-Эдийн засгийн чуулган 2018-аас-
Жил бүрийн эдийн засгийн чуулганаар Монгол Улсын хөгжлийн бодлого, алсын харааг ярилцдаг. Энэ удаад “Монгол Улсын хөгжлийн бодлого ба хөрөнгө оруулалтын хөтөлбөр” гэсэн сэдвийг хөндөв.
Хуралдаанд Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Хөгжлийн банкны захирал Б.Батбаяр, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, НҮБ-ын суурин төлөөлөгч Биата Транкман, АХБ-ны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ёомэн нар оролцлоо.
Манай улс хөгжиж буй орон тул маш олон тооны төсөл хэрэгжүүлэх шаардлага бий. Гэвч эх үүсвэрийн хомсдолтой тул хийж хэрэгжүүлэх хүсэл, эрмэлзэл байсан ч зарим төсөл цаасан дээр үлддэг.
Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан 11 төслийг ийм хувь заяа угтсаныг дуулгав. Мөн тэрээр Концессийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна, барих-шилжүүлэх хэлбэрийн хамтын ажиллагааг хязгаарлах шаардлага үүссэн. Барих-ашиглах-шилжүүлэх хэлбэрээр дараа, дараагийн гэрээг байгуулна гэсэн юм.
Сангийн дэд сайд Х.Булгантуяа: Хувийн хэвшлийг татварын бодлогоор дэмжихээр татварын багц хуулийг боловсруулж байна. Засгийн газрын баталгааг бууруулна. Концессийн гэрээний дагуу ирэх онд төр 1 их наяд төгрөгийн төлбөр төлөх тооцоо байна. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын Засгийн газар байгуулагдаад буюу сүүлийн 7 сард нийт 2.8 их наяд төгрөгийг зээл болон зээгийн хүүгийн төлбөрт шилжүүллээ. Энэ бол манай улсын тэтгэврийн сангийн нэг жилийн төсөв (1.9 их наяд төгрөг) болон төрийн албан хаагчдын нэг жилийн нийт цалингаас (1.7 их наяд) ч их дүн. Иймд зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бууруулахад голлон анхаарна гэв.
НҮБ-ын суурин төлөөөлөгч Биата Транкман: Хүнд нөхцөлд амьдарч буй иргэд рүү хөрөнгө оруулалтаа чиглүүлэх хэрэгтэй. Ядуурал 30 хувь болж өмнөх онуудаас өслөө. Хэдийгээр богино хугацаанд хэрэгжүүлэх төсөл байлаа ч алсын хараагаа буюу 2030 он гэхэд хэрэгжүүлж дуусах учиртай, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-ыг орхигдуулахгүй байх шаардлагатай гэв.
Ерөнхийлөгчийн эдийн засаг, аж үйлдвэрийн бодлого хариуцсан зөвлөх Ц.Эрдэнэбат: Зуны эхэн сар эхэлсэн байтал томоохон бүтээн байгуулалт эхлээгүй байна. Гаднаас 3000 ажилтан авахаас тал нь зам, барилгын салбарт ажиллана. Уг нь эдгээр ажилтнаа дотоодоос хангах боломжтой гэсэн юм.