Булган аймгийн Орхон сум хоёрдугаар баг Овоотын хөтөл гэх газарт Toyota Prado маркийн авто машин онхолдож нэг хүн нас барсан хэргийн тухай дуудлага 2018 оны 10-р сарын 14-ны өдрийн 01:23 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна. Талийгаач нь Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулга байв. Тэрээр Эрдэнэт хотод очиж тайлбар авахаар явж байсан бөгөөд хавтаст хэргүүдээ цүнхлэн албаны машинтай явж байхдаа осолдсон байна. Харин цагдаагийн үхлийн тухай амиа хорлолт байсан, Х.Бат-Ялалт тэргүүтэй хүмүүс сэтгэл санааны хямралд оруулсан, золгүй тохиолдол байсан гэх мэтээр олон таамаг хөвөрч байсан юм. Олон таамгийн аль нь зөв болох, талийгаач ямар хүн байсан зэргийг тодруулахаар бид Булган аймгийн Гурванбулаг суманд ажиллаа.
Булган аймгийн Гурванбулаг суманд биднийг очиход цоожтой кабон угтсан юм. Учрыг нь тодруулахад тус сумын цагдаа нь чөлөө авсан, харин хэсгийн төлөөлөгч өөд болсон болохоор зэргэлдээ сумын цагдаа нар ээлжээр тус суманд ажиллаж байгааг хэлсэн юм. Бид талийгаачийн хувийн байдлын талаар тус сумын оршин суугчидтай уулзахад зарчимч, нямбай хүн байсан гэдгийг хэлж байлаа.
Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг дарга А.Эрдэнэбулган:
Талийгаач Мөнхтулга 2018 оны 6 сараас манай суманд томилогдож ирж ажилласан. Ажиллаж байх хугацаандаа хамтарч ажиллахад эвсэг, ажилдаа шударга хүмүүстэй харьцах харьцаа нь эерэг залуу байсан даа. Энэ сарын 14 ны өглөө аваарт ороод нас барлаа гэдгийг сонссон. Нарийн сайн мэдэхгүй байна. Аймаг руу албаны ажилтай явлаа гээд л явсан.
Суманд цагдан хорих байр гэж байхгүй. Хөдөөгийн ямар ч суманд цагдан хорих байр байдаггүй. Гэхдээ суманд ажиллах цагдаагийн албан хаагчийн амьдрах орчин, ажиллах нөхцөл бололцоог сайжруулахад цагдаагийн байгууллага болон сум орон нутгаас анхаарч хамтарч ажилладаг. Цагдаагийн байгууллагын зүгээс ажиллаж, амьдрах байраар хангасан. Харин бид ажиллах нөхцөл бололцоог нь хангаж ажил үүргээ гүйцэтгэхэд нь зориулан орон нутгийн хөгжлийн сангаас автомашин авч өгсөн. Сумын төвийг камержуулах ажлыг хийсэн. Согтуурлын зэрэг тогтоох багаж, торгуулийн хуудас хэвлэдэг машин зэргээр бүрэн хангаж өгсөн.
Х.Бат-Ялалт гэдэг хүн 10 сарын 1-нд энүүгээр ирсэн. Ирж надтай уулзсан. Хулгайн хэргээр шалгагдаж байгаа хүн өөрөө гомдол гаргасан гомдлын мөрөөр ирж байна гэж танилцуулсан. Өөрийгөө ТББ-ын тэргүүн гэж байсан.
