Оросууд 2 рубль, Япончууд 3600 иен, харин бид 600 төгрөгөнд багтааж хүүхдээ хооллодог

Сурагчдын үдийн цайтай холбоотой гомдол санал их гардаг. Тэгвэл хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байгаа энэ цаг үед Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улсын мэргэжлийн хяналтын газар, мөн Ерөнхийлөгчийн тамгын газраас хамтарч дунд сургууль, мөн сургуулийн орчмын цайны газар, дэлгүүрүүдэд шалгалт явууллаа.

Шалгалтын явцад сургуулийн ойр орчимд байрлах зарим хүнсний дэлгүүрүүд чанарын баталгаагүй, хадгалалтын хугацаа нь тодорхойгүй хуушуур, пирожки, кимбаб, гамбургер зэрэг хүнсний бүтээгдэхүүн зарж байгааг тогтоосон юм.

Ингээд бид НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Г.Цэнд-Аюушаас чанаргүй хүнсний бүтээгдэхүүн  зарсан байгууллагуудтай ямар хариуцлага тооцох, мөн сурагчдын үдийн цайны талаар асууж тодрууллаа.

Үдийн цайтай холбоотой гомдол нэлээн гардаг. Энэ удаагийн шалгалтаар үдийн цайтай холбоотой ямар нэгэн зөрчил илэрсэн үү?

Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангах удирдамж гарсан байгаа. Үүний дагуу бид нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, түүний ойр орчмын цайны газар, дэлгүүрүүдэд шалгалт явуулж байна. Шалгалтын явцад сургуулиудтай холбоотой ноцтой зөрчил гараагүй.

Харин сургуулийн гаднах хүнсний дэлгүүр, цайны газруудтай холбоотой асуудал их байна. Эрүүл мэндийн болон Боловсролын сайдын хамтарсан тушаалын дагуу сургууль, цэцэрлэгийн орчинд зарахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалт гэж бий. Үүнд хийжүүлсэн ундаа, транс тосоор хийсэн зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд ордог.

Бидний сая хамтдаа орсон дэлгүүр таны хэлсэн чанарын баталгаагүй хүнсийг зарж л байна шүү дээ. Ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

Зөрчлийн тухай хуульд зааснаар хүний эрүүл мэндэд сөргөөг нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүн зарсан иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгжийг 3 сая хүртэлх төгрөгөөр торгох хуулийн заалттай.

Сурагчид үдийн цайндаа цадахгүй, зарим нь хоол, цайгаа голдог, сэтгэлд нь хүрдэггүй талаар эцэг, эхчүүдээс гомдол их гардаг. Энэ талаарх мэргэжлийн хүний бодлыг сонирхож болох уу?

Үдийн цайг нэг сурагчид мянга хүрэхгүй төгрөгөнд багтааж шийдвэрлэж байгаа шүү дээ. Тодруулж хэлвэл 600 төгрөг. Зарим сургуулиудын хувьд үдийн цай гэхээсээ илүү үдийн хоол маягаар хэрэгжээд явж байгаа. Гэвч хүүхэд ийм хэмжээний мөнгөнд багтааж хооллоод, тэр нь үнэхээр хангалттай шим тэжээлийг өгч чадаж байгаа юу зэрэг асуудал яригддаг.

Нийслэлийн хэмжээнд 262 сургуульд “Үдийн цай” хөтөлбөр хэрэгждэг. Зарим сургууль  үдийн цай биш, үдийн хоол болгосон гэдгийг сая хэлсэн. Тэгвэл тэдгээр сургуулиудын гал тогоо хоол хийх хэмжээний хүчин чадалтай, тийм хэмжээний ариун цэврийн орчин нөхцөлийг хангасан уу гэдэг асуудал ч бас яригддаг.

Тийм ч учраас бид хяналт шалгалтыг идэвхтэй явуулж байна. Зарим нэг зөрчил гарсныг нь хуулийн дагуу арга хэмжээ аваад явж байгаа. Энэ удаагийн шалгалтаар сургууль дотор гэхээсээ илүү сургуулийн ойр орчмын бүсэд зөрчил их байгааг илрүүллээ. Мэдээж хуулийн дагуу арга хэмжээ авна.

Үргэлжлүүлээд Тусгал.мн дэлхийн зарим улс орнуудад дунд сургуулийн сурагчдыг хэрхэн хооллодог талаар сонирхуулъя.

