Төрийн албаны хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор долоон журамд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор өнөөдөр (2018.11.27) хэлэлцэх байсан боловч Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр болов. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат горимын санал гаргаж “Энэ олон журмыг бид нэг амьсгаагаар яг энэ нөхцөлийн дараа хэлэлцэнэ гэдэг туйлын хүнд. Тийм учраас зарчмын санал оруулж байна. Өнөөдөр гол асуудлаа хэлэлцээд, олон журмуудаа ангилаад дараа нь дахин зарлаж хуралдуулаад хэлэцлэх нь зөв болов уу. Гишүүдэд журмуудыг урьдчилсан байдлаар тараагаагүй. Үүн дээр нэлээд төвлөрч ажиллах ёстой.” гэснийг 16 гишүүний 15 нь дэмжиж, журмуудад оруулах өөрчлөлтийн асуудлыг хойшлууллаа.
Ингээд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг танилцуулсан юм. Танилцуулгын дараа гишүүд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах шаардлагад тусгасан долоон үндэслэлийн хүрээнд асуулт асууж, хариулт авсан юм. Тухайлбал,
Тусгай үүргийн онгоц ирж, явж байдаг нь хэвийн үзэгдэл
УИХ-ын гишүүн Г.Занданшатар “Д.Хаянхярваа гишүүн хууль зөрчсөн, үндэслэлгүй тайлбар нотолгоогоор Засгийн газрыг огцруулах гэж оролдож байна. Энэ тавьсан долоон үндэслэлээр нь албан ёсны байгууллагын тайлбарыг тарааж байна. Жишээ нь, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссараас Монгол Улсын Засгийн газарт Вексел Акчайг хамгаалсан үйл ажиллагаанд талархал илэрхийлсэн бичиг энд нотлогдсон байгаа. Засгийн газар цагдаагийн байгууллага дээр өөрөө шалгуулж байгаа. Гэтэл улс орны язгуур эрх ашигт харшилсан зүйл ярьж байна. Туркийн талаас тохиролцоод хүн хулгайлсан гэж үндэслэлгүй, улс орнуудын харилцаанд сөргөөр нөлөөлөхүйц юм ярьж байгаа нь харин өөрөө Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болж байна.”гэв.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Туркийн асуудлаар Засгийн газар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна. Хэрэв мэдэж байсан юм бол онгоц яагаад ирсэн юм бэ? Онгоцны зөвшөөрлийг хэн өгсөн юм бэ? Үүнд яагаад хариулт өгөхгүй байгаа юм бэ? Хэрэв та нар зөвшилцөөгүй бол Туркийн тал бүдүүлгээр манай хилийг зөрчөөд бүхэл бүтэн тусгай үүргийн онгоц ирчихээд байхад мэдээгүй байна гэдэг чинь та нарын ажлын хариуцлага биш үү гэж би сөргүүлж асуумаар байна.
УИХ-ын гишүүн Г.Занданшатар: Энэ асуудлаар Засгийн газар байр сууриа илэрхийлсэн. Тусгай үүргийн онгоц ирж, явж байдаг хэвийн үзэгдэл байж байдаг. Энийг харин сонсоогүйд харамсаж байна. Туркийн талаас тийм мэдэгдэл хийгээгүй. Ингэж бүхэл бүтийн улсын харилцаанд сөргөөр нөлөөлөх зүйл ярьж болохгүй. Энэ хэрэг УЕПГ-т шалгагдаж, хянагдаж байгаа учраас аливаа мэдэгдэл тайлбар хийгээд байх нь зохимжгүй. Хууль хяналтын байгууллагаар тогтоогдоно. Энэ бол улсын маш нууцын зэрэглэлд хамаарах асуудал учраас би дэлгэрэнгүй ярих эрх ч байхгүй. Харин очоод үзэж шалгаад та өөрөө буруу үйлдэл хийснийхээ төлөө хуулийн хариуцлага хүлээх болно шүү.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Ерөнхий сайдаас асууя. Хүн хулгайлах гэсэн оролдлого нь тэгээд худлаа юу?
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Монгол Улс ийм үйлдэл хийснийг эсэргүүцэж зогсоосон. Мэдээж энд ярих ярихгүй маш олон зүйл бий. Онгоц ирсэн тухайд бол хэлсэн зорилгоосоо өөр зүйлд зорьж ирсэн байвал олон улсын хуулийг нөгөө тал зөрчиж байгаа юм. Яг тэр шөнө гарсан мэдэгдлийг үзээрэй. Монгол Улсын тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдлыг та нар зөрчсөн байх тохиолдолд бид хатуу эсэргүүцэл илэрхийлж байна гэдгийг үгээр ч, албан бичгээр ч тийм үйлдлийг таслан зогсоосон. Туркийн талтай маш хатуу яриа хийсэн. Энэ яриа тэмдэглэлтэйгээ байгаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үүрэг гүйцэтгэгчээр Шадар сайд Ө.Энхтүвшинг ажиллуулах санал дэмжигдэв
Хуралдаан дээр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр Шадар сайд Ө.Энхтүвшинг томилох санал гаргаж, дэмжигдэв. Уг саналтай холбоотойгоор Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “Н.Алтанхуягийн үүрэг гүйцэтгэгчээр Д.Тэрбишдагва ажиллаж байсан. Дараа нь Ж.Эрдэнэбатын үүрэг гүйцэтгэгчээр өөрөө ажилласан. Иймд хамгийн сүүлийн жишиг барьдаг журмаар явах нь зүйтэй” хэмээв. Гэсэн ч гишүүд Д.Эрдэнэбатын гаргасан саналыг дэмжиж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үүрэг гүйцэтгэгчээр Шадар сайд Ө.Энхтүвшинг ажиллуулах саналыг УИХ-ын чуулганд хүргүүлэхээр болов.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь буюу 16 гишүүний 10 нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжиж, Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо.