Хоёр дуучинтай холбоотой хэргийн талаарх мэдээллийг өчигдөр (2018.10.18) бид товч хүргэсэн билээ. Зарим хэвлэлээр дуучин Эгшиглэнг баривчлагдаад сулласан тухай ташаа мэдээлэл цацагдаад буй. Тэгвэл бид албаны эх сурвалжаас тодорхой мэдээлэл авсанаа хүргэж байна.
Нийслэлийн прокурорын газраас С.Чулуунбаярт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээж авсан аж. Улмаар долдугаар сарын 21-ний өдөр хэргийг хэлэлцээд С.Чулуунбаатарт Эрүүгийн хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.1-д зааснаар 1 жил нээлттэй хорих ангид ял эдлүүлэх шийтгэл оноожээ.
Эрүүгийн хуулийн 20.7.1-т Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг..
Харин Эгшиглэн буюу Т.Болортуяа тухайн үед С.Чулуунбаяртай хамт байсан ч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис ашиглаагүй, энэ хэрэгт хамааралгүй болох нь тогтоогдсон байна. Тиймээс прокурорын шатанд Т.Болортуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.