Булган аймгийн Гурванбулаг сумын Соёлын төвийн эрхлэгч Ч. Бат-Очир:
Хэсгийн төлөөлөгч асан Э.Мөнхтулга гэдэг залуутай соёл урлагийн үйл ажиллагаанд оролцуулах тал дээр хамтарч ажиллаж байсан. Энэ 10 сарын эхээр Бүрэг хангай суманд Булган аймгийн урд талын сумдын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудын урлаг спортын наадамд оролцох болсон юм. “Ахаа би “Яг түүн шиг” нэртэй тэмцээнд нь оролцох гэж байгаа гээд бид хоёр нийлж бэлдсэн. Би ая фонограммыг, өөрөө хувцас хунар, дуугаа бэлдээд Бүрэгхангайд очиж, тэр төрлөөрөө сумуудаасаа тэргүүлж, алтан медаль авч байсан. Нэлээн баяр хөөртэй ирсэн. Яг тэр үеэр нь Орхон аймгаас ирсэн Дорж гэдэг нөхрийн тухай бичлэг гарч эхэлж байсан.
Тэр мэдээллийн доор би “Цагдаагийн ажилтныг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах үйл явцад нь шууд ингэж хөндлөнгөөс нь оролцож болдог юм уу. Тийм эрх байхгүй шүү” гэж өөрийн үзэл бодлоо илэрхийлж байсан. Гэтэл намайг “цагдаагийн албан хаагчийг өмөөрсөн” энэ тэр гээд элдвээр л хэлсэн. Үнэндээ цагдаа ч бас хүн. Болохгүй бүтэхгүй юм бүхний араас л явж байдаг. Үнэхээр харамсалтай байна. Хайран сайхан залуу.
Эцсийн эцэст хэвлэл мэдээллийн байгууллагууд ёс зүйтэй байх хэрэгтэй. Х.Бат-Ялалт гэдэг хүнийг мэднэ. Янз бүрийн байдлаар олон нийтийн өмнө гарч ирэн “Иргэний эрхийн төлөө тэмцэж байна” гэдэг. “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын байгууллагын тэргүүн, “Монгол хүний төлөө нам”-ын дарга ч гэж байсан. Энэ хүн хэтэрхий улс төрийн үүднээс асуудалд хандаад цагдаагийн жирийн албан хаагчийг ингэж буруутгаж, өөрөө нэр төр олох гэсэн аминч үзлээс боллоо. Өөрийн үүрэгт ажлаа хийх гээд чин шударгаар ажиллаж явсан залуу хүний шалгаж байгаа хэрэг нь хууль хяналтаар эцэслэн шийдэгдээгүй байхад олон нийтэд буруу ташаа, сүржин мэдээлж улс орон даяар тараахад ямар байсан бол. Гэр бүлийн хүрээнд ямар уур амьсгал үүссэн бол. Шинэ хүн нь эмнэлгээр яваад асуудал ихтэй байх үед ийм яриа хөөрөө гарснаас л осол боллоо гэж харж байна. Харамсалтай, харамсмаар санагдаад байна. Спорт, урлагийн авьяастай их сайн залуу байсан. Ерөнхий төлөв байдал нь их даруу, нухацтай буурьтай суурьтай л хүн байсан. Хайран сайхан залуу.
Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж: “Надтай уулзахдаа эхнэр, хүү хоёртоо даавуу дөхүүлж өгнө. Шинэ хүний шар нь арилахгүй байгаа болохоор хот руу эмнэлэгт хэвтүүлэхээр боллоо. Х.Бат-Ялалтын тэр нэвтрүүлгээс нь болж сүүлийн үед утас амраахаа болилоо. Залгасан хүн бүхэн тэр тухай яриад, бүүр аргаа барж байна. Ажлаа ч хийж чадахгүй байна. Шөнө нойргүйдээд байна”
Нутгийн иргэн Х.Г: Би хотод байгаад наашаа ирэх шөнө тэр явдал болж талийгаач зам тээврийн осолд орсон байлээ. Уг нь “Манай эхнэр хүүхэд хот явж эмчлүүлэх гэж байна. Таниар хоол унд өмсөх хувцас дөхүүлүүлнэ шүү гэж ярьсан” гэтэл тэр орой нь амиа алдчихлаа. Сумын цагдаагийн эхнэр нь төрөх гээд аймаг руу явчихсан байсан.Цагдаагийнхан энэ хэргийг сайн шалгана гэсэн. Гол мэдээллийг цагдаа нар л өгнө. Сумын хэмжээнд талийгчийг амиа хорлосон, өндөр уулнаас үсрээд үхчихсэн гээд цуураад байна. Тэр болгоныг тайлбарлаад байж амжихгүй юм. Дэлгүүрээр ороод гарахад л манай сумын хэсгийн төлөөлөгч амиа хорлочихсон гэнэ ээ гээд байна. Хамгийн гол нь өнөөдөр ард үлдэж байгаа эхнэр нь энд байгаагүйдээ л болж байна. Хань нь амиа алдчихаад байхад ард нь үлдэж байгаа хүнд хэцүүхэн сонсогдож зовооно шүү дээ. Ямар гадаа гараад манай нөхөр тэгсэн гээд хашгиралтай нь биш. Хүмүүс сайнаар ч ярина, саараар ч ярина.