-Тэгвэл АНУ-аас дутахгүй шилдэг боловсролын тогтолцоотой гэгддэг Их Британид сурагчийн үдийн хоол цайтай холбоотой гомдол санал тасардаггүй гэнэ. Британийн улсын сургуулиуд бага ангийн сурагчдыг 2 фунт стерлингэд багтаан хооллодог боловч энэ нь ердөө л нэг десерт буюу амттан, мөн ундаа, жимсний шүүс байдаг нь эцэг, эхчүүдийн дургүйцлийг ихээр хүргэдэг бөгөөд ихэнх аав, ээжүүд хүүхэддээ хоол авч идэх нэмэлт халаасны мөнгө өгч явуулах хэрэгтэй болдог талаараа байнга гомдоллодог. Гэвч өндөр үнэтэй боловсрол олгодгоороо алдартай тус улсын хувийн сургуулиудад байдал эсрэгээрээ байдаг аж. Нэг сурагчийг 10-15 фунт стерлингэд багтааж “жинхэнэ тансаг” хоол идүүлдэг сургуулиуд ч бий

-Өндөр хөгжилтэй Англид байдал ийм байхад бүрэлдэхүүнд нь багтдаг Шотландад тэс эсрэгээрээ. Шотландчууд өнгөрсөн онд л гэхэд 30 сая еврог сурагчийн үдийн хоолонд төсөвлөсөн бөгөөд хүүхдүүдийн хамгийн дуртай амттан болох пицца, шарсан төмс зэргээр тэднийг үдийн цайн дээр нь дайлдаг байна. Зардал нь мэдээж улсаас

Тэгвэл Европын өөр нэгэн өндөр хөгжилтэй улс болох Францад мөн л сурагчийн үдийн хоолтой холбоотой гомдол тасардаггүй. Франц аав, ээж нар хагасын хагас порцтой наад хоолонд чинь хүүхэд цадахгүй байна гэсэн гомдлыг интернэт орчинд байнга бичээстэй. Уг нь улсын сургуулийн нэг сурагчийн төсөв нь 3,5-4,5 евро аж. Франц жаалууд үдийн цайгаа 45 минутанд амжиж идэж уух ёстой гэсэн шүү

Японд дунд сургуулийн нэг сурагчийг 3 600 иенд багтааж хооллох ёстой. Энэ мөнгөнд 650 ккал калори бүхий хүнсний бүтээгдэхүүн заавал багтсан байх шаардлагыг тавьдаг. Гэхдээ япон ээжүүдийн дийлэнх нь бага насны хүүхэддээ заавал үдийн хоолыг нь бэлдэж өгч явуулдгаараа алдартай

Харин манай хөрш ОХУ-ын засгийн газар хоёр жилийн өмнө бүх сурагчийг үдийн цайнд хамруулах шийдвэрийг гаргаж, багагүй хэмжээний мөнгийг төсөвлөж эхэлсэн бөгөөд хүүхэд нь улсын сургуульд сурдаг эцэг, эхчүүд сардаа 40 евро буюу 2000 рублийг цайны мөнгө болгож төлөх ёстой болжээ. Учир нь улсаас нэг сурагчид төсөвлөсөн зардал нь ердөө 2 рубль тул үлдсэнийг аав, ээжүүд нэмж төлөх хэрэгтэй болсон нь энэ юм. Энэ талаарх шүүмжлэлийг тус улсын хэвлэл мэдээллээс нэг бусыг уншиж болно.

Эх сурвалж: “Тусгал” мэргэжлийн цахим сонин

6 thoughts on “Оросууд 2 рубль, Япончууд 3600 иен, харин бид 600 төгрөгөнд багтааж хүүхдээ хооллодог

  1. Зочин 2018-10-03 14:39 at 14:39

    Бид юу ч идэхгүй арван жилээ төгссөн . Өглөөний нь цайг сайн уулгаад явуулахад дөрөв таван цагт хүүхэд өлсөөд үхчихгүй . Хичээлийн дундуур хоол унд хэрэггүй л байгаа юм .

    Хариулах
  2. Нэргүй 2018-10-03 15:30 at 15:30

    3600иен*320₮=1.152.000₮

    Хариулах
    1. зочин 2018-10-03 15:57 at 15:57

      3600 иен x 22,3 =80.280 ₮

      Хариулах
  3. zochin 2018-10-03 15:31 at 15:31

    tegj ulsgulun yvsani sn tal ni yu bsan be minii bodloor ter ueiihen tsus, noir bulchirhai uvdsun humuus bolson gej boddog shde

    Хариулах
  4. Зочин 2018-10-03 15:38 at 15:38

    Хоёрын хооронд юм өгч байхаар тодорхой зардлыг нь төр даагаад үлдсэн хэсгийг нь эцэг эхчүүд даадаг. Мөнгийг нь гаргаж байгаа тул эцэг эхчүүд нь хяналтаа сайн тавьдаг тогтолцоо руу шилжих нь зүйтэй. Цэцэрлэгт ч мөн адил. Ийм тогтолцоо байсан. Хүүхдэдээ чанар муутай хоол нэртэй хор өгмөөргүй л байна. Сургуулийн захиргаанд бүх зүйлийг хариуцуулж болохгүй бидний хяналт чухал

    Хариулах
  5. зочин 2018-10-03 16:01 at 16:01

    өндөр төлбөр авдаг сургуулиуд юу ч өгдөггүй голоо цохисон нарийн байдаг жишээ нь америк сургууль нэртэй сайд асан зоригын сургууль

    Хариулах

Зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн