийн эрхийг авснаар энэ хотыг зүгээр нэг түүхийн дурсгалт газар бус Сири төдийгүй Ойрхи Дорнодын эдийн засаг, бизнесийн төв болгохоор зорьжээ. Өмнө нь эртний түүх агуулсан шашин болон урлагийн бүтээл болох байгууламжууд сүндэрлэж байсан бол тэрээр энэ бүхнийг үнэхээр ухаалгаар өөрчилж чаджээ. Өөрөөр хэлбэл Алеппо хот маань орчин цагийн “метрополис” хот болсон төдийгүй Сирийг зүглэх жуулчид энд л ирдэг уламжлал тогтсон юм.
Харамсалтай нь 2014 онд Сирийн иргэний дайны хөлд энэ цайз бүрэн эвдэрч сүйджээ. Байлдагч талууд Алеппо хотыг эзлэхдээ ээлж дараалан энэхүү цайзыг цэргийн бааз болгон ашиглаж байв. Довтолгооны эхний үед л цайз хамгийн хүчтэй дайралтыг өөр дээрээ авдаг байжээ.
Ирак, Нимруд
Эртний Ассирийн эзэнт улсын нийслэл хот цогцолж байсан түүхийн дурсгалт газар Иракийн Нимрудад байдаг.Ассирчуудын түүхийн бүх л үеийг илтгэх энэ газрыг Ерөнхийлөгч агсан Саддам Хусейн түүхийн музей, дурсгалын цогцолбор болгосон бол 2003 онд АНУ тэргүүтэй эвслийн цэргийн хүчин Иракийг эзлэх үеэр бөмбөгдөлтөд өртөн бүрэн сүйрчээ.
Крак де Шевальегийн цайз
XI зуунд загалмайтнууд энэ цайзад тулгуурлан араб дахины их жанжин, байлдан дагуулагч Салах Ад Диний эсрэг тулалдсан байдаг. Крак де Шевальегийн цайз Сирийн иргэний дайны хөлд өртөхөд ЮНЕСКО-гийн тэргүүн Ирина Бокова дайтагч талуудад хандан эртний өв соёлыг хамгаалахыг уриалсан боловч талаар болсон юм.
Зөнч Ионийн бунхан
Мосул дахь энэ бунхан бол ислам, христ ялгаагүй тэмүүлдэг газрын нэг байлаа. Мөн бунхны эртний хэсгүүд нь МЭӨ 8-р зуунд хамаарах тул археологичдын дуртай газар байсныг хэлэх хэрэгтэй. Энэ бүхэн Исламын улс бүлэглэлийн дайчдыг зогсоосонгүй. 2014 оны 7-р сард тэд бунхныг дэлбэлжээ.
Өнөөгийн Сири улс дайн дажны хөлд нэрвэгдэж үгүйрэн сүйрч байна. Хүн хүчний асар их хохирлын хажуугаар түүх соёлын үнэт өв үрэгдэн устгагдаж байгаа нь харамсалтай. Дайн дөнгөж эхэлмэгц эртний түүхт Дамаск, Алеппо хотууд асар их сүйрэлд өртсөн. 2012 онд Алеппогийн эртний зах галд өртөж Торгоны их замын нэг гол өртөө үгүй болжээ. Жилийн дараа ЮНЕСКО-ийн хамгаалалтанд байсан Крак де Шевальегийн загалмайтны цайз, лалын сүмийн мөргөлийн 1000 жилийн настай эртний цамхаг зэрэг 300 гаруй түүх соёлын дурсгалт зүйлсийг газрын хөрстэй тэгшилжээ.
Ливи, Кирене
Эртний грекүүд өнөөгийн Ливийг Аполлоны онгон газар буюу Киренайка гэдэг байв. МЭӨ 630 онд Терагийн (өнөөгийн Грекийн Санторини) хаан Баттус I тус газрыг эзэмшилдээ авч, Киренийг үндэслэжээ. Тус хотыг хэрхэн байгуулсан талаар Геродот “Түүх” номынхоо 4-р ботид нилээд тодорхой өгүүлсэн байдаг. МЭӨ V зуун гэхэд Кирене хот нь бүс нутгийнхаа хамгийн хүчирхэг төв болж чадсан байна. Хаант засаг бүхий уг хотынхон Грекийн бүх хотуудтай арилжаа наймааны харилцаатай байсан төдийгүй, Карфагенийг Египеттэй холбох түлхүүр хот болж байжээ. Тус хотынхны арилжааны гол бүтээгдэхүүн нь силфиум хэмээх эмийн ургамал байсан бөгөөд түүнийгээ өөрийн зоосондоо дүрсэлсэн байдаг.