Х.Бат-Ялалт гэдэг хүн энэ хэргийг ингээд орхиё гээд тайлбар хийчихсэн л байна лээ. Өөрөө цагдаагийн албан хаагчийг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь улаан цагаан дайрч орж ирж буруу зөвийг ялгаж мэдэхгүй олон нийтэд мэдээлчихээд одоо тэгж болохгүй. Тийм сүрхий байсан юм бол хүн болгоны төлөө явахгүй яасан юм. Тэр н.Дорж гэдэг хүнийг авчраад зодож, нүдсэн биш. Суманд авчираад орох орон байрлах айлыг нь олж өгчихөөд явсан л байсан. Цагдаагийн алба хаагчид байцааж шалгахаар авчирсан хүнээ хооллож ундалдаг газартай байхгүй яасан юм. Гэтэл талийгаачийнд асуугдаж байсан хүмүүс нь амьдрах нь холгүй л байсан. Одоо цагт зээлгүй айл гэж байхгүй. Ганц хүний цалингаар амьдардаг. Цалингаа буухаар боов аваад л асуугдаж байгаа хүмүүсээ хооллоод л явж байсан. Манайх өмнөх цагдаа нартай ч ойр байсан болохоор орж гардаг л байсан. Тэгэхэд хэзээ ч талийгаач шиг харилцаа хандлага харагддаггүй байсан. Хашаандаа волейболын сетик хийсэн байгаа. Манай хүүхдүүд уйдаад байна гээд л асуугдаж байгаа хүүхдүүдэд зориулж хийлгэж байлаа. Тогоо шиг гэдэстэй эхнэр нь тэдэнд хоол унд гээд л явдаг байсан. Асуугдаж байсан хүнээ хооллож ундалдаг энэ байдлыг өмнө нь ажиллаж байсан цагдаа нараас харж байгаагүй. Танайх өөрсдөө идэж уухгүй авсан ганц хонио хэд хоног иднэ гэж ингээд байдаг юм бэ дээ гэж хэлж л байсан. Хүнээс гажууд юмыг талийгчаас харж байгаагүй. Энд ирээд гурван сар гаруй болсон, банкны зээлтэй, байсан. Банкны зээлгүй хүн гэж Монголд алга. Өөрийн гэсэн гэр орон байр савтай болохгүй бол хэцүү юм даа цагдаагийн ажил гэж бодож явсан даа.
Өөрөөр хэлбэл хүн бүр түүний талаар эерэг сэтгэгдэлтэй байсан юм. Тэрбээр шалгаж байсан хүмүүсийг гэртээ байлгаж хооллож ундалж байжээ. Мөн гэмт хэрэгт шалгагдаж байсан хүүхдүүдийг уйдаад байна гэж гар бөмбөгийн сетик татаж өгсөн болохыг нутаг орныхон нь ярьж байна.
Талийгаач хэн байв?
