Ерөнхийлөгчийг уурлуулсан хүн дэргэд нь бий

Ерөнхийлөгч ууртай байна. Уурандаа хэрэггүй ч юм их ярилаа, хийтэй зүйл ч их хэллээ.

Ерөнхийлөгчийн уурыг хүргэсэн гол хүмүүс нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хоёр юм байна гэж ойлголоо. Бас Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, 2019 оны төсвийн ажлын хэсгийн дарга Д.Оюунхорол, ер нь МАН-ын бүх гишүүн түүний уурыг хүргэжээ. Тиймээс ч цензургүй яриахаасаа өмнө УИХ-ыг тараах шаардлагыг УИХ-ын дарга М.Энхболдод өгсөн байна.

За яахав, нэгэнт л цензургүй ярианд орсон болохоор Ерөнхийлөгч цензургүй л ярих шиг боллоо. Гэхдээ Ерөнхийлөгч уур унтуу хүргэсэн хүнээ арай л буруу тоочиглоод байх шиг байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр ирэх оны төсөв дээр ингэж ажиллая гээд зарчим тохирч л дээ. Майдар хотыг дэмжих, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих гээд бодитой зүйлүүдийг ярьсан байна. Ер нь бол төрийн өндөрлөгүүд төсөв ярих үед иймэрхүү зүйлүүдийг тохироод л явдаг жишиг бий.

Гэтэл Майдар хот, дэмжих салбар битгий хэл Тамгын газрынх нь зардлыг тас хассан төсөв батлахаар болчихжээ. Үүнийг мэдээд, ихэд уурласан Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Ерөнхий сайдыг дуудаж уулзжээ. “…Чи яагаад тохирсноо хийхгүй байгаа юм бэ, төсөв юу болоод байна вэ” гэхэд нь Ерөнхий сайд “…Та Хүрэлбаатартай уулзаж тохирох хэрэгтэй” гэжээ. Ингэхэд Ерөнхийлөгч “

…Чи Ерөнхий сайд байж Сангийн сайдаа барьж дийлдэггүй юм уу” гэсэн тухай зарим эх сурвалж бичсэн байна. Бас улс төрийн хүрээнд энэ яриа явж байна. Яг үнэнийг хэлэхэд Ерөнхий сайд Ерөнхийлөгчид үнэнийг л хэлсэн байгаа юм. Гэвч цаадах нь ойлгоогүй бололтой. Энэ асуудал дээр Ерөнхийлөгч Ерөнхий сайдад тунирхаж, үг хаяад байх шаардлагагүй байжээ. Ерөнхий сайдын үгийг л ухах ёстой байж. Учрыг ухвал Ерөнхийлөгчийн Тамгын газрын зардал тэгтлээ танагдаж, Майдар хотын дэд бүтцийн хөрөнгө хасагдсанд буруутай хүн нь Тамгын газрын дарга нь гэж байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Сангийн сайд хоёрын харилцааг мэдэхгүй хүн Монголд ховор. Улс төр рүү өнгийдөг хүн бүр мэднэ. Хоёрхон жилийн өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга УИХ-ын дарга байлаа. Сангийн сайд сул гишүүн байв. Тэр үед УИХ-ын дарга сул гишүүнийг үг хэлэхэд нь “…Увсынханд орчуулагч хэрэгтэй” гэж хэлээд дараа нь сонгуулиар Увсад очоод “алуулах” шахсан.

Сул гишүүн ч хариу барьсан нь тэр. Дараа нь 2016 оны сонгуулиас нэг жилийн дараа МАН засгаа унагаж, өнөөх сул гишүүнийг Сангийн сайд болох гэхэд Хотгор шанагын уурхайг зарсан гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болсон нөгөөх УИХ-ын дарга бүх чадлаараа эсэргүүцсэн. Ингэж энэ хоёр хүн эвлэршгүй дайснууд болсон юм. Сангийн сайд ч саяын төсөв дээр инэгж хасалт, таналт хийхээ Ерөнхий сайддаа ойлгуулсан бололтой юм. Тиймээс Ерөнхий сайд Ерөнхийлөгч дээрх үгийг хэлээд гарсан болж таарч байна.

Ингэхээр Ерөнхийлөгчийг уурлуулсан хүн дэргэд нь байгаад байгаа юм байна. Цаашид Ерөнхийлөгч Ерөнхий сайд хоёрын яриа хөөрөө, эв найр хэвэндээ байна гэвэл нэг бол Ерөнхйилөгчийн дэргэдээс Тамгын газрын дарга нь явах, эсвэл Ерөнхий сайдын багаас Сангийн сайд нь гарах л болж байгаа юм. Төрийн ажилд хувийн харилцаа хутгалдсан өнөөгийн нөхцөл байдалд үүнээс өөр гарц үгүй юм.

Эх сурвалж: polit.mn

2 thoughts on “Ерөнхийлөгчийг уурлуулсан хүн дэргэд нь бий

  1. zochin 2018-10-30 14:06 at 14:06

    Ene shudarga bus baidaliig harj bgaa Mongol hun bitgii hel Gadnii humuus ch uurlaad uheh gej baihad…Harin ch manai Mongolchuud teneg tuldaa tesej bgaa bolohoos bish oor uls orond bol ali hediin buh zuil duussan bgaa daa.

    Хариулах
  2. иргэн 2018-10-30 14:30 at 14:30

    Зи улс төр болон төрөөс бүрмөсөн зайлах нь түмэн зөв. Тэр ямар идэх хоолгүй гэх биш.

    Хариулах

иргэн-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн