Ж.Батсуурь: Боловсролын салбар мөнгө олдог хэдэн олигархиудын гарт орчихсон

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд асан Ж.Батсуурьтай ярилцлаа.

-Өмнөх Засгийн газрын үед та боловсролын сайдаар ажиллаж байсан хүний хувьд одоо энэ салбарын үйл ажиллагаа, бодлого, зохицуулалтыг хэрхэн дүгнэн харж байна вэ. Багш нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардан ажил хаялт зарласан шүү дээ?

-Шууд хэлэхэд багш нарын цалинг нэмэх нь зөв. Ганц боловсролын салбарынхны цалин бага байгаа юм биш. Ерөнхийдөө нийт төрийн албан хаагчдын хөдөлмөрийн хөлс бага. Урд болон хойд хөрштэйгөө харьцуулаад үз л дээ тэнгэр газар шиг өөр байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн авч байгаа цалин хүний амьдралын наад захын хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй байгаа нь үнэн. Төрийн албан хаагчийн дундаж цалин нэг сая төгрөгт хүрсэн гэж ярьдаг нь худлаа. Юмны үнэ тэнгэрт хадаад байдаг хэр нь цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмнэ гэхээр тийм ч эдийн засгийн хүндрэл, ийм ч өр, хэлцэл гээд яриад суугаад байж болохгүй. Багш нарын цалинг 50 хувиар нэмэхэд нэг их наяд төгрөг шаардлагатай гэж хэвлэлээр ярьж байсныг сонссон. Одоо нийт багш нарын авч байгаа сарын цалин ч нэг их наяд хүрэхгүй, 300 орчим тэрбум төгрөг л төсөвлөж байгаа, үүнийг төсвийн зардлын цалингийн задаргаанаас харчихаж болно шүү дээ. Үнэн, бодит тооцоо судалгааг ард иргэдийг төөрөгдөлгүйгээр бодитойгоор мэдээлээсэй, Боловсролын яамны зүгээс Сангийн яам, Засгийн газартайгаа асуудлаа шийдэж ажиллаасай. Хөдөлмөрчдийн үндсэн цалин бага байгааг төр, засаг хүлээн зөвшөөрч орлогоо зөв хуваарилж, оновчтой бодлого барих шаардлагатай. Манай улсад орлого орохгүй биш орж байгаа. Орж ирсэн орлогоо бүтээн байгуулалтын ажилд зарцууллаа л гэнэ. Хэдэн тэрбум төгрөгөөр тийм ч бүтээн байгуулалт хийлээ гэх юм. Гэтэл тэрхүү бүтээн байгуулалтын зорилт, ач холбогдол, төсөв зардал нь бодитоор тооцогддог эсэх нь эргэлзээтэй. Зарим ажлыг дэндүү өндөр зардлаар хийгээд байна уу даа гэж анзаарагддаг. Том тоо ярьж, их зардлаар боссон ажил нь чанартай, үр дүн нь бодитой байх ёстой. Чанаргүй олон ажил хийгдэж байгаа нь нөгөө л хөрөнгө мөнгө идэж, уудаг асуудалтай шууд холбоотой. Бид сүүлийн 10-аад жил авто замд бүтээн байгуулалт хийлээ. Гэтэл өнөөдөр Нарны замаас өөр бүтэн зам Монголд нэг ч алга байна шүү дээ.

Ингэж хөрөнгө мөнгийг хувьдаа шамшигдуулж, чанаргүй бүтээн байгуулалт хийгдээд байвал улс орны хөгжил, эдийн засаг яаж дээшлэх юм. Үнэндээ Монгол Улс хэдэн сургууль цэцэрлэг бариад хэдхэн хүүхдээ бүрэн цэцэрлэг, сургуульд хамруулж чадахгүй л өнөөдрийг хүрлээ шүү дээ.

-Тэгэхээр чанаргүй бүтээн байгуулалтын ажилд өндөр зардал гаргаж, дээр, дооргүй идээд байгаа болохоор цалин нэмэгдэхгүй байна гэж ойлгох уу?

