Ардчилсан хувьсгалын алтан хараацай гэгддэг МоАХ-ны анхны ерөнхий зохицуулагч, УИХ-ын гишүүн агсан С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг өдгөөгөөс 20 жилийн өмнө гарсан. Тэр цагаас хойш энэ хэргийн эргэн тойронд элдэв таамаглалууд тасралтгүй дагаж ирсэн. Харин хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа гэхээс өөр ямар нэгэн тодорхой хариулт өгөлгүй явсаар 18 жилийн дараа буюу 2016 оны сүүлчээр гэнэт гэмт хэрэгтнүүдийг илрүүлэн ялласан нь одоо ч гэсэн эргэлзээ төрүүлсэн хэвээр буй. Учир нь бусадтай бүлэглэж, шунахайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар, хүнийг санаатай алсан гэсэн зүйл ангиар ял сонссон Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт 24-25 жилийн хорих ял оноосон ч уг хэргийн захиалагч нь тодорхойгүй хэвээр байгаа юм.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр хэрэгт холбогдсон этгээд бүх насаар хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэнээс хойш хорин жил өнгөрсөн бол мөрдөн шалгаж байгаа хүнд гэмт хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн Эрүүгийн хуулийн 1.10-ын 1.4 дэх заалтын дагуу хэрэгсэхгүй болгох бололтой.
Энэ тухай буюу Ажлын хэсгийг татан буулгах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ. Олон асуулт, эргэлзээ дагуулсан уг хэргийг үүгээр эцэслэх үү гэсэн бас нэг том асуулт ард түмний дунд үлдлээ.
1 comment
Энэ хэргийн захиалагчын нэрийг ХЗДХ-ийн сайдаас гадна хуулийнхан бүгд мэдэж байгааг сайд нь батлаж олон түмэнд орон даяар хэвлэл мэдээллээр зарласан шүүдээ,тэр хүн нэгийг бодож хоёрыг тунгааж байгаа биздээ.