“Тавантолгой түлш” компанийн зөвлөх, техникийн шинжлэх ухааны доктор, профессор, МУ-ын зөвлөх инженер Г.Бадамхатантай ярилцлаа.
-Агаарын бохирдлыг бууруулах оновчтой шийдэл шахмал түлш мөн үү?
-Агаарын бохирдол гэдэг байгалийн давагдашгүй хүчин зүйлс болох цунами, галт уулын дэлбэрэлт биш шүү дээ. Тийм учраас хүн төрөлхтөн хийгээд метрополис хотууд агаарын бохирдлыг даван туулж, шийдсээр ирсэн. АНУ, Япон, Солонгос, Франц, Герман, Англи гээд хөгжлөөр тэргүүлэгч улсууд агаарын бохирдлоо шийдэхийн тулд шахмал түлшинд эхэлж орсон байдаг юм. Одоо ч гэсэн технологи өндөр хөгжсөн Япон, Солонгос, Англи, Франц улсуудад шахмал түлшээ хэрэглэж байна. Шулуухан хэлэхэд агаарын бохирдолтой улс орон, хотуудын хийдэг эхний алхам бол түүхий нүүрсээ хориглоод шахмал түлш рүү ордог. Хамгийн тод жишээ гэвэл агаарын бохирдолд 12 мянган иргэнээ алдсан Англи улс түүхий нүүрс хориглосон тод жишээг хэлж болно.
-Улаанбаатар хотын агаарын бохирдол нэмэгдсэн, иргэдийн эрүүл мэндэд нөлөөлөх хэмжээнд хүрсэн цагаас эхлэн шахмал түлш яригдаж эхэлсэн?
-Өндөр хөгжилтэй улс орнуудад бусад орны агаарын бохирдол дагасан бизнес өндөр ашиг орлого өгч байна шүү дээ. БНХАУ агаарын бохирдлоо бууруулахын тулд 169 тэрбум ам.доллар төсөвлөж олон улсын эрдэмтэд ухаанаа уралдуулж байна. Солонгос улс гэхэд шахмал түлшний үйлдвэр, нүүрсний найрлагад орох бодис (Нэмэлт бүтээгдэхүүн) зэргээс 57 тэрбум ам.доллар олно гэж төлөвлөсөн байх жишээтэй.
Агаарын бохирдол дагасан бизнес өндөр хөгжихийн хэрээр техник, технологи, шинэ шинэ өөрчлөлтүүд цаг ямагт бүртгэгдэж байна. 2000 оноос эхлэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр шахмал түлш үйлдвэрлэж байсан. Яагаад амжилтанд хүрээгүй вэ гэхээр нэгдүгээрт олон улсын хэмжээнд мөрдөгдөх стандарт байсангүй. Хоёрдугаарт агаарын бохирдолд нөлөөлөх хэмжээний шахмал түлш үйлдвэрлэж байсангүй.
Улаанбаатар хотын иргэд жилдээ 900 мянгаас 1,2 сая тонн түүхий нүүрс түлдэг байхад 40 мянган тонн шахмал түлш бэлдсэн байдаг. Агаарын чанарт ч нөлөөлөх хэмжээний түлш биш. Нэмээд хэлэхэд 1,2 сая тонн нүүрснээс угаарын хий (Co)-4680 тонн хүхэрлэг хий (So2)-8040, Азотын хий (NOx)-142800 тонныг агаарын мандалд цацаж ирсэн. Одоо шахмал түлш хэрэглээд ирэнгүүт энэ бүхэн хоёр дахин буурна, багассана гэсэн үг.
-“Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэж байгаа шахмал түлш агаар мандалд цацдаг хорт хийг бууруулж чадсан уу?
-Нэгдүгээрт нүүрсний үнсэнд агуулагдах цацраг идэвхит бодис байхгүй болсон. Хүхэр (SO2) 1,2 дахин, азотын (NOx) 2,9 дахин угаарын (CO) хий 2,2 дахин, хатуу тоосонцор TPS 20 хувиар буурсан. Үүнээс гадна маш том дэвшил гарсан гэдгийг эрүүл мэндийн байгууллагуудаас онцолж байна. Эдгээр хийнүүдээс үүдэх гай гамшиг, өвчлөл буурна гэж ойлгож болно.
-Монгол Улс агаарын бохирдлоос үүдсэн хорт хавдараар дэлхийд тэргүүлдэг болчихлоо шүү дээ. Амьсгалын замын эрхтэнг гэмтээдэг, хорт хавдар үүсгэдэг OSNA, NTP, LARS гэх мэт химийн нэгдлүүдийг байхгүй болгож чадсан. Энэ бол өнөөгийн шинжлэх ухааны ололт юм. Нөгөө талаар хорт хавдар үүсгэдэг бодисыг шахмал түлшнээс “шахан зайлуулсан” гэх бүрэн үндэслэлтэй юм.
-Шахмал түлшний стандартыг гаргаж авахын тулд хичнээн туршилт хийв?
-Миний хувьд 200 орчим туршилт хийсэн байдаг. Монголчууд нүүрсний уурхай ашиглаж ирсэн цагаас хаягдлаа яаж ашиглах вэ? гэж бодож ирсэн. 1970 оны дундаас эхлэн шахмал түлшний төсөл яригдаж эхэлсэн, “Гэрлэж амжаагүй явна” кино дээр шахмал түлшний үйлдвэр барих болдоггүй юу. Миний хувьд нүүрсийг шавар, цемент, шохой, цавуу, модны үртэс гээд олон зүйлтэй холин туршилт хийсэн. Улаанбаатар болон хөдөө орон нутагт шахмал түлшний үйлдвэр байгуулан бүтээгдэхүүнээ иргэдэд худалдаалж байсан юм.
Тэр үед агаарын бохирдол багатай байсан, зах зээл эхлээд юун шахмал түлш манатай болохгүй юу. “Тавантолгой түлш” компанийн урилгаар Япон, Солонгос, Хятад, Герман эрдэмтэд ирж туршилт хийсэн. Ерөнхийдөө бол өөрийн технологи, нүүрстэй хольдог нэмэлт бодисоо бариад ирсэн байхгүй юу. Тэд нар маань зунжин пижигнэлдэж, зарим нэг нь нутаг буцаагүй үйлдвэрлэлтэй ноцолдож байна. Олон улсын эрдэмтэдтэй хамтарч ажилласны хүчинд Монгол Улсын шахмал түлшний стандартыг өндөр босготой тогтоож чадсан.
-Шахмал түлш үйлдвэрлэдэг 20 гаруй аж ахуйн нэгжүүд бий. Тэд нар яах вэ?
-Агаарын бохирдлыг бууруулахын тулд улсын, хувийн хэвшил гэж ялгах зүйл байхгүй. Тэд нар маань стандартад нийцсэн шахмал түлш аваад ирэхэд хэн дургуйцах вэ дээ. Хамт хөгжөөд явах болов уу.
-Улаанбаатар хотын түүхий нүүрсний хэрэглээ 1,2 сая тонн байхад 40 мянган тонн үйлдвэрлэж байсан байна шүү дээ. Шахмал түлшээр улсаа хангаж чадах уу?
-Монгол Улсын Засгийн газар 2019 оны тавдугаар сарын 01-нээс эхлэн түүхий нүүрс Улаанбаатар хотод оруулахгүй байх шийдвэр гаргасан. Утаанаас салах маш зөв шийдвэр гэдгийг дахин дахин хэлэх хэрэгтэй. Монгол Улс 173 тэрбум тонн нүүрсний нөөцтэй улсын хувьд шахмал түлшний гол түүхий эд Тавантолгойн нүүрс. Налайх, Багануурын нүүрсний илчлэг буюу ккалори 3500-4500 хавьцаа байхад Тавантолгойн нүүрс 6100-гаас дээш шүү дээ.
Бид илчлэг дээшлүүлэх талаар бус нүүрсэнд агууллагдах бусад химийн нэгдлүүдийг байхгүй болгох, задлахад л анхаарч байгаа юм. Манай “Тавантолгой түлш” компани 24 цагаар ажиллаж Улаанбаатар хотын утааг бууруулах, хавдар үүсгэдэг хорт бодисгүй шахмал түлшээ үйлдвэрлэж байна.
-Гэрийн дулаанаа хэдий хэр барих вэ?
-Дөрвөн кг шахмал түлш долоон цагийн хугацаанд тасралтгүй шатна. Гурван литр цайг 5-7 минутанд чанаж байгаа юм.
-Зуух энэ тэрийг нь хайлуулчихна гэсэн сөрөг яриа гараад байна лээ?
-Хэр хэмжээтэй хийхээс хамаарна. Иргэд ган хайлуулах гэж байгаа мэт их хэмжээгээр түлэхгүй л болов уу. “Талх чихэр” компани зүссэн талх, бөөрөнхий талх, нэг үрийн талх гээд арваад төрөл гаргаж авч байна. Түүн шиг шөнө хийдэг, хоол цай буцалгадаг, хээр гадаа хүртэл асааж болох, удаан түргэн асалттай шахмал түлш үйлдвэрлэх бололцоотой.
-Хэмнэлт, үнэ ханш гээд иргэдийн асуулт гарч ирнэ?
-Танайх таван тонн түүхий нүүрсээр өвөлждөг байсан бол 2,5 тонн шахмал түлш хэрэглэнэ гэсэн үг. Утааны хувьд хүний эрүүл мэндэд хортой бус дэлхийн дулааралд нөлөөлөх хүлэмжийн хий бол гарна. Эхний 10-15 минутанд асч шаталтын сүүл рүүгээ утаагүй шахам болно.
Г.Бадамхатан
1 comment
Сайн байна шүү