-Орж ирсэн орлогоо зөв хуваарилж чадаагүй, хариуцлага, хяналтын тогтол-цоо нь сул байхаар улсын эдийн засаг яаж өсөх юм бэ. Эдийн засаг нь өсөхгүй бол цалин яаж нэмэх билээ. Боловсролын салбарын жилийн төсөв дөнгөж их наяд гаруй төгрөг л байсан. Энэ мөнгөнөөс цалин тавина, сургууль, цэцэрлэгийн засвар, урсгал зардал, бусад шаардлагатай зардлууд гарна. Ингээд бодохоор багш нарын цалинг 50 хувиар нэмэгдүүлэхэд нэг их наяд төгрөг яагаад ч болохгүй. Бусад салбарт тухайлбал Зам, тээврийн салбарт нэг, гүүр, зам эвдэрч нурлаа гэхэд буцаагаад засварлаж болно. Харин боловсролын салбар бол амин чухал, өнөөдөр үүссэн ангал нүхийг бид хэзээ ч засаж чадахгүй, ирээдүйгээрээ төлнө гэдгийг мартаж болохгүй. Боловсролын салбар нь уналтад орж, улс төрийн бодлого нь тогтворгүй, хээл хахуульд идэгдсэн улс орон, ард түмэн маш эмгэнэлтэй байдалд хүрдэг гэдгийг олон орны түүх, туршлага харуулсаар байна. Орлого багатай улс оронд хулгай дээрэм, цахим сүлжээг ашигласан янз бүрийн гэмт хэрэг, луйвар зэрэг нийгмийн хар бараан зүйл нь улам л тодордог. Тиймээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг дээр миний хувьд санал нэг байгаа.

-Засгийн газрын шийдвэрээр багш нарын цалинг 8-30 хүртэлх хувиар нэмсэн. Гэтэл ажил хаялтад оролцож байгаа багш нар энэхүү нэмэгдлийг жил бүр төрийн албан хаагчдад олгодог 300 мянгаа л хувааж өгч байна. Үүнийгээ цалин нэмэгдүүллээ гэж ард түмэнд ойлгуулаад байна гэх юм?

-Ер нь хаана хаанаа бодит мэдээлэлтэй болох ёстой. Засгийн газар нь ч тэр, төрийн албан хаагчид ч тэр. Ард түмнээс үнэнийг нуугаад хэрэггүй. Боловсролын салбарт цалинг нь нэмсээр байхад багш нар нь сурагчдын эрхийг хохироогоод, эсвэл багш нарынх нь эсрэг төр нь байгаа ч юм шиг янз янзын ойлголтыг ард түмэнд төрүүлж болохгүй. Энд Засгийн газар албан ёсны тайлбар мэдээллийг ард түмэнд өгөх шаардлагатай. Монголын айл өрх, иргэн бүр боловсролын салбарт ямар нэгэн хэмжээгээр хамааралтай амьдардаг. Энэ салбарт нэг сая гаруй суралцагч байна. Багш нар маань л цалингаа нэмэгдүүлмээр байна гэж түрүүлж дуугарч, ад үзэгдээд байгаа болохоос биш нийт төрийн албан хаагч, ажиллагсдын цалин дэндүү бага байгаа. Эдгээр хүмүүсийн олонх нь арилжааны банкны хүлээсэн дунд амьдарч байна. Өнөөдөр монгол айл өрхөд орлого алга, ажлын байр хомс, энэ асуудлаар төр засгаас анхаарч дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлж чадахгүй байна. Засгийн газар ард иргэдийг маргаашийн тухай гоё үлгэрт итгэ хэмээн тулган өнөөдөр маргаашийн ирээдүйг бүтээгчдийг, маргааштай хамт золионд гаргаж байна.

-Өнгөрсөн хугацаанд яагаад энэ салбарын ажиллагсдын цалинг нэмэгдүүлээд байж болоогүй юм бол?

