Эдийн засгийн клубийн ээлжит уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Дэлхийн эдийн засгийг зураглах нь” сэдвээр илтгэл тавьсан юм. Түүний илтгэлийг тоймлон хүргэе.
Ертөнцөд болж буй үйл явдлыг нэг бол дороос өтний нүдээр, эсвэл дээрээс шувууны нүдээр харах боломжтой. Шувууны нүдээр харвал цаг хугацаа, орон зайд ямар өөрчлөлт явагдаж буйг хялбархан мэдрэх сайн талтай. Монголчуудад шувууны нүдээр, өндрөөс асуудлыг харах өнцөг дутдаг. Шувууны нүдээр хардаг болгохын тулд би жилийн өмнөөс paxmongolica.org гэсэн сайт ажиллуулж эхэлсэн юм. Өтний нүдээр доороос хараад байвал шувуунд баригдаад дуусах эрсдэл бидний өмнө бий.
Paxmongolica нь Монголын энх тайван гэсэн утгатай үг. XIII зуунд Их Монгол Улс байгуулсан үед хэсэгхэн хугацаанд энх амгалан тогтсон, тэр үед торгоны зам хөгжсөн түүхтэй. Тухайн цаг үеийг дэлхийд paxmongolica гэдэг. Дэлхийн нэгдүгээр дайны дараа үеийг паксбританика гэдэг. Харин дэлхийн хоёрдугаар дайны дараахь цаг хугацааг паксамерикано хэмээдэг. Паксамерикано хямралд орсон эсэх дээр маргасаар байна. Паксамериканогийн нэг суурь шинж тэмдэг нь НҮБ, ОУВС байгуулагдсан явдал. Зарим судлаач дэлхийн хоёрдугаар дайн хэзээ дууссан бэ гэж асуудаг. 1945 он гэж ярьдаг ч яг нарийндаа эдийн засгийн харилцаа талаасаа бол ОУВС байгуулагдсан үеэс дууссан хэмээн хэлэх улс ч бий. Дэлхийд шинэ дэг журам тогтсон гэдэг утгаар нь ингэж хардаг тал анзаарагддаг.
Чөлөөт худалдаагаар улс үндэстэн бүр хожно гэсэн манлайлалтайгаар дэлхийн улс орнууд хөгжиж эхэлсэн. Гэтэл өнөөдөр АНУ манлайллынхаа үүргээс татгалзаж байгаа юм шиг байр суурь ажиглагдаж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор олон хүндрэл бэрхшээл бий болж байна. Сүүлийн 20, 25 жилд хоёр том үйл явдал болсон. Нэг нь ЗХУ задарсан явдал.
Нөгөө нь 2001 онд болсон. Тодруулж хэлбэл БНХАУ Дэлхийн худалдааны байгууллагад элсэхээр болсон явдлыг онцлох учиртай. Маш том зах зээл дэлхийн зах зээлийн нэг хэсэг болж хувирсан. Супер циклийг нөхцөлдүүлсэн хоёр том хүчин зүйл нь сая дурдсан үйл явдлууд. Ийм үйл явдал ахин давтагдахгүй гэж зарим судлаач хэлж байна. Тэгэхээр супер цикл буцаж ирэхгүй гэж ойлгож болохоор байгаа юм. Бид супер циклийн үед боломж бололцоогоо ашиглаж чадсан эсэх нь тусдаа ярих асуудал.
ДХБ-д элсэх явцад Хятадын улстөрийн систем барууныханд ардчилагдана гэсэн хүлээлт байсан. Гэтэл тийм процесс өрнөөгүй. Ийм шалтгаанаар барууныхан болоод Хятадын хооронд маргааны сэдэв хүчтэй болсон. ДХБ-д Хятад улс элсэх үед нэг тохиролцоо хийгдсэн байдаг. Хятад улс элсэхэд шаардлагатай бүх арга хэмжээг авна, гэхдээ 15 жилийн дараа автоматаар ДХБ-ын гишүүн болно гэсэн тохироо. Тэр хугацаа нь болчихсон. Гэтэл Европын холбоо, АНУ Хятадын зах зээлийн статусыг хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байна. Хөгжлийнхөө явцад төрийн өмчит компаниудаар зах зээлийг эзэлсэн, үнэ тогтоох механизм нь чөлөөтэй биш, хувийн өмчийн эрхийг хамгаалах тал дээр сул ажилладаг, дэлхийн худалдаанд шударга бус оролцдог гэх шалтгаанаар зөвшөөрөхгүй байгаа юм.