Эрдэнэбаатарын Мөнхтулга нь 1990 оны 08-р сарын 27-нд Улаанбаатарт хотод төрсөн. Халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг.
1998-2008 онд 14-р дунд сургууль, 2008-2012 онд Цагдаагийн академид тус тус суралцаж төгссөн.
2012 оны 06-р сарын 25-ны өдрөөс эхлэн Төв аймгийн цагдаагийн газрын Заамар дахь сум дундын Цагдаагийн хэлтэст Эрүүгийн төлөөлөгчөөр, 2018 оны 06-р сараас эхлэн Булган аймаг дахь цагдаагийн газрын Гурванбулаг сум дахь хэсгийн төлөөлөгчөөр тус тус томилогдон цагдаагийн байгууллагад ажиллаж байсан өсөх ирээдүйтэй залуу боловсон хүчин байв.
2012 онд Монголын залуучуудын холбооны “ Хөдөлмөрийн алдар” алтан медаль
2013 онд Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Баярын бичиг
2016 онд Монголын залуучуудын холбооны “ Тэргүүний залуу” алтан медаль
2016 онд ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнагдаж байсан
Ослыг Булган аймгийн цагдаагийн газраас шалгаж эхлээд байсан. Хэргийн талаар Булган аймгийн цагдаагийн дэд дарга Гантөмөрөөс цөөн зүйл тодрууллаа.
– Болсон хэрэг явдлын талаар мэдээлэл өгнө үү?
– Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Эрдэнэбаатар овогтой Мөнхтулга нь 2018 оны 10-р сарын 13-ны орой албаны машинтай албан үүргээ гүйцэтгэж явж байгаад зам тээврийн осолд орж амь нас нь хохирсон. Амь нас хохирсон асуудлыг хуулийн хүрээнд аймгийн цагдаагийн газар мөрдөн байцаах тасагт хэрэг бүртгэлийн хэрэг нээгдээд шалгагдаж байгаа.
– Ослын шалтгаан нөхцөлийн урьдчилсан дүгнэлт гарсан уу?
– Дүгнэлт одоогоор гараагүй.
– Талийгаачийг амиа хорлосон гэх мэдээлэл байна?
– Талийгаач амиа хорлосон уу, зам тээврийн ослын шалтгаан юу байв гэдгийг хуулийн дагуу шалгаж байгаа. Шалгалт дөнгөж эхэлж байгаа болохоор хэлэх эрт байна.
Цагдаагийн албан хаагч бол өргөсөн тангарагтаа үнэнч байдаг. Э.Мөнхтулгын хувьд амиа хорлох асуудал байхгүй, үндэслэл бага гэж миний хувьд бодож байгаа. Тэгээд ч Э.Мөнхтулга эхнэр гурван хүүхэдтэй хүн. Том нь таван настай, дунд хүүхэд нь гурван настай бага нь төрөөд 45 хонож байгаа. Үр хүүхэд хань ижлээ орхиод амиа хорлохгүй гэдгийг удирдаж байсан даргын хувьд бодож байна. Тэгээд ч цагдаагийн албан хаагч ажлаасаа болж амиа хорлох тохиолдол байхгүй, тийм хэрэг гарч байгаагүй.
– Өөр авто машинтай мөргөлдсөн үү?
– Өөр автомашинтай мөргөлдөөгүй. Бусдад эрүүл мэнд болон эд материал, машин техник хэрэгслийн хохирол учруулсан асуудал байхгүй. Осол болох үед ганцаараа явсан.
– Талийгаачийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь гаднын хүн бичлэг хийж цахим орчинд цацсанаас болж олон нийтийн зүгээс дайралтад орж сэтгэл санааны хямралд орсон байсан. Ар гэрийнхэн нь Х.Бат-Ялалт үхэлтэй шууд холбоотой гэдгийг хэлж байсан. Ажлаа хийж байгаад өөд болсон цагдаагийн үхэлд Х.Бат-Ялалтын нөлөө орсон байж болох уу?