-Ардчилал гарснаас хойш өдийг хүртэл энэ асуудлыг ярьж байна. Төрийн зарим өндөрлөгүүд хүртэл албан хаагчдын цалинг нууцаар нэмэгдүүлнэ. Харин ил тод нэмнэ гээд зарлачихвал юмны үнэ тэнгэрт хадчихна гэдэг зүйлийг ярьдаг байсан. Цалин нэмчихээр юмны үнэ нэмэгдчихнэ, тиймээс инфляцийн түвшинг харж байгаад нэмэгдүүлнэ гэх утгагүй зүйлээ энэ төр сүүлийн гучин жил ярилаа. Цалин нэмэхээр л юмны үнэ огцом өсчихнө гэж юу байх вэ. Юмны үнийг хээрийн салхи хүрч ирээд шууд өсгөчихгүй. Энд ямар нэгэн хүний оролцоо орсон учраас л үнэ нэмэгдэж байгаа юм. Тэгэхээр үнийг хянаж, шалгаад хязгаарлаж болох байхгүй юу. Ерэн онд бид юуны төлөө тэмцсэн юм. Төрийн зохицуулалттай, шударга эдийн засгийн нийгэм байгуулахын төлөө л тэмцээ биз дээ. Гэтэл өнөөдөр Төр өөрөө үүнийгээ зохицуулж чадахгүй байна. Шинжлэх ухаан, мэдээллийн эрин зуунд мэдээллийг ямар ч аргаар олж авч чадна. Яагаад тэр компани үнээ нэмчихэв, үнэхээр бензиний үнэ өсчихсөн үү, гаднаас бензин оруулж ирэх зардал, энд нэг литрийг нь хэдээр худалдаалах вэ гэдгийг судлаад, мэдээллийг нь олох боломжтой. Тэгэхээр үнэхээр үнээ нэмэгдүүлэхээс аргагүйд хүрсэн үү, эсвэл хийсвэр үнийн өсөлт үүсгэчихсэн үү гэдгийг мэдэх боломж, хариуцсан төрийн байгууллагуудад бий. Харамсалтай нь үүнийг хийхгүй, хийхийг хүсэхгүй байна. Үнийн өсөлт үнэн үү, энэ асуудлыг зохицуулчихъя, буруутай этгээдэд хариуцлага тооцъё гэсэн хүсэл төрд алга. Хэдэн олигархиудын ил, далд дохио зангаагаар л төрийн ажлыг явуулаад байна уу даа гэж харж байгаа. Энэ мэт төрийн зохицуулалтгүйгээс болж цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэх ёстой хугацаандаа нэмэгдэж чадахгүй өдийг хүрсэн.

Үүнийг би мэдээд, өнөөдөр хэлээд байгаа юм биш, хүн бүхэн л мэдэж байгаа. Гол нь асуудлыг зохицуулах хүсэлтэй байна уу, хэний таалалд нийцүүлж бодлого шийдвэр гаргаж байна вэ гэдэгтээ л байгаа юм. Боловсролын салбар ч гэсэн мөнгө олдог хэдэн олигархиудын гарт орчихсон. Хэдэн арван сая төгрөгийн төлбөртэй хувийн сургуулиуд байна. Гэтэл ерөнхий боловсрол, бага дунд боловсролыг үнэ төлбөргүй олгох ёстой гэсэн төрийн үүрэг бий. Энэ механизмыг зөв хэрэгжүүлээд бүх ерөнхий боловсролын сургуулиудыг жигд ажиллуулж, нийтээрээ нэг хөтөлбөртэй байх ёстой.

-Одоо энэ салбарыг удирдаж байгаа сайдаас та-ны өмнө хийж хэрэгжүүлж байсан бодлого, үйл ажиллагаа анзаарагдаж байна уу?

-Сургалтын хөтөлбөрийг олон өөрчлөөд байх шаардлага байхгүй. Үүнийг салбарын мэргэжилтнүүд дээрээ суурилж маш болгоомжтой хандах ёстой. Хэдийгээр хэн юу ярих, юу бодох нь эрх чөлөөний асуудал ч ерөнхий боловсролын хичлээлийн хөтөлбөрт нөлөөлөх нь утгагүй. Тухайлбал, залуучууд хар тамхинд донтож байна гэхээр энэ талын хичээлийг ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт оруулах ёстой гэнэ. Бүх улс орны боловсролын системд өөрийн гэсэн зорилт бий. Мөн ерөнхий боловсролд баримталдаг үндсэн зарчим бий. Тэр нь сурагчийн толгой гэдэг хогийн сав биш, тэнд юм бүрийг чихэх ёсгүй гэдэг зарчим. Тиймээс өнөөдөр сайд хэн байхаас, эсвэл хэн нэгэн албан тушаалтны санаа бодолд нийцүүлэн юуг ч хамаагүй зааж, боловсролын үндсэн агуулгыг алдагдуулж болохгүй. Бусдын үг, сошиал сүлжээнд хэт туйлширч явдаг буруу мэдээлэл дээр үндэслэн боловсролын салбарын бодлогыг тодорхойлох ёсгүй. Дэлхийн боловсролын суурь зарчим гэж бий л дээ. Тэрийгээ бариад явах ёстой.

-Та яг ямар учраас сайдын албан тушаалаас огцорсон юм бэ?

