Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2018 оны арваннэгдүгээр сарын 27-ны ээлжит бус хурлаар Бодлогын хүүг 1 нэгж хувиар өсгөн 11 хувьд хүргэх шийдвэр гаргалаа.
Хэрэглээний үнийн индексээр хэмжигдсэн жилийн инфляци 2018 оны аравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6.3 хувь, Улаанбаатар хотод 6.8 хувьтай байна. Хэдийгээр түүхий эдийн үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж, эдийн засаг энэ оны гуравдугаар улиралд хүлээлтээс давж 6.7 хувиар өссөн боловч эдийн засгийн гадаад орчны тодорхой бус байдал өндөр байна.
Ирэх оны төсвийн алдагдал харьцангуй өндөр түвшинд батлагдсан, АНУ-ын Холбооны нөөцийн банк мөнгөний бодлогын суурь хүүгээ нэмэгдүүлсэн, БНХАУ нүүрсний зах зээлдээ хязгаарлалт хийж эхэлсэн зэрэг нь төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлж төгрөгийн ханшинд дарамт учруулж байна. Иймд, Монголбанк нэг талаас эдийн засгийн идэвхжилийг дунд хугацаанд зохистой түвшинд хадгалах, нөгөө талаас гадаад зах зээлийн тодорхой бус байдлыг харгалзан үзэж Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлаар бодлогын хүүг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.
Монголбанкны энэ удаагийн шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах зорилттой нийцтэй бөгөөд төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэн, үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэлийг хамгаалж, макро эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалахад чиглэж байна.
Монголбанкнаас 2018 оны 12 дугаар сараас эхлэн Төв банкны 28 долоо хоногийн хугацаатай үнэт цаас арилжаалах шийдвэр гаргалаа.
Эх сурвалж: Монголбанк