УИХ (2018.11.06) Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас Батжаргалын Батзоригийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Өчигдөр (2018.11.05) Шадар сайд Ө.Энхтүвшин түүнийг албан тушаалаас чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан. Асуудлыг хуулийн дагуу 48 цагийн дотор хэлэлцэх ёстой учраас УИХ хуралдаж байна.
Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах саналыг Прокурорын байгууллагаас мөн ирүүлсэн байгаа. Чуулганы танхимд УИХ-ын гишүүн Л.Болд энэ эргүүлэгт олон газар хамрагдах гэж байна. Араас нь Ерөнхийлөгч Ерөнхий прокурорынхоо асуудлыг оруулж ирэх ёстой. Б.Батзориг үнэнээ хэл хэмээв.
Сайдын албан тушаалаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн Б.Батзориг “Энэ ажлыг аваад жил гаруй хугацаа өнгөрлөө. Газар тариалан, мал аж ахуйн салбарт өсөлт гарсан байгаа. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой асуудлаар хариуцлага хүлээж албан тушаалаа хүлээлгэж өгөх хүсэлтээ гарсан. Ийм асуудал гарсанд ард түмнээсээ, ээжээсээ, салбарынхаа хамт олноос уучлал хүсье гэв.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: ЖДҮ гэж нэг өвчин Монгол төрд гарлаа. Ерөнхий сайдын ярьж байгаатай санал нэг байна. Тогтолцооны шинэчлэл хийх цаг болсон. Б.Батзориг сайдыг огцрууллаа гээд бүх юм сайхан болохгүй. Б.Батзоригийг огцруулснаар Монгол төр маргааш сайхан болчих юм уу. Хоёр нам, хоёр хар хэрээ нэг нэгнээ муу хэллээ гээд сайхан болчихгүй шүү.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хоёр хэрээ нэг нэгнээ муу хэлээд төр сайхан болохгүй. ХХААХҮ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Б.Батзориг сайд өргөдлөө өгч, бид огцруулж байна. Өргөдлөө өгсөн нь жишиг болохуйц үйлдэл. Энэ хүн өнөөдөр огцорч байгаа ч хэд хэдэн чухал ажлыг хийсэн. Тодорхой хэмжээнд салбартаа сайн ажилласан ч сангийн үйл ажиллагаатай холбоотойгоор улс төрийн хариуцлага хүлээж байгааг нь дэмжиж байна.
Зээл авсан гишүүд ёс зүйн хариуцлагаа хүлээгээд ард түмнээс уучлалт гуйчихаач ээ. Мэдээж хууль хяналтын байгууллагууд шалгаад хэнд ямар хариуцлага тооцохоо шийдэх байх.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Нийгэм чинь төрийн ордон тойроод жагсаж байна. Өвөлжингөө, хаваржингаа жагсана. 47 тэрбумыг ЖДҮХС дээр тавьж болохгүй, банкаар дамжуулъя, шилэн болгоё гэж ярьсан. Ер нь бол телевизийн шоу Шарк танк шиг байдлаар зээл олгосон ч болно шүү дээ.
Хамгийн хөнгөлөлттэй зээлд дандаа дарга, сайд нар холбогдоод байхаар иргэд бухимдах нь аргагүй. Хулгай хийгээд баригдахаараа уучлалт гуйдаг жишгийг ард түмэндээ харуулж байна. Зөвхөн Б.Батзориг сайдаараа туг тахиад өнгөрч болохгүй байх. Өөр ямар сайдууд нэр холбогдоод байгаа юм. Энэ асуудлыг УИХ дээр нээлттэй ярих хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Одоо энэ Засгийн газрын сангийн хуулиар 29 сан ажиллаж байгаа. Эдгээр сангуудын үйл ажиллагаа яаж явж байгааг харах цаг болсон байна. Хөгжлийн банкны хэрэг юу болсон бэ. АСЕМ-ын мөнгөнөөс идсэн хүмүүс яахын эдгээр асуудлууддаа хариуцлага тооцохгүй юм уу.
Зээлийн асуудлаар УИХ-ын гишүүдэд хүсэлт ирдэг. Надад ч ирсэн. Би Б.Батзориг сайдад хэлсэн. Үнэхээр шаардлага хангахгүй юм байна аа гээд хэлж байсан. Б.Батзориг сайдын хийсэн сайн юмыг хэлэх хэрэгтэй. Тариалан тарьдаг найзууд маань “Тариаланчдын хувьд хамгийн зөв сайд байсан” гэдгийг хэлж байгаа.
УИХ-ын чуулганы тойм
1 comment
Bat-zorgiin.sainiig.arin.Yamar.huuhed.yum.uu.SHOROND.hataa.Muu.hulgaich.nar.Hunii.adguud.tord.baina