Ромын мэдэлд орсноос хойш еврэйчүүд дарамт шахалтад ихээр автах болсон учир Ромын эзэн хаан Веспасиан, ялангуяа эзэн хаан Траяны үед бослого үймээн дэгдээж байжээ. Энэ бослогыг Ромын жанжин Маркус Турбо дарж, дахин бослого гаргуулахгүйн тулд асар олон тооны хүнийг цаазалсан байна. Эусебусийн тэмдэглэснээр энэ явдал нь Киренээс ихээхэн хэмжээний хүмүүс дайжин зугтах нөхцөл болсон бөгөөд хүмүүс өөр амьдрах боломжтой газруудад очин амьдарцгаах болжээ.
325 онд болсон газар хөдлөлтөөр Кирене хотын амин сүнс болсон Аполлоны боомт сүйрсэн нь улам хүчирхэгжиж байсан Карфаген, Александрия хотууд умард Африк дахь худалдааны өрсөлдөөнөөс Киренийг шахан зайлуулах боломжийг олгосон байна. IV зуун гэхэд үндсэндээ нэг ч хүн Киренед амьдрахаа больсон байна.
Кирене нь Дэлхийн өвд 1982 онд багтсан бөгөөд хүн төрөлхтний соёл давтагдашгүй дурсгалуудын нэг юм. Харамсалтай нь Арабын хувьсгалын нөлөөтэй өрнөсөн Ливийн иргэний дайны үеэр бүрэн сүйрч устсан байна.
Сирийн Пальмира хот
ЮНЕСКО-гоос дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Ромын эзэнт гүрний үеийн түүхэн дурсгалт барилга цогцолборуудаар дүүрэн эртний Пальмира хотыг Исламын улс бүлэглэлийн дайчид тэсрэх бөмбөгөөр дэлбэлж бүрэн сүйтгэсэн. Пальмирагаас цөөн тооны зарим хөшөө, дурсгалыг Сирийн засгийн газраас аюулгүй газар руу шилжүүлсэн боловч суурин багана, туурийг шилжүүлэх боломжгүй учраас хэт даврагчдын гарт сүйдэх нь бараг тодорхой болоод байсан юм.
Сирийн зан заншил судлалын төвийн тэргүүн Маамун Абдулкарим “Баалшамин сүм дотор Исламын улс бүлгийнхэн хүчтэй тэсрэх бодис байрлуулж дэлбэллээ” хэмээсэн юм. Пальмирагийн гол хэсэг болсон энэхүү сүмийг 2000 гаруй жилийн өмнө барьжээ. Тэнд Исламын улс бүлгийнхэн Пальмира хотын өв соёлыг 40 гаруй жил судалсан хөгшин эрдэмтнийг цаазаар авсан аймшигтай хэрэг мөн гарсан билээ.
81 настай түүхч эрдэмтэн Абдулкарим хотын энд тэнд нуусан эртний эрдэнэс хаана байгааг хэлэхээс татгалзсан учир хэт даврагсдын гарт амиа алдсан гэнэ. Пальмира хот нь стратегийн хувьд тун чухал газар оршдог. Энэ хотоор дамжин Сирийн нийслэл Дамаск руу явдаг тул хэт даврагсад Пальмирад ихээхэн ач холбогдол өгч эзлэн авсан байдаг.
Самаррагийн их сүм
Тигр мөрний эрэгт орших эртний Багдад хотод Самаррагийн их сүм оршдог. Энэ сүмийн туурин дундаас 52 метрийн өндөр бүхий Мальвиягийн цамхаг эртний дурсгалын гайхамшигт өвд тооцогддог. Харамсалтай нь 2003 онд Америк тэргүүтэй эвслийн гүрнүүд Иракийг эзлэх үеэр бөмбөгдөлтөд өртөн сүйрсэн юм.