Ж.Мөнхбат: Засгийн газарт хариуцлага тооцож чадахгүй бол УИХ тар

2018-11-19 16:021min1
j munhbat 1

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийн эхэнд өөрийнх нь зөвлөх рүү халдсан тухай мэдээллийг хүргэсэн юм. Тэрээр энэ талаар “Намайг бараг өөрөө зөвлөхийнхээ толгойг хагалчихаад улс төр хийж байна гэдэг асуудлыг олон нийтийн сүлжээгээр цацаж байна. Би нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлье. Би бол ямар нэгэн улс төрийн зарчмын байр суурь болон өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлийг хүний нүүр нүд рүү хэлдэг.

Тийм учраас надад ийм юм зохион байгуулах шаардлага байхгүй. Би ийм хэмжээний юм хийхийн төлөө зөвлөхийнхээ толгой руу трубагаар цохиод зогсож байх ёс суртахуунтай хүн биш. Үүнийг би шууд утгаараа магадгүй улс төрийн анхааруулга өгч байгаа дохио юм болов уу гэж хүлээж авч байгаа. Баталгаа нотолгоо байхгүй болохоор хэлж мэдэхгүй юм. Энэ асуудал хуулийн дагуу БГД-ийн цагдаагийн хэлтэс дээр шалгана.

Би өнөөдөр бүлгийн хурал дээр Ц.Нямдорж сайдад энэ асуудлыг цагдаагийн байгууллагад шударгаар нь хурдан шуурхай шийдвэрлэж өгөөрэй гэдэг хүсэлтийг тавьсан. Өнөөдөр би Хууль зүйн сайдад, ЦЕГ-ын даргад, ТЕГ-ын даргад энэ асуудалтай холбоотойгоор албан тоот хүргүүлж байна. Үүнд энэ хэргийг түргэн шуурхай илрүүлж өгөх, мөн цаашдаа миний бие, гэр бүл, хамтран зүтгэгчдэд эрсдэл үүсч болзошгүй байна. Иймээс энэ дээр сэргийлэх арга хэмжээг хуулийн дагуу авч өгнө үү гэсэн албан тоотыг албан ёсоор хүргүүлж байна.” гэв.

Энэ Засгийн газрыг томилсон инситут чинь УИХ

Тэрээр цааш ярихдаа “УИХ-ын чуулганы танхимд би нэлээд эрс хатуу байр суурийг илэрхийлсэн. Тийм учраас үүнтэй холбоотой ч юм уу энэ асуудал хөндөгдөж байна уу даа гэж харж байгаа юм. Хариуцлага алдсан сайд нартаа хариуцлага тооцохгүй байгаа Ерөнхий сайдыг огцруулах албан бичиг дээр би гарын үсэг зурсан. УИХ-ыг тарах асуудлыг би хөндөж тавьсан.

Өнөөдөр би “УИХ-ыг тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлэх тухай” тогтоолын төслийг өөрийн албан бланк дээрээ бичээд гарын үсгээ зурж эхлүүлж байна. Хэд хэдэн гишүүд үүнийг дэмжиж гарын үсгээ зурна гэдгээ надад илэрхийлсэн. Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ыг тараах асуудлыг УИХ-ын даргатай зөвшилцөж өргөн мэдүүлсэн нь хуулийн өөр заалт шүү. Миний хөндөж байгаа нь УИХ өөрөө тарах буюу гишүүд нь өөрсдөө таръя гэдэг санаачлагыг гаргаж гарын үсэг зурсан нөхцөлд УИХ тарна гэж ойлгож болно.

-ЖДҮ-г яриад удлаа. Миний бие Ерөнхий сайдад энэ зээлтэй нэр холбогдсон сайд нартаа хариуцлага тооцооч, мөн авлигын бусад хариуцлагын алдаа гаргасан Засгийн газрын гишүүддээ хариуцлага тооцооч ээ гэдэг асуудлыг хэд хэдэн удаа тавьж байсан. Гэвч ямар нэгэн алхам хийсэнгүй.

-УИХ-ын чуулган дээр Б.Батзоригийг сайдаас огцруулах үеэр Ерөнхий сайд Үндсэн хуулийн хямралд ард иргэдийг уриалан дуудсан мэдэгдлийг хийсэн. Өчигдөр гэхэд Ерөнхий сайд намын байран дээр хүмүүс цуглуулж жагсаал цуглаан хийх тухай асуудлыг хөндөж тавьсан байна. Энэ бол Үндсэн хууль зөрчиж байгаа асуудал.

-Би УИХ-ыг тар гэж байгаа. Яагаад гэвэл ЖДҮХС-тай холбоотойгоор олон гишүүд нэр холбогдлоо. Хуулийн хариуцлага алдсан, ёс суртахууны алдаа гаргасан энэ сайд нар, энэ өндөр албан тушаалтнуудтайгаа Засгийн газар, Ерөнхий сайд нь хариуцлага тооцож чадахгүй юм байна. Тэгвэл энэ Засгийн газрыг томилсон инситут чинь УИХ. УИХ тэгвэл яагаад өөрийн томилсон субъектэйгээ хариуцлага тооцож чадахгүй байгаа юм бэ? Хариуцлагыг төрийн бүх шатанд ярья гэж байгаа юм.

