Улам бүр чангарч байгаа ам.долларын ханш хэзээ буурах талаар хэлж мэдэхгүй байна гэж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэлжээ. Үдээс өмнө (2018.10.17) УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдааны УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа “Долларын ханш хэзээ буурах вэ гэдэг дээр цаг хугацаа хэлж чадахгүй. Дотоод гадаад хүчин зүйлээс хамаарна. Энэ олон хүчин зүйлийг харгалзах ёстой. Монголбанк төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах, ханшийг тогтворжуулахын тулд ажиллаж байна” гэжээ. Төв банкны Ерөнхийлөгч өчигдөр тус Байнгын хорооны хуралдаан УИХ-ын гишүүдэд дээр доорх мэдээллийг өгч байсан юм.
Н.Баяртсайхан:
Валютын ханш сүүлийн гурван сарын туршид 2018 оны эхэн үеийнхээс 5.7 хувиар суларсан, одоогоор тогтворжоод байгаа. дийн засгийн хамгийн амаргүй үе болох 2016 оны II, III улирлаас хойш эдийн засгийн дийлэнх салбар ерөнхийдөө өсөлттэй байгаа аж. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 6.3 хувьд хүрч, ажил эрхлэлт 3.1 хувиар өсчээ. Энэ нааштай үр дүнг бататгахын тулд эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг хамгаалах нь чухал хэмээн мэдэгджээ.
Мөн Монголбанк хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг урт хугацааны тэнцвэрт түвшин болох 8 хувийн орчимд тогтворжуулах зорилтыг ирэх хоёр жилд үргэлжлүүлэн хэрэгжүүлж, дунд хугацаанд 6 хувь болгон бууруулах зорилтыг дэвшүүлж байгаа хэмээн дуулгасан байна. Инфляцийг 2018-2019 онд зорилтот түвшинд хадгалах боломжтой хэмээн тооцоолоод байгаа аж.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар экспорт өсч, төсвийн гадаад санхүүжилт нэмэгдэж, уул уурхайн бүтээн байгуулалт эрчимжсэн хэдий ч бараа, үйлчилгээний импорт, тээвэр санхүүгийн үйлчилгээтэй холбоотой гарах урсгал, гадаад зээлийн төлбөр өсч улмаар төлбөрийн тэнцлийн алдагдал 2017 оноос нэмэгдэж байгаа. 2018 оны эхний 8 сарын байдлаар төлбөрийн тэнцэл 400 орчим сая ам.долларын алдагдалтай гарсан. Энэ бол 2017 оноос 213 сая ам.доллароор муудаад байгаа үзүүлэлт. Төлбөрийн тэнцэл ийн муудахад импортын өсөлт, гадаад бондын эргэн төлөлтүүд нөлөөлсөн.
Үүний зэрэгцээ том гүрнүүдийн худалдааны бодлого, зарим улс орнуудад тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээтэй холбоотойгоор гадаад эдийн засгийн орчин тодорхойгүй байна. Гадаад зах зээл дээр хүү өсч, хөгжиж буй эдийн засгууд руу чиглэсэн валютын урсгал татарч эхэлсэн. Энэ байдал нь дэлхий нийтийн валютууд болон зарим төрлийн эрдэс, бүтээгдэхүүний үнэ ам.долларын эсрэг сулархад нөлөөлсөн байна.
170 улс орныг судалгаанд хамруулан үзэхэд 142 орны валют яг өнөөгийн байдлаар ам.долларын эсрэг сулраад байгаа дүн нэгтгэжээ. Ханшийн сулралт нь улс орнуудын нийтлэг хүндрэл болж буй хэмээн Н.Баяртсайхан Ерөнхийлөгч танилцууллаа. Австрали болон Чилийн үндэсний мөнгөн тэмдэгт ам.долларын эсрэг 9 хувиар суларсан бол Хятадын юань, Оросын рубль, Энэтхэгийн рупи, Бразилийн реал, Индонезийн рупи, Туркийн лир, Өмнөд Африкын рандын ханш суларсан гэв.
Томоохон эдийн засгууд ханшаа хамгаалах бодлого хэрэгжүүлж байгаа ч гадаад валютын нөөцөд ирэх дарамтаа харгалзан ханшийн зохицуулалтыг хүлээн зөвшөөрч, мөнгөний бодлогын хүүгээ нэмэх арга хэмжээг авч байгаа аж. Монгол Улсад ч гадаад орчны энэ эрсдлийг тойрох бололцоо хомс гэлээ.