-Тухайн үед зарим өндөр албан тушаалтнуудын зохион байгуулалттай хийж хэрэгжүүлсэн арга хэмжээ бий л байх. Тэр үед төр барьж байсан намын бодлого, шийдвэрээр л огцорсон. Түүнээс биш хувь хүнийхээ хуьд ямар нэгэн хууль зөрчсөн, эсвэл ёс суртахууны доголдол гаргасан зүйл байгаагүй. Өгч болсон ажил түүнийгээ авна л биз гэж бодсон. Энэ үеэр янз бүрийн худал мэдээлэл, буруу ташаа зүйлс гарч байсанд харамсдаг. Намайг зүгээр дуудаад Засгийн газар хамтран ажиллах боломжгүйгээ илэрхийлсэн бол томилогдсон менежер хүн ажлаа шууд л өгчихнө шүү дээ. Миний хувьд энэ төр засаг, нийгэм шударга байгаасай л гэсэн бодолтой явдаг. Тэр ч утгаараа сайд байх хугацаандаа боловсролын салбарт шударга ёсыг эрхэмлэн, шударга байя гэсэн зарчмыг л баримталсан. Ерэн оноос эхлэн шударга үнэнийг нэхэмжилж байгаа ард түмний дуу хоолой өдгөө улам л чангаар сонсогдох болж. Ард түмний дийлэнх олонх нь энэ төр, нийгэмд шударга үнэнийг тогтоогоод өгөөч гэсэн чин хүсэлтэй байна.

-Таныг элсэлтийн ерөнхий шалгалтын материал задалдаг, мөн сургуулийн захиралтай холбоотой асуудлаас болж огцруулсан гэж нийтээрээ дайрсан шүү дээ…

-Энэ бол хэн бүхэнд л ил тодорхой асуудал. Жил бүр л улсын болон элсэлтийн ерөнхий шалгалтын тест задардаг гэсэн гомдол гарч байсан. Багш нар гэдэг чинь сурагчиддаа сайнаар үлгэрлэн, сурган хүмүүжүүлэгч үлгэр дуурайлал болсон хүмүүс. Цөөн хэдэн увайгүй хүмүүсийн үйлдлээс багш хүний нэр сэвтэн, үнэлэмж буурч байгаад үнэхээр харамссан. Тухайн үед шалгалт авах багш урьдчилаад шалгалтын материалаа задалчихсан байсан. Тэр битгий хэл ангиараа зохион байгуулалтад орж шалгалтын тестийг худалдаж авсан үйлдэл нь ч тогтоогдсон. Үүнийг хариуцаж байсан Боловсролын үнэлгээний төвийн нөхдүүдэд хандаж “Жил болгон тест зардаг гэсэн асуудал яригддаг. Хэрэв энэ удаад ийм зүйл гарвал эзэн холбогдогчийг нь заавал олж тогтоо” гэсэн үүргийг өгсөн. Тэр үед хэн хаанаас тест задлав, хаана, хаана тэрхүү тестийг тараасан бэ гэдэг нь тодорхой болгосон. Миний хувьд шалгалтын материалыг тараагаагүй ч, салбар хариуцаж байсны хувьд хариуцлага хүлээх нь зүй ёсных. Гэхдээ сургуулийн бяцхан сурагчдаас мөнгө хурааж аваад тест задалж байгаа үйлдэл ардын багш нараас гарч байгаад их харамсч байсан. Иймэрхүү шударга бус зүйлийг энэ нийгмээс зайлуулахгүй бол хойч үеэ улам л шударга бус, амар хялбар амьдардаг нийгмийг нь бүтээж өгч байгаагаас ялгаагүй юм. Үүнийг засахын тулд л тэмцэж, дуугарсан. Ер нь ёс суртахуунгүй байснаас боловсролгүй байсан нь дээр гэсэн үг бий. Ёс суртахуун хэмээх зүйлийг л эрхэмлэн үлгэрлэх ёстой.

-У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудлыг сөрөг хүчний зүгээс болоод улс төрийн бусад нам, эвслүүдээс удаа дараа шаардлага тавьж байна. Уг асуудлыг та юу гэж харж байна?

