Ерөнхий сайд У.Хүрэлсүх байнгын хорооны хуралдаан дээр хэнд юу гэж хэлэв?

2018-11-27 18:50
u hurelsuh 1

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэхийг хэлэлцэж шийдвэр гаргасан. Тэгвэл энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн байр сууриа илэрхийлж үг хэлсэн юм. Тэрээр:

-Д.Хаянхярваа гэж Дарханаас ирсэн нэг нөхөр аймгийн дарга байсан, миний удирдлага дор ажиллаж байсныг би санадаг юм. Надад заах нь яах вэ Хаянхярваа. МАН-ын 65-ыг хоёр хуваасан хүн бол чи. Ажил хийдэггүй, хов зөөнө. Нас намбандаа байж чаддаггүй.

Та нараас би айна гэж байхгүй шүү гэдгээ дахиад хэлчихье. Та нар тийм сайхан үмүүс биш шүү. Энэ дотор хулгайч нар сууж байгаа шүү. Наймаачид сууж байгаа. ЖДҮ гэж юм гарч ирж, янз бүрийн пиар хийж Засгийн газрыг хөмрөх гэж байгаа юм байна л даа. Би ЖДҮ-г зөв үедээ гарч ирлээ гэж бодож байгаа. Цаашдаа сайн илрэх байх. Хаа хаанаа сургамжтай юм болсон. Би АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай санал нэг байгаа.

Өнөөдөр та хэд сайхан болж харагдахгүй. Шударга үнэний туйл болчихсон юм шиг ярьдаг юм. Би та хэдийгээ хэн нь хэн бэ гэдгийг мэднэ шдээ. Хэн нь ямар хулгайч вэ гэдгийг чинь ч мэднэ. Би өнөөдөр намаа цэвэрлэх цаг болсон юм байна гэдгийг өнөөдөр бүр сайн ойлголоо. Төрөө цэвэрлэх ажил эхлээд явж байгаа. Энд байгаа зарим нөхөд дахиад МАН-ын нэр дээрээс дэвших эрхгүй хүмүүс шүү. Энийг эртхэн шиг дахиад хэлчихье, зам мөрөө хөөгөөрэй. Надад намын олон түмэн, ард түмэн бас байна.

Нефтийн үйлдвэрийн бизнес хийдэг нөхөд битгий нефтийн үйлдвэрийг нураачих гээд байгаарай, Содбилэг ээ!Нефтийн үнийг ихэсгэж байгаа хүмүүс та нар шүү. Ард түмний өмчийг “шааж” байгаа хүмүүс та нар шүү. Насаараа та нар бензиний жижиглэнгийн наймаа хийж баяжсан хүмүүс та нар шүү. Өөрсдөө хулгайч байж бусдыг бас хулгайч гэж яриад хэрэггүй. Цаг нь болохоор би цаашид зөндөө олон юм ярина. Би бол шударга ажиллаж байгаа гэж бодож байгаа. Зарим хүмүүстэй би хариуцлага тооцож чадахгүй байна. Тэр эрх зүйн орчин нь надад байхгүй байгаа юм. Спикер М.Энхболдоос эхлээд хүмүүс хууль хяналтын байгууллагынхныг шударга ажиллах боломжийг нь хангаж өгөхгүй байгаа юм. Тийм учраас би та нарыг огцор гэсэн, тэрний хариуд та нар Засгийн газрыг огцруулах тухай асуудал ярьж байгаа юм. Би худлаа яриагүй шүү. Цаашдаа ч би энэ байр суурин дээрээ хамгаас хатуу зогсоно за юу  гэсэн юм.