Өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн. Энэ үеэр түүний сэтгүүлчдийн асуултад хариулсан яриаг сийрүүлэн хүргэж байна.
-УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулснаар шударга ёс тогтох уу?
-УИХ-ын дарга бол том эрх мэдэлтэй хүн. Албан тушаалын цаана эрх мэдэл байдаг. Энэ хүнийг тэр эрх мэдлээс нь чөлөөлөх гээд байгаа юм. Эрүүл саруул хүнийг Их хурлын даргаар тавьж байж энэ парламент эрүүл болно.Энийгээ ч гишүүд ойлгож, мэдэрч байгаа. Тийм ч учраас бойкот хийгээд хуралдаанд орохгүй гэсэн асуудлыг гаргаж тавьсан гэж бодож байгаа. Би өөрөө Их хурлын гишүүн биш. Хууль хяналтынхан шударгаар ажиллаж чадахгүй болсон нь спикертэй шууд холбоотой. Тиймээс энэ хүнийг үтэр түргэн өөрчлөх ёстой.
-Таны командыг хүлээгээд байгаа 200 хүн жагсахад бэлэн байгаа юм уу?
-Бүтэн сайны орой 17 цагийн үед хэсэг хүмүүс уулзъя гэж утасдсан. Бид гудамж талбайд гарахад бэлэн байна. Ард түмэн энийг шаардаж байна. Би намын байранд очиход дөрөв, таван зуугаад хүмүүс цугласан байсан. Тэдний дунд цагдаа, цэргийн хүн ч байсан. Би тэдэнд тайван ханд, хүлээцтэй ханд, ярих ёстой газар нь энэ асуудлыг уламжилж ярья гэдгийг хэлсэн. Сэтгэл амар байж бай, эргэж холбогдож ярья, би спикерийг огцруулахын төлөө явна, Их хурал, намын бүлэгтэй ажиллана гэдгээ хэлсэн. Тэгээд тэр хүмүүс тайвшраад тарсан. Түүнээс биш цэргийнхнийг зохион байгуулаад хувьсгалт тэмцэл хийх гэж байгаа зүйл огт байхгүй.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан маш хариуцлагагүй юм ярьж байна лээ. Шойгу ирээд явсан, танк авчирж байгаа юм гэнэ лээ гэж. Би ард түмнийхээ өмнөөс буу зэвсэг барьж босдог хүн биш. Ард түмэн тайван замаар хувьсгал хийж болно. Ард түмнийг тайван байлгая гэвэл их хурлын дарга, хотын дарга ажлаа өгчих өө, тэгвэл ард түмэн амгалан байна. Энэ Их хурлыг хариуцлагатай, зарчимтай, зангарагтай хүн удирдаасай гэж би бодож байна.
-ЖДҮХС-аас авсан зээлийн 950 сая төгрөг таны Ерөнхий сайд болсон кнопын ханш юм уу?
-950 сая төгрөгийн асуудлыг би огт мэдэхгүй, тийм зүйл огт байхгүй. Хүмүүс тэгж яриад байгаа юм, чамайг дэмжсэн хүмүүст чи 950 сая төгрөг өгчихсөн юм уу гэж. Тийм зүйл огт байхгүй. Тэр мөнгө төгрөг тараасан, асуудалд холбогдсон сайдыг огцруулсан. Мөнгө авсан гишүүдийг хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа. Зээл авсан компаниудыг шалгаж байгаа. Удахгүй хэн буруутай нь тогтоогдоно. Хэргийн үйл явцын талаар мэдээлэл алга.
-27 гишүүнээ намаас хөөх үү?
-27 хүнийг намаас хөөе гэсэн зүйл байхгүй. Болж бүтэхгүй байгаа нөхөдтэй хариуцлага тооц гэсэн шаардлагыг намынхан тавьж байгаа. Зарим хүмүүстэй намын хариуцлага тооцно.
-Н.Цэрэнбат, Я.Содбаатар нарын асуудал дээр Та яагаад тодорхой шийдвэр гаргахгүй байгаад байгаа юм бэ?
-Намын бага хурал удахгүй хуралдана. Хэнтэй хариуцлага тооцох вэ гэдэг асуудал яригдана. Я.Содбаатар хууль хяналтын байгуулагад шалгагдаж байгаа. Хэрэв буруутай нь тогтоогдвол ажлаас нь халах шиг амархан юм байхгүй. Чиний авсан зээл тогтоогдвол ажлаа өгөөрэй гэсэн, өөрөө өгье гэсэн.
Ийнхүү Ерөнхий сайд У.Хүрэлсүх сэтгүүлчдийн сүүлчийн асуултад хариулахдаа “Намайг цэргийн хүн учраас Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг гэж боддог юм шиг байгаа юм. Би ерөнхийлөгчийн засаглалыг биш, парламентын засаглалыг дэмждэг. Сонирхуулж хэлэхэд, миний дотоод ертөнцхоёр танхимыг дэмждэг, дээд доод танхимтай байгаасай гэж. Монголын ард түмэн засаглалынхаа хэлбэрийг солиосой гэдгийг эсрэг байдаг. Парламентын засаглал манай улсад хамгийн тохиромжтой засаглал гэж би үздэг.” гэлээ.