Тиймээс би хэрэв УИХ Засгийн газарт хариуцлага тооцож чадахгүй бол цаашдаа энэ Их хурал чадамжгүй болсон байна гэж үнэлж дүгнэхээс өөр аргагүй болж байна. Тийм учраас ийм хоёрын хооронд Их хурал байх хэрэггүй тар гэж байгаа юм. Ийм үндэслэлүүдээр өнөөдрөөс би УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлж байна.” гэж мэдэгдлээ.

Мөн энэ үеэр Ж.Мөнхбат гишүүнтэй холбоотой гэх концессчин, нүүрсчин, хэдэн тэрбумын байранд амьдардаг, тоглолт зохион байгуулсан зэрэг мэдээллүүдэд тайлбар хийв.

Монголын улс төрд намайг С.Төмөр-Очир гэдэг хүн хөтөлж оруулж ирсэн

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

-Иргэдийн язгуур эрх ашгийг хүндэтгээд МАН хоорондоо учраа олчихож болдоггүй юм болов уу. Хоёрдугаарт Та Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан хэд дэх гишүүн нь болсон бэ?

-Нам дотор үүсээд байгаа асуудал өнөөдөр эхэлсэн юм биш. Бүлгийн дарга Хаянхярваа намаа хагалсан учраас хаянхярвааг огцруулна гэсэн сонин үндэслэл ярьсан. Би үүн дээр санал нийлэхгүй байгаа. Өнгөрсөн жил Ж.Эрдэнэбатыг огцруулна, огцруулахгүй гэдэг дээр манай бүлгийн 65 хоёр хуваагдсан юм. Огцруулна гэж 33 хүн гарын үсэг зурсан. Ингээд л хагарсан шүү дээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг томилдог хуралдаан дээр бүлгийн 32 гишүүн орж ирээгүй. Миний зүгээс өнгөрсөн хугацаанд учраа ол гэж хэрэндээ хичээж ажилласан. Би аль алинд нь “улс төрийн нам гэдэг хувийн компани биш ээ. Учраа олж чадахгүй бол ажлаа өгөөд явцгаах хэрэгтэй” гэдгийг хэлж байгаа. Харин би Засгийн газрыг огцруулах бичигт хэд дэх хүн болж гарын үсгээ зурсанаа мэдэхгүй байна.

-Нэг намын хагаралаас болоод долдугаар сарын 1-н шиг юм болох юм бол хариуцлагыг нь хэн хүлээх вэ?

-Энэ асуудал төрийн институцийн гацаа түгжээ болж байгаа нь үнэн. Энэнээс л гарах хэрэгтэй. Хувийн эрх ашгийн дээр намын эрх ашиг бий. Намын эрх ашгийн дээр улс орны эрх ашиг бий. Тийм учраас амиа бодох биш намаа бодох хэрэгтэй, цаашлаад намаа биш улс орноо бодох хэрэгтэй гэсэн хатуу зарчмын байр суурьтай байгаа. Өнөөдөр Монгол Улсыг удирдаж байгаа хүмүүс арай ч нийгмээ хямрал, мөргөлдөөн рүү түлхсэн юм хийхгүй байх гэдэгт би итгэж байгаа.

-УИХ-ыг тараах асуудалд таныг хэдэн гишүүн дэмжихээ илэрхийлээд байгаа вэ?

-УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах асуудалд Ж.Бат-Эрдэнэ, Ё.Баатарбилэг гээд 4, 5 гишүүн гарын үсэг зурна гэдгээ илэрхийлсэн.

-Ж.Мөнхбат гишүүнийг У.Хүрэлсүх сайд гараас нь хөтөлж оруулж ирсэн. Гэтэл улс төрд хөл тавиулсан хүнийхээ эсрэг тэмцэж эхэллээ. Монголын улс төрд өөрийн чинь гараас хэн хөтөлж оруулж ирсэн юм бэ?

-Монголын улс төрд намайг С.Төмөр-Очир гэдэг хүн хөтөлж оруулж ирсэн юм. Тухайн үед би их сургуулиа төгсөөд энэ хүний туслахаар нь ирж ажилласан. У.Хүрэлсүх сайд бид хоёр олон жилийн өмнөөс бие биенээ таньж мэдэх ойр дотно хүмүүс. Гэхдээ төр улсын хувь заяаны асуудал дээр хувь хүмүүсийн ах дүү, найз нөхдийн аминч харилцаа байх ёсгүй ээ гэж би бодож байгаа. Буруу юм байвал бурууг нь хэлээд л явна, зөв юм байх юм бол зөвийг нь дэмжээд л явна.  Энэ бол бие биедээ тавих хувь хүмүүсийн өр ширний асуудал биш гэж бодож байгаа.

1 сэтгэгдэлтэй

  • Аяамус

    2018-11-19 16:34 at 16:34

    Монголд зөв дуугарсан хүн яагаад намдаа ч төрдөө ч ад үзэгддэг юм бэ? Харин бүлэглэсэн хулгайч байхаараа өөрсдийгөө лут өмгөөлөх юмаа.Хаянхярваа Мөнхбат гишүүн зөв л дуугарсан. Коммунистууд үндэстнээ хядаж, төр барьдаг улс шүү дээ.

    Хариулах

Аяамус сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй