Түрүүч нь “АСЕМ”-ын тайлангаас айсны учир-1, “АСЕМ”-ын тайлангаас айсны учир-2 Ази, Европын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулж, ард нь амжилттай гарч чадсаныг хэн хүнгүй хүлээн зөвшөөрч байгаа. Улсын хувьд ач холбогдолтой, сайхан үйл явдал болсонтой ч санал нэг байсан.
Харин манайхан анх удаа хийсэн энэ том арга хэмжээг далимдуулж, төсвийн болон бусад хөрөнгийг хайр гамгүй үржээ, хууль тогтоомжуудыг зөрчжээ гэсэн дүгнэлтийг Үндэсний аудитын газраас хийсэн юм. Уг нь дараа дараагийн арга хэмжээнд санхүүгийн сахилга баттай оролцохыг сануулсан ач холбогдолтой аудит байв. Харин “АСЕМ” зохион байгуулсан, зөрчил гаргасан зарим хүмүүс аудитын дүгнэлтийг эсэргүүцэж байгаа. Экс ерөнхийлөгчөөс эхлээд экс хотын дарга хүртэл ил гарч бухимдлаа илэрхийлсэн. Тэгвэл аудитын дүгнэлтэд чухам ямар баримтууд байсныг дэлгэрэнгүй хүргэж байгаа билээ.
ХОНОГИЙН 5000 ДОЛЛАРЫН ТАНСАГ ТОМИЛОЛТ
“АСЕМ”-ыг зохион байгуулахад 2015, 2016 оны төсвөөс урсгал зардалд нийт 1.9 тэрбум төгрөг зарцуулсан байна. Гэтэл үүний 507.3 сая төгрөгийг “АСЕМ”-ын бэлтгэл ажилд хамааралгүй арга хэмжээнд зарцуулж Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчжээ. Тухайлбал, Гадаад харилцааны яамны ажилтнууд “АСЕМ”-тай холбоогүй гадаад томилолтонд 263.9 сая төгрөг зарцуулсан байгаа юм. Үүнийг нотлох баримтуудтай нь тулган үзэхэд нэлээд зөрчлүүд илэрсэн бөгөөд 33.1 сая төгрөгийн зөрчлийг Үндэсний аудитын газраас хуулийн байгууллагад шилжүүлжээ.
Гадаад харилцааны сайд асан Л.Пүрэвсүрэн, түүний туслахаар ажиллаж байсан Г.Учралт нар 2015 оны есдүгээр сарын 9-нөөс аравдугаар сарын 3-ны өдрүүдэд НҮБ-ын ерөнхий ассемблэйн 70 дугаар чуулганд оролцохоор явахдаа сайдын зочид буудлын хоногийн зардлыг 5000 ам.доллар, туслахын зардлыг 200-400 доллараар тооцон гаргажээ.
Үүнийг гүйцэтгэлтэй нь тулгахад сайдын зочид буудлын хоногийн зардалд 1500 ам.доллараар илүү тооцон сайдад 12.8 мянган ам.доллар буюу 25.6 сая төгрөг илүү олгожээ. Харин туслахад нь 1.2 сая төгрөг илүү олгосон байна. Мөн Гадаад харилцааны сайд асан Л.Пүрэвсүрэн, Бодлого төлөвлөлт зохицуулалтын газрын дарга Г.Амартүвшин нарын хоёрдугаар сард ХБНГУ-ын Мюнхен хотод бага хуралд оролцсон томилолтын зочид буудлын зардалд сайд дөрвөн сая, газрын даргад 2.3 сая төгрөгөөр хэтрүүлэн олгожээ.
60 ДАХИН ХЭТРҮҮЛСЭН ГАРЫН БЭЛЭГ
Уулзалт, чуулганд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд нэгбүрчлэн 6.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий дурсгалын зүйл гардуулсан нь холбогдох дүрэм журмыг зөрчсөн болохыг аудитын тайланд тусгасан. Улс орны нэр хүндийг илэрхийлэх гарын бэлгэнд ач холбогдол өгснийг зохион байгуулагчид нь онцолж байсан ч төрийн аудит төсвийн сахилга батыг сахиулахдаа мөрдөгдөж буй хууль, дүрэм журамд нийцүүлэн шалгах нь зүйн хэрэг.
Тодруулбал, дээд түвшний уулзалт болон дагалдах найман уулзалт, арга хэмжээний бэлэг дурсгалын зардлыг арга хэмжээ тус бүрээр нь тооцож, нийт 215.6 сая төгрөгийн зардлын төсвийг батлуулсан ч гадаадын зочин, төлөөлөгч нарт 784.4 сая, Монгол Улсын Ерөнхийлөгч “АСЕМ”-ын арга хэмжээнд ажилласан ажилтнуудыг хүлээн авч талархал илэрхийлж 197 сая, нийт 981.4 сая төгрөгийг бэлэг дурсгалын зардалд зарцуулсан болохыг тогтоожээ.
Үүнээс заримыг нь дурдахад дээд хэмжээний уулзалтад оролцсон нэг төлөөлөгчид 6.7 сая төгрөгийн бэлэг дурсгалын зүйл гардуулсан байна. 6.7 сая төгрөгийн үнэ бүхий бэлэг дурсгалын зүйлсийн дотор 14 мянган төгрөгийн үнэтэй флаш диск, 400 мянгын боть ном, 189 мянгын ноолууран алчуур, нэг бүрчлэн 42 мянган төгрөгийн үнэтэй бал /Япон улсад захиалгаар хийлгэсэн гэж тайлагнасан/, 308 мянган төгрөгийн үнэтэй арьсан цүнх, гурван саяын үнэ бүхий уран зураг, 44 мянган төгрөгийн үнэтэй “АСЕМ”-ын логотой эсгий хавтас, 1.5 саяын эмээл, хазаар зэрэг багтаж байна.
