Баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын зүүн хэсгээр тодруулбал Говь-Алтай, Увс, Баян-өлгий, Ховд аймагт энэ сарын 24-25-ны өдрүүдэд байгалийн гэнэтийн гамшигт үзэгдэл болж урьдчилсан байдлаар багагүй хэмжээний хохирол учруулжээ. Салхины хурд 18-24 м/сек зарим газарт 40м/сек хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч есөн иргэн сураггүй алга болж, гурван иргэн бэртэж гэмтэн, дөрвөн аймгийн 52 сумын цахилгаан эрчим хүч тасарч, 1600 гаруй мал шуурганд уруудаж, 211 гэр нурж, 27 барилга байгууламжийн дээвэр хуурч хийссэн байна.
Өчигдрийн (2018.11.27) 15 цагийн байдлаар сураггүй болсон есөн иргэнийг эсэн мэнд олж, эрчим хүчний агаарын шугамыг сэргээх чиглэлээр 173 хүн 23 техник хэрэгсэлтэй ажиллаж, ОХУ-аас эх үүсвэртэй 220 кВт-ын эрчим хүчний 4 тулгуур багана унасны хоёрыг сэргээн босгохоор, Увс аймгийн Улаангом сумаас Өмнөговь сум хүртэлх 110 кВт-ын 9 тулгуур унасаныг наймыг нь босгож, Увс, Ховд аймгийг хөлдөх аюулаас урьдчилан сэргийлжээ. Аймаг, сумдын онцгой албад тус бүр 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, хохирол учирсан газрууд, айл өрх, иргэдэд тусламж үзүүлж, зохион байгуулалт хийн ажиллаж байна.
Эрчим хүч тасарсан сумдын хүн эмнэлэг, сургууль цэцэрлэгийг хөлдөхөөс урьдчилан сэргийлж, нөөц эх үүсгүүрээс хангах бүхий л боломжийг дайчилж ажлиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Эрчим хүчний сайдад үүрэг болгов. Эрчим хүчний тасалдлыг арилгахад шаардагдах санхүүжилтыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргуулах саналаа ирэх лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанд бэлтгэн танилцуулж шийдвэрлүүлэхийг Шадар сайд салбарын сайдад үүрэг болгосон байна. Дээрхи аймгуудын Засаг дарга нарт эмнэлгүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулах, шуурганы улмаас гэр нь хийсч, улсын нөөцөөс дэмжлэг авах шаардлагатай айлын тоог гаргах, шаардлагатай бараа материалын жагсаалтыг танилцуулах, ЦУОШГ цаг уурын урьдчилан сэргийлэх мэдээг иргэдэд улам шуурхай өргөн хүрээг хамран хүргэх аргачлалаа боловсронгуй болгохыг холбогдох албан тушаалтнуудад Онцгой комиссоос тус тус чиглэл болгожээ.