УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өнөөдөр (2018.10.17) хэвлэлийн хурал зарлаж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан албан тушаалаа огцрох ёстой гэж мэдэгдлээ. Үдээс өмнө (2018.10.17) УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцсэн.
Энэ үеэр Төв банкны Ерөнхийлөгч:
Үндэсний мөнгөн тэмдэгт ам.доллартай харьцах ханш 2018 оны эхнээс 5.5 хувиар сулраад байна. Төгрөгийн ханш сулрахад эдийн засгийн дотоод болон гадаад хүчин зүйл нөлөөлсөн. Эдийн засгийн дотоод хүчин зүйл гэдэг нь эдийн засгийн сэргэлтийг дагасан хөрөнгө оруулалт, хэрэглээний импортын өсөлт, 2012 онд босгосон бондуудын төлөлт нөлөөлсөн гэж ойлгож байна. Агшиж байсан дотоод эргэлт сэргэж, 2018 хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 17,6 хувиар өссөн. Үүний дийлэнх хэсэг болох 12,1 хувийг хөрөнгө оруулалтын өсөлт бүрдүүлж байна.
Үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулалтын импорт өнгөрсөн оныхоос өсч байна. 2018 оны эхнээс хөрөнгө оруулалтын импорт 298 сая ам.доллар буюу 46 хувиар өсөөд байна. Үүнээс гадна ажил эрхлэлт нэмэгдэж, иргэдийн дундаж орлого, зарлага өсөхийн хэрээр хэрэглээний шинж чанартай импорт 234 сая ам.доллар буюу 29 хувиар өссөн. Шатахууны импорт 147 сая амдоллар буюу 33 хувиар өссөн. 2018 онд “Чингис” бондын 115 сая ам.доллар, “Дим сан” бондын 160 сая ам.долларын төлбөрийг төлж барагдуулсан. Энэхүү төлбөрт гадаад валютын улсын нөөцийн тодорхой хэсэг нь гарсан гэдгийг тодотгож хэлмээр байна. Энэ нь төлбөрийн тэнцлийн алдагдалд нөлөөлсөн.
Монгол Улс гадаад худалдааны өрсөлдөх чадвараа хамгаалах нь ханшийг хамгаалах хамгийн чухал. Нийт хэрэглээний 50 орчим хувийг импортоор авдаг манай улс гадаад валютын нөөцтэй байх нь эдийн засаг, тусгаар тогтнолоо хамгаалах санхүүгийн баталгаа болно гэдэг бодлогыг баримталж байгаа гэж Монголбанкны Ерөнхийлөгч мэдэгдсэн юм. Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан валютын ханшийг бууруулж, төгрөгийн тогтвортой байдлыг хадгалаж чадахгүй байгаа Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан албан тушаалаасаа огцрох ёстой гэж мэдэгдэв.