– Байж болох магадлалтай. Цагдаагийн алба хаагч Э.Мөнхтулга Булган аймгийн Гурванбулаг суманд хэсгийн төлөөлөгчөөр 2018 оны 06-р сарын 08-нд ЦЕГ-ын даргын Б/391 тоот тушаалаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа 2015-2016 онд үйлдэгдсэн хохирол ихтэй илрээгүй орон байрны хулгайн хэргүүдийг мэргэжлийн ур чадвар гаргаж илэрүүлж байсан. Үр дүнтэй ажиллаж байсан, хэсгийн төлөөлөгч нар дундаа ажлаараа тэргүүлж байсан албан хаагч.
Иргэн гомдол гаргасны дагуу, хохирлыг барагдуулахаар хэргийг шалгаж Дорж гэж хүнийг дуудаад шаардлагатай ажиллагаануудыг хийх явцад хэргийн талаар цахим орчинд тавьсан. Тавьснаас хойш өөртэй нь болон эхнэртэй нь уулзахад “Би яах ёстой вэ? Ийм асуудалд холбогдчихлоо” гээд сэтгэл зүйн байдал тогтвортой бус байдал ажиглагдсан. Утас нь байнга дуугардаг, чиний мэдээ гарч байна гэдэг. Сүүлдээ утсаа авч чадахгүй эхнэртээ чи утсыг түр барьж байгаач ярих болгонд л энийг яриад байна, ажил хийхэд төвлөрч чадахгүй байна гэдгийг хэлсэн байдаг. Сэтгэл зүйн хувьд хүнд байсан гэж бид харж байгаа. Эхнэртэй нь уулзахад “сүүлийн үед унтаж чадахгүй, босоод суучихдаг болсон. Яах уу гэж асуухаар хэцүү байна” гэдгийг хэлсэн байдаг. Цахим орчинд сөрөг хандлага өөр рүү их ирсэн болохоор хүнд туссан байна гэж бид бүхэн харж, дүгнэж байгаа.
Осол болохоос өмнө цагдаагийн байгууллагын 3-р улирлын сахилга хариуцлагын зөвлөгөөн зохион байгуулсан. Хуульзүйн сайдын нэрэмжит Шилдэг хэсгийн төлөөлөгч тэмцээнийг зохион байгуулж, талийгаач амжилттай оролцож байсан. Ажилдаа сайн ханддаг, ур чадвартай залуу боловсон хүчнээ алдсанд цагдаагийн газрын даргын зөвлөлийн гишүүд, нийт албан хаагчид харамсаж байгаа.
– Цахим орчин дахь хүнлэг бус, араатанлаг байдлаас болж хүний амь эрсдэлээ гэж хараад байна?
– Гэм буруугийн зарчим байдаг. Шүүхийн шийдвэр гарах хүртэл хэнийг ч гэм буруутайд үл тооцно гэсэн зарчим байгаа. Үүн дээр бол гэм буруугийн зарчим ярьж байгаа. Гэм буруутай эсэхийг тогтоогоогүй байхад цахим орчинд гэм буруутай, хууль тогтоомж зөрчсөн, иргэнийг хэлмэгдүүлсэн гэх мэт асуудлыг шууд тавьсан нь цагдагийн алба хаагчид сэтгэл зүйн хүнд дарамт болсон. Энэ асуудлыг шаардлагатай бол Х.Бат-Ялалт цагдаагийн байгууллагын удирдлага болон цагдаагийн байгууллагын гомдол санал мэдүүлэх 126 утсанд хандаж болох байсан. Санал, гомдол мэдээлэл бүрийн дагуу ЦЕГ-ын дотоод хяналт, аюулгүй байдлын газраас олон жилийн туршлагатай алба хаагчид шалгадаг. Албаны хүнд хандаагүй нэвтрүүлэг хийсэн. Тухайн үед байгууллага дотор орж ирээд шууд бичлэг хийгээд, холбогдох журмын дагуу зөвшөөрөл аваагүй. Гэмт хэргийн талаар мэдээлэл өгөхдөө удирдах ажилтан болон прокурорын зөвшөөрлөөр өгнө гэж заасан байгаа. Тухайн үед Э.Мөнхтулга мэдээлэл өгөхгүйгээр гараад явах боломж байсан. Гэхдээ ёс зүй, хэм хэмжээнийхээ хүрээнд тайлбар өгсөн. Үүнийг л цахим орчинд тараасан нь цахим орчинд тавигдаад ийм асуудал боллоо.
– Энэ хэрэгт сэжигтэн, яллагдагч, гэрчээр хүн шалгаж байгаа юу?
– Хэрэгт холбогдуулж гэрчээр хэд хэдэн хүнийг асууж байгаа. Тухайлбал, хэргийг анх харсан хүн, дуудлага мэдээлэл өгсөн хүн гээд цөөнгүй гэрч байгаа. Гэрчүүд асууж байгаа. Яг одоогоор энэ асуудалд холбогдуулж шалгаж байгаа, ямар нэг байдлаар осол аваар гарахад нөлөөлсөн гэдгээр тухайлсан шалгаж байгаа хүн байхгүй.
– Х.Бат-Ялалтад цагдаагийн алба хаагчийн өрөөнд орж ирээд хэргийн талаар мэдээлэл авах эрх бий юу?
– Тийм эрх байхгүй.
– Х.Бат-Ялалтын яг энэ үйлдэлд нь ямар хариуцлага хүлээлгэх вэ?
– Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам саяхан шинэчлэгдсэн. Энэ журмаар өдөр тутмын үйл ажиллагааг зааж өгсөн байгаа. Х.Бат-Ялалт гэж хүнтэй холбоотой асуудал дээр цагдаагийн газрын зүгэс ажил явдлын дараагаар хэний буруутай үйл ажиллагаа байсан гэдгийг судлах болно. Талийгаачийн нас барсан асуудал шалгагдаад явж байгаа болохоор шалтгаан нөхцөл нь юу байгаагаас хамаарна. Албаны шалгалтын дүн зэргээс хамаарч хуулийн дагуу ямар арга хэмжээ авах нь тодорхой болох бөгөөд одоогоор энэ талаар ярихад эрт байна.
– Талийгаачийн ар гэрт туслах ажил зохион байгуулж байгаа талаар?
– Алба хаагчийн дундын сангаас нэг удаагийн тусламж үзүүлж байгаа. Цагдаагийн алба хаагчид сайн дурын үндсэн дээр хандив цуглуулсан.
Талийгаачийг Улаанбаатар хотод баасан гаригт /2018-10-19/ хөдөөлүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор даваа гаригт /2018-10-15/ цагдаагийн газарт хууль журмын дагуу ёслол хүндэтгэлтэй салах ёс гүйцэтгэсэн. Ар гэрт нь туслах зорилгоор цагдаагийн гаврын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулсан. Шарилыг зөөхөд хүн хүч, техникээр тусалсан. Мөн Улаанбаатарт хотод тасгийн дарга ажил явдалд нь тодорхой туслалцаа үзүүлэн оролцож байгаа.
Талийгаачийн зан байдлын талаар Булган аймгийн цагдаагийн дэд дарга Гантөмөр “Ажилдаа хандах хандлага сайн, ариун цэврийг сахидаг, эмх замбараатай, нямбай залуу байсан. Идэвхи санаачлагатай, зүтгэлтэй илрээгүй хэргүүдийг илрүүлж байсан. Бид шагналд тодорхойлох саналтай байсан.” Гэдгийг онцолж байсан юм.
Өөрөөр хэлбэл талийгаачийн хувьд амиа хорлох шалтгаан байхгүй гэдгийг хамтран зүтгэгч болон ойр тойрны хүмүүс нь ярьж байсан юм. Тэрбээр осол болох үед хавтаст хэргүүдээ цүнхлэн, албаны машинтай явж байсан бөгөөд Эрдэнэт хотод очиж хүнээс тайлбар авахаар явж байжээ.
Цахим орчинд цацагдсан бичлэгтэй холбоотойгоор бид Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, алдагдсан малын эзэн н.Баяртсайхантай уулзахад “Наймдугаар сарын 30-ны өдөр нэг азарга адуугаа аргамжаатай морьтой нь гэрийнхээ гаднаас алдсан. Алдсан адууны сураг ажиг гарахаар эрсээр байгаад өөрөө олсон. Эрдэнэтийн наахна Орхоны нуга гэдэг газраас малаа олсон. Манай хүү очиж адуугаа авахад 17 адууг тарианы сахиул өвгөн хариулж явсан. Өвгөн анх хэлэхдээ энэ адуу хэнийх вэ гэж хүүг маань асуухад Манай Эрдэнэсайхан, Зам нарын адуу гэж хэлсэн. Тэгээд хүү маань алдсан адуугаа оллоо гэхэд 4 адуу дутуу байсан. Орой нь хүү алдсан адуугаа бярваазаар Орхон гол гаталж 21,22-ны өдөр гэртээ ирсэн. Тэгээд би талийгаачид 24-ны өдөр мэдүүлсэн. Тэгсэн талийгаач за ах минь хэргийн газарт очиж үзнээ, ямар хүн байсан бэ гээд талийгч хүү бид гурав тэр Дорж гэдэг хүн дээр очсон. Эхлээд тэр Дорж нь Эрдэнсайхан Зам нарын адуу гэж хэлсэн шүү дээ. Тэгээд хүү маань юм хэлэлгүй адуугаа туугаад ирсэн байхгүй юу. Одоо үлдсэн дөрвөн адуу олдоогүй байгаа. Гэтэл өвгөнийг авч ирсний дараа Х.Бат-ялалт ирсэн гээд талийгч намайг ир гэхэд би хожигдсон. Яг намайг ирэхэд зөрөөд явсан байсан. Би Эрдэнэсайхан Зам гэдэг хүмүүсийг танихгүй. Надаас талийгч адуугаа яаж алдсан бэ, хаанаас олсон бэ гэх мэтээр эхлээд тайлбар авсан тэгээд үлдсэн адууг дүү нь адууг нь олж өгнөө гэж хэлсэн.
Иргэн н.Баяртсайханы 21 адууг санаатайгаар тууж явсан байх магадлалтай байгаа юм. 21 адууны 17 нь хэргийн газраас 100 гаруй км-ийн цаана Аймгийн алдарт уяач Н.Эрдэнэсайханы эзэмшлийн газраас олдсон бөгөөд манаач нь Эрдэнэсайхан, Зам нарын адуу гэж хэлсэн байдаг. Улмаар хэрэг явдал бишдээд ирэхийн цагт Х.Бат-Ялалт нарт хандсан байх магадлалтай болж байгаа юм. Хэрвээ адууны хулгайн хэрэгт сэжиглэгдэж байсан Дорж анхнаасаа үнэнийг мэдүүлсэн бол өнөөдөр нэг гэр бүл элэг бүтэн амьдрах боломж байв. Х.Бат-Ялалт залуу хүнд сүрийг үзүүлээгүй байсан бол цагдаагийн алба хаагч амиа алдахгүй байх боломжтой байв.