Өрнөж буй энэ үйл явдлуудын ард геополитикийн асуудлууд бий. Өнгөрсөн зургадугаар сард Си Жиньпин гадаад бодлогынхоо асуудлаар үг хэлсэн юм билээ. Глобол засаглалыг өөрчлөхөд тэргүүлэх үүрэг рольтой оролцоход бэлэн байгаагаа зарласан. Хятад улс байгуулагдсаны 100 жилийн ой 2049 онд болно. Нэгдсэн Хятадыг, супер гүрнийг 100 жилийнхээ ойн үеэр байгуулах нэгдсэн төлөвлөгөө зарлачихсан. Хятадын амбиц их сүрхий. 2017 онд анх удаа Жибутид цэргийн бааз байгуулсан. Дэлхийн 35 орны 76 далайн боомтод Хятадын төрийн компаниуд хяналтын багц эзэмшдэг. Хятад өөрийн загвараа бусад оронд тулгадаггүй гэж ярьдаг ч Африкийн бараг арваад оронд сошиал медиагаар нийгмийн оюун ухааныг хэрхэн залах вэ гэдэг талаар байнгын сургалт хийж тусалдаг тухай мэдээлэл цацагдсан. Энэ бүхний эцэст Хятад улс дэлхийн дэг журмыг өөрчлөх хүсэлтэй, тийм бололцоотой гэдгээ зургадугаар сард албан ёсоор зарлалаа. Түүнээс хойш барууны орнууд, тэр дундаа Америк, Хятадын хоорондох геополитикийн зөрчилдөөн хурцдаж, худалдааны дайн хэлбэрээр илэрч байна. Энэ асуудал улам гүнзгийрч эхэллээ. Өөрөөр хэлбэл дэлхийд яг одоо өрнөж буй худалдааны дайны цаана геополитикийн амбиц бий.
Путин арван жилийн өмнө Европыг онилж байсан бол өнөөдөр дорно зүг рүү хараад эхэлчихсэн. Үүнийгээ агуу Петрийн бодлогыг үргэлжлүүлж яваа гэж тайлбарлаж байна. Ингэж зарлахдаа Монголын түүхийг орооцолдуулж байгаа. Ялангуяа Алтан улс, Чингис хааны өв бол Оросын эзэнт гүрний суурь дэвсгэр байсан гэж ярьж эхэллээ. Хэдийгээр Кремль үүнийг нь албан ёсоор зөвшөөрдөггүй ч энэ яриаг битүүхэндээ дэмждэг. Барууныг сөрж зогсоход энэ баримтлал нь хэрэгтэй учраас тэр л дээ. В.Путиний зөвлөх Сурков “Оросын геополитик дөрвөн зууны турш дорно руу харсан, ахиад дөрвөн зууны турш өрнө рүү харсан. Эргэж буцсан энэ нөхцөл биднийг геополитикийн хувьд олон зууны турш ганцаардуулах байх” гэсэн байсан. Тэр санаа илүү зөв байх.
Дэлхийд болж буй зөрчилдөөн, маргалдааны дунд эдийн засгийн ямархуу хүчин чадал хоорондоо мөргөлдөж байна вэ гэдгийг харъя. ДНБ гэвэл АНУ 24, Хятад 14, Орос 1.6 хувийн эдийн засаг. Ийм эдийн засгууд геополитикийн мөргөлдөөн хийж байгаа. Гэхдээ ДНБ-ээс илүү санхүүгийн хүчин чадал нь чухал байх.
Энэ хүрээнд Хятадын “Нэг бүс, нэг зам” гэсэн стратегийн тухай товчхон дурдъя. Си Жиньпиний зарласан маш том стратеги. Хамгийн түрүүнд далайн торгоны замд анхаарахаар байна. Манайхаар явах коридор дээр эдийн засгийн үр ашигтай төсөл санал болгох ямар ч бололцоогүй. Стратегийн энэ зодоон дунд оросууд туйлын торгоны зам гэсэн төслийн тухай ярьж байгаа. Европ, Хятадыг холбож буй далайн замаас туйлын зам нь хоёр дахин богинохон. Ийм нөхцөл үүссэн нь цаанаа шалтгаантай. Дэлхий дулаарч, Хойд мөсөн далай хайлсан учраас Хойд мөсөн далайгаар тээвэр хийх хугацаа уртассан. Тэр бололцоон дээр бас геополитикийн зодоон болж байгаа. Ялангуяа Оросын эсрэг барууны улсууд хориг арга хэмжээ авч байхад Путин нэг зарлиг гаргасан. Хойд мөсөн далайн замаар зөвхөн Оросын зөвшөөрөлтэй усан онгоц явна гэсэн утгатай шийдвэр. Түүнээс нь үүдсэн олон улсын маргаан гэх мэт асуудал бий. Үнэн хэрэгтээ ингэж чадах эсэх нь цаг хугацааны асуудал. Хэдийгээр дулаарч байгаа ч Хойд мөсөн далайгаар тээвэр хийхийн тулд мөс зүсэгч ажиллуулах хэрэгтэй. Далайн флот асар дутагдалтай гэх мэтийг харгалзах юм бол өнөөдрийн далайн тээвэртэй өрсөлдөх бололцоо тод харагдахгүй байгаа. Гэхдээ шингэрүүлсэн хий тээвэрлэх замын эхлэл байж магадгүй.
