ЖДҮХС-аас хамаарал бүхий аж ахуйн нэгжүүддээ зээл авсан хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүд, сайд нарыг АТГ шалгаж эхэлжээ. Нийслэлийн Прокурорын Газар “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод цахим орчинд нийтлэгдээд буй “…Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас зээл авсан иргэдийн нэрсийг зарлаад байна” гэсэн утга бүхий мэдээллүүдийг хянаад ЖДҮХС-ийн хөрөнгийг эрх бүхий нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгон зээл олгосон албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзсэн.
Тиймээс Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн” гэж мэдэгдэв.