УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын санаачилсан Хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр (2018.10.19 ) УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. Хуулийн төслийг санаачилагчид нэгдсэн хуралдаан дээр:
Монгол төрийн хамгийн том бодлого хүн амаа өсгөх бодлого байх ёстой. Энэ бодлогыг үеийн үед хэрэгжүүлж ирсэн. Социализмын үед жилдээ нэг удаа хүүхдийн мөнгө олгодог байсан нь гэр бүлд маш том хөрөнгө оруулалт болдог. Энэ ажил 2006 он хүртэл ерөнхийдөө зогссон. Эхлээд 0-3 насны хүүхдэд 3000 төгрөг олгож эхэлсэн. 2011, 2012 оноос 0-18 насны бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргасан.
Өнгөрсөн Засгийн газрын үед буюу 2015 онд эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор хүүхэд бүрт биш нийт хүүхдийн 60 хувьд нь олгож байсан. Өнгөрсөн хавар хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгохоор болсон. Үүний цаана хүүхэд болгонд хүүхдийн мөнгө хэрэгцээтэй байна. Орон нутгийн ард иргэдийн амьдралд хүүхдийн мөнгө маш том дэмжлэг үзүүлдэг.
Иргэдтэй уулзахад “Хүүхдийн мөнгө бидэнд их хэрэгтэй байдаг” гэж ярьж байсан. Үүнтэй холбоотой УИХ-ын нэр бүхий 13 гишүүн хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох УИХ-ын тогтоолын төслийг санаачилж, сая УИХ-ын босгыг арайхийж давлаа.
Гэхдээ энэ бол том шалтгаан биш шалтаг. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгоход 80 хувьд нэмэгдэх нь 5-10 хувь буюу 50-100 мянган хүүхдийн тоо нэмэгдэнэ. Бидний хийсэн судалгаагаар 13.5-27 тэрбум төгрөг төсөвт нэмэгдэх тооцоо гарч байгаа. Боломжтой айлын хүүхэд хүүхдийн мөнгө авахгүй байж болно гэдэг агуулгаа зөвөөр ойлгуулвал одоо олгогдож байгаа 80 хувь буюу 205 тэрбумд хүүхдийн мөнгө олгогдоод явах бүрэн боломжтой.
Хүүхдийн мөнгөөр таван кг гурил, гурван кг будаагаа авч амьдралаа залгуулж байгаа олон зуун мянган айл, өрх байгаа. Нөгөө талаар хүсэлт гаргасан хүүхдэд мөнгийг өгнө гэдэг бол 100 хувь өгөх биш. Боломжтой, бололцоотой айлын хүүхдүүдэд өгөхгүй байх бүрэн боломж бий. Хүүхдийн мөнгийг шийдвэр гаргаж байгаа УИХ-ын гишүүд өөрсдөө авах гэж байгаа биш. УИХ-ын гишүүн, сайд нар, төрийн том албан тушаалтан, дарга нар хүүхдийн мөнгө авахгүй байхыг УИХ, Засгийн газар уриалж болно. Хүүхдийн мөнгийг авахыг хүсч байгаа, эм тарианд нь хэрэг болдог айлуудад нь өгье гэж энэ тогтоолын төслийг оруулж ирж байна. Баталж өгөөч гэсэн саналыг гаргаж байлаа.
Хүсэлт гаргасан хүүхэд бүрт 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс юмуу зургаадугаар сарын 1-нээс мөнгийг нь олгоход 13 тэрбум төгрөг л шаардагдана” аж. Юутай ч хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох тогтоолын төсөл УИХ-ын босгыг давж чадлаа.