“Адидастай мумми” гэж алдаршсан, 1000 гаруй жилийн тэртээд хамаарах занданшуулсан шарилын талаар сонирхолтой шинэ мэдээлэл гарчээ. Эмэгтэй хүний занданшуулсан шарил одоогоос нэг жилийн өмнө Монголын Алтайн нуруунаас олдсон билээ. Эмэгтэйн шарил болон хувцас хэрэгсэл маш сайн хадгалагдан үлдсэн байсан бөгөөд шинжээчид үүний нууцыг тайлахыг оролдсоор байгаа юм.
Судлаачдын үзэж байгаагаар, “Адидас”-тай эмэгтэй толгойн тус газраа хүчтэй цохиулсны улмаас амиа алджээ. “Адидас”-ын гуталтай 30-40 орчим насны монгол эмэгтэйн занданшуулсан шарилын талаарх мэдээ 2016 оны 4 дүгээр сард хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугиан тарьж байсан юм. Судлаачид өнгөрсөн 12 сарын хугацаанд энэхүү нууцлаг занданшуулсан шарилын талаар илүү их мэдээлэл олж авахаар ажилласан байна.
Монголын Соёлын өвийн төвийн шинжээчид “энэ эмэгтэй одоогоос 1100 гаруй жилийн өмнө толгойн тус газраа хүнд бэртэл авсны улмаас нас барсан” гэж үзэж байна. Тэдний ярьснаар, нүүрэн тус газраа цохиулсан нь түүнийг үхэлд хүргэжээ. Тус төвийн захирал Г.Энхбат эмэгтэйн өмссөн гутлын талаар ярихдаа “угсаатны зүйчдийн хувьд түүний өмссөн “Адидас” брэндийнхтэй адил гутал судалгааны сонирхолтой сэдэв болоод байна. Ялангуяа, тухайн үед ийм загварлаг, орчин үеийн хэв маяг бүхий гутал өмсч байсан гэдэг нь судлаачдын анхаарлыг татаж байгаа юм” гэлээ.
Маш өндөрлөг, сэрүүн уур амьсгалтай газарт эмэгтэйг оршуулсан нь түүний шарил болон эд зүйлс маш сайн хадгалагдаж үлдэхэд нөлөөлжээ. Эсгийгээр ороосон занданшуулсан шарил дээр байгаа эмэгтэйн арьс болон үсийг ч харах боломжтой. Сам, толь зэрэг гоо сайхны эд хэрэгсэл, гар цүнх, хутга, дөрвөн ээлжийн хувцасны нь хамт эмэгтэйг оршуулсан байжээ. Мөн шарилын хажуугаас олдсон морь болон төмөр дөрөөтэй эмээл маш сайн хадгалагдан үлдсэн байна.
Занданшуулсан шарил 2803 м-ийн өндөрт байсан бөгөөд эмэгтэйг түрэг гаралтай гэж үзэж байгаа юм. Мөн үүнийг Төв Азиас олдсон анхны бүрэн бүтэн түрэг булш гэж судлаачид үзэж байна. Шарил олдсон Алтай нуруу нь Оросын Сибирь, Монгол, Казахстан болон Хятадтай залгаа оршдог юм.