Тэгвэл илтэд хүч түрэмгийлсэн байдлаар цагдаагийн алба хаагчийн өрөөнд бичлэг хийсэн Х.Бат-Ялалтын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн дараах заалтыг зөрчсөн байж болзошгүй байна. Тодруулбал,
21.8 дугаар зүйл.Хуульчийн мэргэжлийн нэрийг хууль бусаар хэрэглэх
1.Хуульчийн мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхгүй хүн хуульчийн мэргэжлийн нэрийг ашигласан, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулсны улмаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
21.9 дүгээр зүйл.Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах
1.Мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн, мөрдөн шалгах ажиллагааны талаар албаны үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан прокурорын зөвшөөрөлгүйгээр мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олон нийтэд задруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Х.Бат-Ялалтыг дээрх зүйл ангиар яллах эсэх нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдох болно. Харин зарим нэгний болчимгүй үг, үйлдлээс болж өнөөдөр гурван хүүхэд өнчирч үлдлээ. Талийгаачийн бага хүү төрөөд сар гаруй болж байгаа. Гэвч шар нь арилахгүй байгаа тул Булган аймгийн эмнэлгээс Эх нялхаст шилжин ирсэн байна. Өнгөрсөн долоо хоногт цагдаагийн эхнэрүүдийн группээс эргэж, эмчлэгч эмчтэй нь уулзсан байна. Хүүд эмчилгээ хийгээд дээрдэхгүй бол хагалгаа хийхээр болжээ. Учир нь шарлалт нярайн элэг, цөсөнд нөлөөлсөн бөгөөд 30-40 байх ёстой үзүүлэлт нь 700-800 болж өссөн, дунд чихний үрвэлтэй, цаашид энэ хүндрэлтэй байж болзошгүй гэжээ. Талийгаачийн эхнэрийн хувьд шокийн байдалтай давхар сахиур байлгах шаардлагатай байгаа юм. Цахим орчинд ээж хүү хоёрт туслах аян өрнүүлэх санаачлага гарч байгаа. Санаачлага бүхэн ажил хэрэг болж нялх хүүгийн эмчилгээнд тус нэмэр болоход уншигч таны хувь нэмэр байгаа тул боломж, бололцоогоороо туслахыг уриалж байна.
Сарын 500 000 гаруй төгрөгийн цалинтай залуу хэсгийн төлөөлөгч гэр бүлээ авч явахын зэрэгцээ гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүсээ гэртээ байлгаж, хооллож ундалж байв. Саатуулагдаж байсан хүүхдүүд нь уйдаад байна гэж гар бөмбөгийн сетек татуулсан зэргээс үзэхэд хичнээн хичээл зүтгэлтэй залуу болох нь харагдаж байв.
Харьяа хэсэгт нь дуудлага ирэх юм бол танхай, дээрэм, хүн амь, хулгайн бүхий л хэрэгт ганцаараа 180 км хүртэл явдаг, ачаалал ихтэй ажлыг өнөөдөр хэсгийн төлөөлөгч нар л нугалж байгаа. Талийгаачийн хувьд аймгийн төвөөс 160 гаруй км-ийн алсад ажилладаг. Үе үе аймгийн төв рүү явдаг, асууж байсан хүмүүсийнхээ байрлах байр, хоол ундыг зохицуулаад явдаг. Малын хулгайд сэрдэгдэж байсан Доржийн байрлах байрыг зохицуулаад явсан байдаг. Уг нь зохицуулах шаардлага байхгүй.
Эхнэр хүүхдэдээ даавуу дөхүүлж өгнө, наана нь Эрдэнэт орж тайлбар авна гээд гарсан залуухан хэсгийн төлөөлөгч эргэж ирэхгүйгээр үүрд явлаа. Хань ижлээ алдсан бүсгүй, шар нь арилаагүй нялх үр,аавыгаа бүлтийтлээ хүлээх үрсийг харсан хэний ч зүрх шимширмээр… Харин ийм байдалд хүргэсэн байж болзошгүй Х.Бат-Ялалт өөрийгөө өмөөрсөн тайлбар хийх…
Цагдаагийн алба хаагч амиа алдсан энэ хэргийн талаар бид эргэж мэдээлсээр байх болно.
А.Баярмаа
Б.Отгонбат
Эх сурвалж: Dorgio.mn