Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Улс тунхагласны баярын өдөр Монголын залуучуудын холбооноос Ерөнхий сайдын ивээл дор “Иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагааг орон даяар 16 дахь жилдээ болно. Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулдаг энэхүү ёслолын үйл ажиллагаанд 16 нас хүрч байгаа шинэ залуу үеийн төлөөллүүд оролцдог.
“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагаанд нийслэлийн есөн дүүргийн 850 сурагч нэгэн дор андгайгаа өргөж, 33 төлөөлөл сурагч Монгол Улсын Ерөнхий сайд болон салбар бүртээ манлайлан ажиллаж байгаа олны танил эрхмүүдээс иргэний үнэмлэх, батламжийг гардан авна.