Баатарлаг хэмээн цоллогдсон Реклэс гүүний тухай Америкт мэддэггүй хүн байхгүй гэхэд хилсдэхгүй. Дунд сургуулийн түүхийн хичээлийн хөтөлбөрт нь хүртэл багтдаг ажээ. Энэ морь 1954 оны Солонгосын дайнд оролцож, хятад болон хойд солонгосчуудын шуурган гал дундуур тулалдаанд жинхэнэ гайхамшгийг үзүүлдэг байжээ. Хүч чадал сайтай, омголон, эрэмгий ч хүлэг байсан гэдэг. Олон олон орноор аялж явдаг циркчин морь биш хэдий ч армийн хэрэгцээнд дайны хүнд хэцүү он жилүүдэд хамгийн олон орон дамжсан байна.
Тэрхүү морины түүх Солонгосоос эхэлсэн гэнэ. Морь мэддэг хүмүүсийн харцыг булаасаар дуудлага худалдаа дамжин улмаар Америкт уралдахаар ирсэн байна. Түүнийг монгол морь гэдгийг морины хорхойтнууд сайн мэддэг байсан гэдэг. Монгол морины шинж тэмдэг бүгд бүрэлдсэн зүсчилбэл хул морь байсан ажээ. Анхны дуудлага худалдаагаараа 250 ам.долларын үнэд хүрч хүмүүсийн нүд чихийг сэртийлгэж байв. Түүний Солонгос эзэн нь Ким Мүн Хук гэгч залуу байсан бөгөөд хайртай морио зарах болсон шалтгаан нь эгчдээ хиймэл хөл хийлгэх шаардлагатай байснаас болжээ.
Харин түүнийг Эрик Петерсен гэгч америк эр худалдан авснаар хул морины амьдрал өрнөд зүгт хөтлөгджээ. Америкт очсон хойно ч олон тулаанд оролцож байсан бөгөөд, цэргийн жанждын итгэлтэй хүлэг байсан тухай олон хүн дурсан ярьдаг. Реклэс тун ухаантай амьтан байснаараа хүмүүсийн хайрыг татаж байж. Бага морь байхаасаа л цэргүүдтэй хамт байж, дайн тулаанд оролцож явсан түүний хамгийн сайн найзууд нь усан цэргүүд байжээ. Америкчууд Солонгосын хойгийн дайнд татагдан орж олон америк дайчид Номхон далайгаар Азийг зориход Рэклес ч хөлөг онгоцны тавцанд хамт явсан юм.
Урт холын аянд явахдаа цэргүүдийн хайрыг татах аргаа мэддэг тэрхүү морь шар айраг ууж, лууван иддэг байсан талаар хүмүүсийн тэмдэглэлд ихээхэн үлдсэн байна. Цэргүүд ч түүнд хайртай байсан бөгөөд өглөө сэрмэгцээ цэргүүдтэйгээ цайнд орж хэдэн хэрчим гамбир болон кофе уудаг байсан аж. Амттанд дуртай байсан нь бялуу, чихэр, кока кола уух дуртай байснаас нь илт. Эрэмгий морь байсан тухай олон хүн ам дамжин ярьдаг байсан аж. Тэрээр хүн явахад бэрх газруудаар тэсрэх бөмбөг, буу зэвсэг хүргэж өгдөг байжээ. Өрнөдийн, эсхүл солонгос морьдыг бодоход бие жижигтэй ч гэсэн маш хүчтэй, ухаантай морь байсан хэмээн ярьдаг.
Зэвсэг ачаад чиглүүлээд явуулахад 45 хэмийн налуу хэд хэдэн уулыг богино хугацаанд нэг ч амралтгүй давж цэргүүдэд зэвсэг нийлүүлдэг байсан аж. Таван өдрийн турш хятад болон хойд солонгосчуудтай ширүүн тулалдахад өдөрт 50 орчим удаа баазаас дайны зурвас руу зэвсэг зөөж байсан гэдэг. Нийтдээ таван тонн зэр зэвсэг зөөсөн гэдэг. Дайны дараагаар Реклэст АНУ-ын баатар цол өгч, үндэсний баатар болгон шагнасан юм.
Реклесийн шагналууд нь тэр үеийн шилдэг байлдагч, дайчдын авдаг бүгдийг хамарч байсан. Тэрээр Армийн Нил ягаан зүрхтэн цол, Эрэмгий цэргийн медаль, Ерөнхийлөгчийн хүндэт одон, Үндэсний Батлан хамгаалахын медаль, Усан цэргийн медаль гэхчлэн бүхий л цэргийн цол хэргэмээр шагнуулж байсан аж. Реклэс 1960-аад оноос цэргийн албанаас чөлөөлөгдсөн бөгөөд үүнээс хойш ч цэргийн анги дээрээ байрлаж, цэргүүдтэйгээ шар айраг уун амардаг байв.
Реклэс 1968 онд нүд аньсан юм. Баатарлаг морины дурсгалыг хүндэтгэж Пенделтоны армийн цэцэрлэгт хүрээлэнд түүний хөшөөг барьж дурсгалыг нь хүндэтгэсэн юм. Үүгээр ч зогсохгүй түүний тухай олон ном зохиол, кино, жүжиг бичигдэж олны хүртээл болсон байна.