Манай нарны аймгийн гадна захад нэгэн одой гараг илэрснийг эрдэмтэд албан бусаар “The Goblin” гэж нэрлэжээ. Карнегийн их сургуулийн судлаачид Дэлхийн Вангийн цаана оршиж байгаа уг гарагийг нээсэн байна. Уг гарагийн тойрог зам жигд бус, савалгаатай байгаа тул ойролцоо нь асар том, одоогоор харагдахгүй байгаа “Planet X” гараг байж магадгүй гэж дүгнэжээ.
Өөрөөр хэлбэл шинэ одой гараг нь эрдэмтдийг Planet X буюу “9 дэх гараг” гэх, манай дэлхийгээс 10 дахин их масстай шинэ гараг руу хөтлөх ёстой гэж итгэж байна. Албан ёсоор 2015 ТG387 гэж нэрлэж байгаа одой гараг нарнаас 80 астрономийн нэгжийн зайд оршдог. Астрономийн нэгж нь нарнаас дэлхийг хүртлэх зайгаар илэрхийлэгддэг. Жишээлбэл Дэлхийн ван ойролцоогоор 34 астрономийн нэгжийн зайд оршдог бол 2015 TG387 нь түүнээс 2.5 дахин хол гэсэн үг.
Шинэ гараг 300 км диаметртэй тул одой гараг ангилалд багтана. 2015 оны аравдугаар сард Хавай дахь Японы Субару дурангаар анх нээсэн ч тойрог замыг нь тодорхойлоход дахин хэдэн жилийг зарцуулжээ. Шинэ гараг маш урт сунжирсан тойрог замтай бөгөөд нарыг 40,000 жилд нэг тойрдог юм байна. Энэхүү шинэ гарагийг судалсны үр дүнд нарны аймгийн зах хязгаарт байрлаж байгаа хэмээн таамагладаг үлэмж том гарагийг илрүүлнэ гэж эрдэмтэд найдаж байгаа юм.
Эх сурвалж: Space.Com