Хятадын “Нэг бүс, нэг зам” гэсэн стратеги дээр Америк талаас “Яахаараа дэлхий дээр нэг улс нэг бүс нэг зам гэж ярьдаг юм бэ” гэсэн хэл ам гаргаж байсан. Ийм шалтгаанаар хятадууд “Нэг бүс, нэг зам” гэсэн нэрийг албан ёсоор “Бүс замын санаачилга” гэж өөрчилсөн. Гэхдээ нэг зүйлийг анзаарахгүй орхиж болохгүй. Монгол хэлээр явж буй Хятадын нэвтрүүлгүүдээр “Нэг бүс, нэг зам” гэсэн тодорхойлолт нь өөрчлөгдөөгүй.
Хийн хоолойн асуудлыг хөндье. Хэдхэн жилийн өмнө Орос, Хятадын хооронд хийн хоолой байгуулна хэмээн ярьж, Путин, Си Жиньпин хоёр том гэрээ хийж байсан. Цаг хугацааны хувьд ашиглалтад орох үе нь болчихсон. Гэтэл ярьж хэлж яваа хүн өнөөхөндөө алга. Оросын хэвлэл мэдээллийн архивыг сайн шүүрдэх юм бол “Сила Сибир”-ийн төслийн зөвхөн тал нь хийгдсэн. Учир мэдэх улсын ярианаас анзаарахад Оросоос хоолойгоор авах хийг зүүн талаар тээх сонирхол ажиглагдахгүй байна. Баруун талаар Хятад руу хийн хоолой татах бололцоотой гэж ярьдаг. Горный Алтайгаас Хятадын баруун хойд талын Шинжаан Уйгурын нутаг руу оруулах боломжтой гэдэг.
Ингээд ярихаар Монголын асуудал бага зэрэг хөндөгддөг юм. Украйнтай асуудал хүндэрсэн нь оросуудыг хашраасан хэмээдэг. Хүний нутгаар явуулах нь асуудал дагуулдаг гэсэн болгоомжлолоор ханддаг болсон. Монгол, Казахстаны хоорондуур хийн хоолойгоо тавьж Хятад руу оруулна гэсэн зураг байдаг. Тэр хэсэг нь мөнх цэвдэгтэй учраас техникийн хувьд бололцоо бага, асар өндөр өртөг гарахаар ажил болох гээд байгаа юм. Хятад руу арай зөв оруулъя гэвэл Увсын нутгаар зурвасхан дайрах маршрут яригддаг. Гэхдээ ярианы түвшинд, шинжлэх ухааны маргааны хэмжээнд явж байна. Бодит ажил болох хэмжээний асуудал яригдахад хэцүү.
Оросын хувьд валютын эх үүсвэр, эдийн засгийн тулгуур нь байгалийн хий, газрын тос. Тиймээс яаж Хятад, Европ руу нийлүүлэх вэ гэсэн асуудалд анхаардаг. Европ руу нийлүүлдэг хоёр шугам бий. Олон орноор дамжуулахгүйгээр яаж хүргэх вэ гэдэг асуудал маргаантай хэвээр байгаа. Өөрөөр хэлбэл энэ тал дээр геополитикийн зодоон үргэлжилж байна. Гэхдээ нэг шинэ асуудал үүссэн. Хийн хоолойгоор дамжуулж байгалийн хий авах нь хэр зөв шийдэл вэ гэсэн асуудал. Ямар ч нөхцөлд хэн ч Оросоос хараат аж төрөхийг сонирхохгүй. Ингээд харахаар далайн тээврээр хийх гарц шийдэл арай илүү хувилбар байхыг үгүйсгэх аргагүй. Энэ нөхцөл ерөнхий дүр зургийг өөрчилж байгаа.
Манай улсаар хийн хоолой дамжуулах уу, үгүй юу гэсэн асуудал яригддаг. Бэрхшээлтэй асуудал олон бий. Эрчим хүчний харти гэж олон улсын баримт бичиг байгаа. Монгол Улс 1997 онд нэгдэж, гишүүн нь болсон. Хятад, Орос ажиглагчийн статустай. Хий, нефть, эрчим хүчний олон улсын тээвэр худалдаа, ерөнхий зарчмуудыг тусгасан баримт бичиг л дээ. Хятад, Орос хоёр ажиглагчийн статустай учраас нэг их хүлээн зөвшөөрөхгүй. ЮКОС тойрсон маргаан дэгдэж, Европ өндөр торгууль тавьсан удаатай. Тэгж торгууль тавихдаа эрчим хүчний хартид суурилсан юм. Тэр үед оросууд “Бид ажиглагчийн статустай” гэсэн тайлбар хэлээд замхруулаад дууссан л даа. Тэгэхээр эхлээд эрх зүйн баримт бичгүүдийг маш сайн харах хэрэгтэй.
Хятад мөнгөтэй, том төслүүд хэрэгжүүлэхэд асуудалгүй гэх мэт мэдээлэл их цацагддаг. Яг үнэн хэрэгтээ хятадууд том төсөл дээр асар их алдаа хийж байгаа. Засаглалаас хамаарч, дээрээс өгсөн командаар хэрэгжиж буй олон төсөл бий. Тэр утгаараа үр ашиггүй унасан төсөл их бий. Орост ч тийм төслүүд байна. Том төслүүдийн уналт Хятад дотроо том маргаан үүсгээд эхэлчихсэн. “Хэтэрхий том амбицтай яваад байна. Санхүүжүүлж дийлэхгүй нь” гэсэн гомдлыг банк, санхүүгийнхэн нь хэлж байгаа. Аажимдаа асуудал даамжирч, дүр зураг өөрчлөгдөх эрсдэлтэй.
Худалдааны дайны ард гео улс төр бий. Гео улс төрийн талаар би илтгэлийнхээ эхэнд цөөн шалтгаан дурдсан. Нэмээд нэг шалтгаан хэлье. Хятадын зах зээлд виза, американ экспресс гэх мэт картууд орох бололцоогүй, хаагдсан. Карт эзэмшигчдийн мэдээлэл алдагдана гэсэн болгоомжлолоос үүдсэн хэрэг л дээ. Үүний хариу болгож саяхан Америкаас бас нэг шийдвэр гаргалаа. “Ant financial” “Moneygram”-ийг худалдаж авах хэлцэл хийж байсан, тэр хэлцлийг зогсоосон. Учир нь дэлхийгээр тарсан Америкийн цэргүүд “Moneygram”-аар гэр бүл рүүгээ мөнгө гуйвуулдаг. Мэдээлэл нь алдагдана гээд зогсоочихсон. Энэ мэт геополитикийн өчнөөн шалтгаан бий.
Дайны хохирогчид хэн байх вэ гээд харахаар хамгийн түрүүнд зах зээлийг онцлох ёстой. Мэдээж улс орнууд тодорхой хохирол амсана.
Хамгийн хохирол амсах орнуудад Хятадын эдийн засагт худалдааны үүрэг роль өндөртэй улсууд багтана. Монгол Улс 12 тэрбум ам.долларын ДНБ-тэй. Экспорт, импорт нь нийлээд есөн тэрбум гэхээр манай улс худалдааны үүрэг ролийнхоо хувьд Хятадаас асар өндөр хамааралтай. Тарифын дайн гүнзгийрвэл хамгийн их хохирол амсах орнуудын тоонд Монгол багтаж байна.
Худалдааны дайн манайд яаж нөлөөлөхийг хэдэн бүтээгдэхүүнээр жишээлье. Нэгдүгээрт, худалдааны дайн нефтийн зах зээлд нөлөөлж байна. Ялангуяа Америк Иранд хориг тавьсантай холбогдуулаад нефтийн дэлхийн зах зээлийн үнэ сүүлийн гурав, дөрвөн сарын туршид өслөө. Энэ өсөлт Орост завшаан болж байгаа. Оросоос нефтиэрээ хараат манай улсын хувьд хүнд тусна.
Худалдааны дайн нүүрсний зах зээлд нөлөөлнө. Хятадын нүүрсний зах зээл дотроо дөрөв, тав хуваагдчихсан. Цаашаа наашаа тээвэрлэх бололцоогүй. Төмөр зам нь хахчихсан. Тийм учраас Хятадын хойд, баруун, далайн эргээ дагасан, төв зах зээл байна. Нүүрсний зах зээлийн хувьд өөр хоорондоо холбоогүй хуваагдсан учраас хооронд нь тээвэрлэлт хийж болдоггүй. Тэр утгаараа зах зээлүүдийнх нь үнэ ялгаатай. Хамгийн хямд зах зээл нь манайд хамаарах хойд зах зээл.
Хоёрдугаар том шалтгаан нь бид дэд бүтэцгүй. Ийм нөхцөлд худалдааны дайнаас хожил ирэх ямар ч боломжгүй. Хятадын төмөрлөгийн үйлдвэрүүд ерөнхийдөө далайн эрэг рүүгээ нүүгээд байгаа. Хятадын кокс хэрэглэгчид Америкаас авах коксоо нэмье гэж гүйлдээд яваа юм билээ. Учир нь Америк Хятадыг дарамтлаад байгаа.
Эх сурвалж: dnn.mn
2 comments
миний бодоход бид нэг их ахлдахгүй . хожих магадлал байж ч магадгүй
Teneg