Ойрын өдрүүдэд Олон улсын вальютын сангийн асуудал яригдаж хэвлэлийнхний анхаарлын төвд байна. Засгийн газраас өнгөрсөн онд энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлийг тавьснаар олны анхааралд өртсөн халуун сэдвийн нэг болов.
Засгийн газар ОУВС-тай тохирсон хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж чадвал цаашид Монгол Улсын эрсдэл буурах боломж бүрдэнэ гэдгийг Монгол улс дахь Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгч Нийл Сакер онцоллоо. Түүний хэлсэнээр манай улсын зээлийн хүү өндөр байгаа нь төдий чинээ эрсдэл өндөр байгаа аж. Тухайлбал, ам.долларын хадгаламжийн хүү Монголд найман хувь бол АНУ-д нэг хувь байгаа юм. Эрсдэл өндөр байгаагаас шалтгаалан хүү өсдөг байна. Ниль Сакер Засгийн газарт хандаж төсвийн зардлаа багасгах хэрэгтэй болхыг анхааруулав.
Хэрэв ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлбэл нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт орж ирэх юм байна. Энэ нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний тал хувьтай тэнцэж байгаа юм. Гэхдээ тус сангаас гурван сар тутамд үнэлгээ хийх бөгөөд төсвийн алдагдал, өрийн хэмжээ зэрэг эдийн засгийн үзүүлэлт бүрт зорилтот түвшинг тогтоожээ.
ОУВС-гаас манай улсад хатуухан шаардлага тавьж буй бөгөөд Засгийн газар тохирсон зүйлээ тухай бүрт нь биелүүлэх ёстой гэнэ. Энэ нь тайлангаа цаг тухай бүрт нь танилцуулах, санхүүжилтийг зөв зүйлд зарцуулах юм. Харин “гэрийн даалгавар”-аа хийгээгүй бол ОУВС- гийн захирлуудын зөвлөл дараагийн шатны санхүүжилтийг нь зогсоох шийдвэр гаргах магадлалтай аж.