Энэхүү өндөр үнэ бүхий гарын бэлгэнд өнөөдрийн манай улсын мөрдөж байгаа журмаар тогтоосон хэмжээг даруй 60 дахин хэтрүүлсэн төсөв зарцуулсныг олон нийтэд ил болгосон нь энэ. Тодруулбал, Засгийн газрын 1999 оны 198 дугаар тогтоолоор батлагдсан “Бэлэг дурсгалын зүйл гардуулах, хүлээн авах, тайлагнах, зарцуулах журам”-д Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд албан ёсны айлчлалаас бусад үед гадаад, дотоодын зочин, төлөөлөгчдөд бэлэг, дурсгалын зүйл гардуулах, илгээхэд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 100 мянга, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас 80 мянга, Монгол Улсын Гадаад харилцааны сайдаас 65 мянган төгрөгөөс илүүгүй үнэ бүхий зүйлсийг нэг хүнд бэлэглэнэ гэж заасан байдаг ажээ.
СУРГАЛТ НЭРИЙН ЦААНА ЮУ БОЛОВ?
Зочид төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлын үйлчилгээний ажилтнуудыг ажлын байранд мэргэшүүлэх, шинээр ажлын байр бий болгох, мэргэжлийн ур чадвар олгох, сургалтыг өндөр үнээр зохион байгуулсан. Тодруулбал, тогооч, талх, нарийн боовчин, зочид буудлын үйлчилгээний ажилтан, хаалгач, авто зогсоолын ажилтан, ачаа зөөгч, зочин угтагч, зочин хүлээн авагч, өрөөний үйлчлэгч, нийтийн талбайн үйлчлэгч, угаалгын ажилтан, зөөгч, бармен, хөтөч, тайлбарлагчийг бэлтгэхэд Хөдөлмөрийн яам, Гадаад харилцааны яам хооронд 370 сая төгрөгийн гэрээ байгуулсан байдаг. Зохион байгуулагчдын зүгээс энэхүү сургалт нь манай улсын аялал жуулчлалын салбарт цаашид боловсон хүчнийг бэхжүүлэхэд томоохон ач холбогдолтой болсныг онцолж байв.
Тэгвэл аудитаар төсвийн хөрөнгийг хяналтгүй, тооцоогүй зарцуулсан, энэхүү сургалтын үр өгөөжийг үнэлж дүгнээгүй гэж дүгнэсэн юм. Санамж бичгийн хүрээнд 23 гүйцэтгэгчтэй зочин хүлээн авагч, зөөгч бармен, өрөөний үйлчлэгч тогооч, нарийн боовчин, нийтийн талбайн үйлчлэгч, угаалгын ажилтан бэлтгэх чиглэлээр “Мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх сургалт зохион байгуулах тухай гэрээ”-г байгуулж 279.2 сая төгрөгийг санхүүжүүлжээ. “Санамж бичгийн хэрэгжилтийг дүгнэнэ” гэж заасан боловч тус ажил хийгдээгүй, тус санамж бичгийн хүрээнд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээт ажлын нийт үр дүнгийн талаарх мэдээлэл байхгүй байгааг тогтоосон.
Хуучин япон сэлбэг худалдаа эрхэлдэг компанийн зарлагын баримтаар хүнсний ногоо худалдан авсан, барилгын материалын компанийн тамгатай зарлагын баримт дээр цэвэрлэгээний материал худалдан авсан, завсарлагааны цай кофенд зарцуулсан зардал хэт өндөр байгаа зэрэг но-той олон асуудал сургалт нэрээр болж өнгөрсөн байж болзошгүй байгаа юм. Түүнчлэн 300 гаруй сая төгрөг зарцуулсан боловсон хүчнүүд өнөөдөр ямар амжилттай, ямар үр дүнтэй ажиллаж байгааг дүгнэсэн, тооцоолсон зүйл алга байна.
ХҮН ТУС БҮР 25.1 ЛИТР ШАР АЙРАГ УУЖЭЭ
“АСЕМ”-ын үеэр зохион байгуулсан “Нүүдэлчдийн наадам” арга хэмжээнд ихээхэн хэмжээний ус, ундаа, архи, шар айраг, зарцуулсан байна. Үндэсний зөвлөлийн 15 дугаар хурлаар “АСЕМ”-ын уулзалтад оролцох зочид төлөөлөгчдөд зориулан бэсрэг наадмыг Ерөнхий сайд С Ч.Сайханбилэг “Чингисийн хүрээ” жуулчны баазад зохион байгуулах санал гаргасан ба 1.9 тэрбум төгрөгийн төсвийг баталсан.
Тус арга хэмжээнд зарцуулсан зардлыг эзлэх хувийн жингээр авч үзвэл нийт зардлын 40 хувь буюу 315.7 сая төгрөг нь хоол, ус, архи, шар айргийн үнэ болон сүүдрэвчний түрээсийн төлбөр байгаа ба эдгээрийг “Арвайн үндэс”, “СББ”, “Чингис шар айраг”, “М-Си-Эс Кока-Кола”, “Жем Трейд”, “Ноён Уул Эрдэнэ” компаниас тус тус худалдан авсан боловч гүйцэтгэлийг 500 зочид төлөөлөгчдөд харьцуулахад нэг хүнд архи 1.1 литр, ундаа 9.6 литр, ус 5.5 литр, шар айраг 25.1 литр байхаар тооцоо гарч байгаа нь төсвийг бодитой биш, үндэслэл муутай төлөвлөсөнтэй холбоотой байна гэж дүгнэжээ.
Б.Төгс
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин