ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд их хэмжээний зээл авсан тухай мэдээлэл нийтэд ил болсон. Үүнтэй холбоотойгоор Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн өчигдөр (2018.11.23) Төрийн ордонд болсон юм. Тус зөвлөгөөнд оролцогчид төрийн байгууллагын үйлчилгээг чирэгдэлгүй болгох, татварын таатай орчинг бүрдүүлж, ЖДҮХС-ийн үйл ажиллагааг шилэн болгох, зээл авахад шаардагдах хөрөнгийн барьцааг уян хатан нөхцөлтэй болгох, ЖДҮХС-г бие даасан агентлагт хариуцуулах зэрэг хэд хэдэн асуудлуудыг хөндөж, өөрсдөд тулгарч буй бэрхшээлүүдийг ярьж байлаа.
Энэ үеэр Монгол Улсын Их Сургуулийн профессор, эдийн засгийн ухааны доктор Б.Отгонтөгс “ЖДҮ-ийн талаарх судалгаа, зөвлөмж” илтгэлдээ “ЖДҮХС-гийн зээлд 2009-2016 оны хооронд 754,5 тэрбум төгрөг зарцуулсан. Монголбанкнаас жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, санхүүжилтийн байдалд хийсэн 2017 оны түүвэр судалгаанд статистик түүврийн аргаар Улаанбаатар хотоос 1000, аймгуудаас 30-50 буюу нийт 1850 жижиг, дунд үйлвэрлэгчдийг сонгосон.
Судалгаанд оролцсон ЖДҮ эрхлэгчдийн 79 хувь нь зөвхөн нэг чиглэлээр бизнес эрхэлдэг бол үлдсэн хувь нь олон төрлийн салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байна.
ЖДҮ эрхлэгчдийг өмчлөлийн хэлбэрээр нь авч үзвэл дийлэнх хэсэг буюу 97 хувь нь дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд эзэлж байна. Харин гадаадын хөрөнгө оруулалттай 1 хувь, холимог өмчлөлтэй ЖДҮ эрхлэгчид хувийг эзэлдэг. Судалгаанд оролцсон аж ахуйн нэгжүүдээс дотоодын хөрөнгө оруулалттай ЖДҮ эрхлэгч нар түлхүү оролцсон.
Үйл ажиллагааны төрлийн тухайд санал асуулгад оролцогчдын ихэнх нь буюу 74 хувь нь худалдаа болон үйлчилгээ, 13 хувь нь үйлдвэрлэл, 5 хувь нь хөдөө аж ахуй, 4 хувь нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байна.
Мөн ЖДҮ эрхлэгчдийг үйл ажиллагаа явуулж буй хугацаагаар авч үзвэл 14 хувь нь 1 жил хүртэлх, 19 хувь нь 1-3 жил, 19 хувь нь 3-5 жил, 23 хувь нь 5-10 жил, 25 хувь нь 10 дээш жил үйл ажиллагаа эрхэлж байна.
ЖДҮ эрхлэгчдийн дийлэнх буюу 84 хувь нь 1-9 хүртэлх тооны ажиллагсадтай байдаг. Харин 13 хувь нь 10-49 хүртэлх тооны ажиллагсадтай бол 50-иас дээш тооны ажиллагсадтай ЖДҮ эрхлэгчид нийт оролцогчдын 4 хувийг тус тус эзэлж байна” гэж онцлов.
Дээрх судалгааны дүнгээс үзвэл 500 саяаас нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой ЖДҮ эрхлэгчид цөөн байдаг байна. Яг жинхэнэ ЖДҮ эрхлэгч гэж хэнийг хэлэх вэ гэдгийг хууль, журамд тодорхой заасан байгаа.
Дээрх зөвлөгөөнөөс УИХ, Засгийн газарт ЖДҮХС-д анхаарал хандуулж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан албан бичиг хүргүүлэх, зөвлөгөөнд оролцогчдоос Ажлын хэсэг байгуулах шийдвэрийг гаргасан юм. Тэд дараагийн ээлжит зөвлөгөөнийг ирэх онд хийхээр болов.
Дашрамд дуулгахад, УИХ-ын нэр бүхий гишүүд хамтран ЖДҮХС-гаас зээл авсан асуудлыг шалгах Түр хороо байгуулах тогтоолын төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан. Төсвийн байнгын хорооны өчигдрийн (2018.11.23) хуралдаанаар Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэж, Түр хороо байгуулах эсэхийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон байна.