Нийслэлийн МАН-ын Бага хурлыг Барилга хот байгуулалтын сайд асан Г.Мөнхбаяр даргалж байна.Хурлын эхэнд мандатын тоонд зөрүү үүссэн, мандат аваагүй төлөөлөгч зааланд саналын эрхтэйгээр орж ирсэн гэх зэрэг асуудал үүсч, зааланд эмх замбараагүй байдал үүслээ.Гишүүд мандатын хорооны илтгэлийг батлахгүй хэмээн эсэргүүцэж, “Шударга бай” хэмээн орилжээ.
Тэднийг төлөөлж УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Манай намын хорооны Бага хурал дүрэмд заасан хугацаанаас бүтэн жил хоцорч эхэлж байна. Намын анхан шатны нэгжээс бөөн өрсөлдөөн дундаас хүмүүс ирсэн. Г.Мөнхбаяр дарга аа, олон хүмүүс хурлын журмыг эсэргүүцэж мандатаа өргөхгүй байна. Хэт хайрцагласан байдлаар хурлаа зохион байгуулах гэж дайрах юм. Энэ хүмүүс чинь та бүхэнд зөөлөн суудал өгөх гэж энд ирээгүй. Мандат өргөсөн хүмүүсийг та нар тийм хурдан тоолох боломжгүй. Мандатыг хэн шалгаж байгаа юм. Хэн орж байгааг ч бид мэдэхгүй байна. Бидэнд жагсаалтаа ч өгөхгүй байна” гэсэн юм. Хурал даргалагч мандатын комиссыг батлах тогтоолыг хэд хэдэн удаа уншсан ч заалнаас эсэргүүцсээр, төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулав.
Ийнхүү мандатын комиссын илтгэлийг баталсны дараа нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч, нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөгч Хотын дарга С.Батболд илтгэл тавилаа. Өнөөдрийн хурлаар 2020 оны сонгуульд нийслэлийн намаа ахлан орох удирдлагаа сонгох юм.