-Засгийн газрыг огцруулах нь маш муу үр дагавартай. Улс орны хөгжил, бүтээн байгуулалт, том төслүүд гадаад ертөнцөөс хамааралтай болчихсон ийм цаг үед байнга Засгийн газраа сольж байдгаа болих хэрэгтэй. Гадны улс орнууд, хөрөнгө оруулагчид ч гэсэн бидэнтэй харилцахаасаа нуруугаа авахуулсан морь шиг л болж байна. Цаашлаад дотоодын ажил, төрийн бодлого ч урагшаа явахгүй байгаа. Өмнө Засгийн газрын үед сайдаар томилогдсон даруйдаа урд, хойд хөршийн боловсролын салбарын удирдлагуудтай уулзаж, харилцан хамтын ажиллагаа, бодлого зорилтоо тодорхойлчихсон байсан. Ингээд удаагүй манай Засгийн газар огцорсон. Одоо харж байхад тэр үед хийхээр төлөвлөсөн ажил, зөв бодлого, төсөл хөтөлбөрүүд бүгд алга байна. Салбар бүрт яригдсан зүйл Засаг солигдсоноор хэрэгжихээ больж, холбоо тасардаг. Энэ нь улс орны хөгжил, тухайн салбарын ирээдүйд сөрөг нөлөөтэй. Тиймээс Засгийн газрыг аль болох тогтвортой ажиллуулах л шаардлагатай. Болж өгвөл бүрэн эрхийн хугацааг нь дуустал ажиллуулаад үзэх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр тогтвортой байлгаж байна гээд хариуцлагаас мултрах шалтгаан болохгүй. Засгийн газар тогтвортой байлаа гэж бодоход бодлого хэрэгжүүлж байгаа төрийн алба хаагчдыг байнга сольж байна. Угтаа мэргэшсэн хариуцлагатай төрд баг бүрдүүлэх, өөрийн танил, итгэлтэй хүнээ томилдог гэдэг ойлголт байдаггүй. Харин ажлаа мэддэг, мэргэшсэн, бэлтгэгдсэн хүн л тэрхүү төрийн албыг хашдаг юм.

-Шуудхан асуухад У.Хүрэлсүхийн Засгийн газрын явуулж байгаа бодлого, үйл ажиллагаа таны сэтгэлд нийцэж байна уу. Та хэрхэн дүгнэж байна?

-Засгийн газар ажлаа аваад нэг жил орчим болж байна. Засгийн газрын тэр нь болохгүй, энэ болж байна гэдэг зүйлийг ярих эрт байна, тийм цаг хугацаа нь ч болоогүй байна. Би хувьдаа ганцхан зүйлийг л ярьдаг. Өмнөх Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн үгийг хэлсэн. Би бодохдоо ухаалаг төрд зөв тогтолцоо чухал гэж дүгнэдэг. Өөрөөр хэлбэл төрийг ухаалаг болгох гол механизм бол тогтолцоо нь зөв байх ёстой. Төрийн тогтолцооны гажиг туйлдаа хүрч байгаа өнөө үед Ерөнхий сайд үр дүнтэй ажиллах боломж бараг үгүй байна.

-Тэгвэл өнөөгийн төрийн тогтолцоо ямар байна вэ. Тогтолцоо нь зөв явж чадаж байна уу?

-Ер нь төрийн тогтолцоонд гажиг үүсээд удаж. Бүр улам даамжирч байна. Төрийн өндөр албанд ямар ч хүн байсан үр дүнд хүрч ажиллах боломжгүй байна. Энэ юунаас болж байна вэ гэхээр төрийн тогтолцооноос хамааралтай. Нийгмийн бүхий л шатанд улс төрийн ашиг сонирхол, хонжоо гэдэг юм нэвт шувт шингэчихлээ. Өмнө нь улс төрөөс ангид олон байгууллага байлаа. Эрүүл мэндийн салбар, академик байгууллагууд, хууль, хяналтын байгууллагууд улс төрөөс ангид байсан. Энэ төрийн тогтолцооны гажиг улам нөлөөлсөөр дөрөв, дөрвөн жилийн хугацаанд муудсаар өдгөө тартагтаа туллаа. Өнөөдөр сонгууль хийгээд маргаашаас нь дараагийн сонгуулийн эрх ашиг яригдаж, үйлчилж байна.

-Тэгэхээр төрийн тогтолцооны гажгийг хэрхэн зөв засах ёстой юм бэ?

-Аймгийн удирдлага бие даагаад үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байна. Ямар нэгэн шийдвэр гаргаад явах гэхээр ИТХаас нь шүүмжилдэг. Цаашлаад огцруулна, энэ бодлого чинь таалагдахгүй байна гэдэг. Ийм нэг хайчин дунд л төрийн удирдлага яваад байна. Аймаг, сумын түвшинд айхавтар улс төрийн сонгууль явуулах хэрэггүй. Цөөн хүн амтай манайх шиг улсад улс төрийн сонгуулийг жижиг орчинд явуулах нь маш сөрөг үр дүнд хүргэдэг. Олигархиуд, бүлэглэлүүд аймаг, сум, бүс нутгийг хуваагаад худалдаад авчихлаа. Зарим нь бүр салбараар нь худалдаад авчихсан. Тиймээс иргэд тэр салбар хувийн компани шиг ажиллаж байна гэж яриад байгаа юм. Ийм нэг улс төр нэвт шингэсэн нийгэм цаашдаа урт удаан хугацаанд тэснэ гэдэг хэцүү. Олон судлаач ийм улс төрийн тогтолцоотой явсаар байвал Монгол Улс маш хүнд байдалд хүрнэ шүү гэдгийг сануулсаар л байгаа. Нэг л их ард түмэн, улс эх орондоо хайртай хүн мэтээр бүх шатанд жүжиглэж байна, энэ улстөрчид. Тиймээс улс төрийн нам, төрийн тогтолцоонд суусан энэ гажгийг засахгүй бол улс орон хөгжихгүй, урагшаа нэг ч алхахгүй. Хууль, хүчний байгууллага улс төрийн нөлөөллөөр шийдвэр гаргаж байна.

-Хэнтий аймагт товлогдсон нөхөн сонгуулийн талаар улстөрчид байр сууриа илэрхийлж байгаа. Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Хууль зөрчсөн үү, үгүй юу гэдгээ УИХын гишүүд бүгд л мэдэж байгаа. Ер нь Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийг яаралтай явуулах хэрэгтэй. Тухайн тойргийн төлөөллийг УИХ-д суулгах нь зөв. Энэ мэт аахар, шаахар хуулийн үгээр хөөцөлдөөд байвал ард түмэн л хохирч үлдэнэ. Хаана хаанаа хуулийн үгээр ярьж, мэтгэлцэж, маргалдан, нэгдсэн шийдвэрт хүрч чадахгүй байгаа нь төрийн тогтолцоонд гажиг суусны нэг илрэл л дээ.

-Та одоо ямар албан тушаал, ажил алба эрхэлж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газрын байгууллага болох “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл”ийн даргаар ажиллаж байна. Хот суурин газрын ус хангамж, ариутгах татуургын тухай хууль байдаг. Энэ хуулийн хүрээнд энэ чигийн байгууллагуудыг зохицуулах зөвлөлийг удирддаг. Ус сувгийн байгууллага, орон сууцны конторуудад мэргэжлийн ажил үйлчилгээг үзүүлэх чиглэлээр, мөн орон нутагт ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ тусгай зөвшөөрөл олгох, үнэ тарифыг нь батлах үүрэгтэй зөвлөл юм.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

4 thoughts on “Ж.Батсуурь: Боловсролын салбар мөнгө олдог хэдэн олигархиудын гарт орчихсон

  1. Нэргүй 2018-09-21 14:54 at 14:54

    Засгийн газрын байгууллагад ажиллаж байгаа хүн үнэн үг хэлэхгүй ээ. Намын даргадаа таалагдах амиа хоохойлох л үг хэлнэ

    Хариулах
  2. Нэргүй 2018-09-22 11:47 at 11:47

    Энэ нөхөр өөрөө өөдтэй хүн биш. Сайд байхдаа нэг ч ажил хийгээгүй,хийж ч чадахгүй хүн юм билээ. Цалин нэмэгдэхгүй үндсэн шалтгаан болл Монголчууд юм бүтээхгүй байнга бэлэнчлэж бусдаас гуйж байна. Мөн төрийн албанд машолон огт хэрэггүй шагналын орон тоо бий блсон хоёр нөлөөлдөг

    Хариулах
  3. ГСА 2018-09-23 09:03 at 09:03

    энэ бутэхгуй дээ Найлахаас зуун ургаш хун мал нохой бугд мэднэ Дорнговь аймгийг бужигнуулсан орл зарсан сонгуульд монго огч гарна жинхэнэ залилагийн амьд дур

    Хариулах
  4. Зочин 2018-09-23 14:18 at 14:18

    Төрийн албаны, тэр дундаа Орон нутгийн захиргааны байгууллагад бас хүндтэй байр суурь эзэлдэг 2 Суурь нэртэй дарга нар байдаг юм аа. Амжилт хүсье таньд. Уулзаж байгаагүй ээ.

    Хариулах

ГСА-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн