Ж.Эрдэнэцэцэг
Шаталсан мэдлэгийг системтэйгээр олгох, суралцагчийн нас, нийгмийн байдал, хүлээн авах чадварыг харгалзан боловсруулсан мэргэжлийн түвшний номыг сурах бичиг гэнэ. “Википедиа”-д аливаа сурах бичгийг ийнхүү тодорхойлсон байна.
Ази, Африк, Америк, Европын гээд ерөөс улс орнууд хөгжлөөсөө үл хамааран энэ шаардлагад нийцсэн сурах бичиг гаргахыг зорьдог байна. Харин бид дэлхийг дагаж биш, сөрж амьдраад байгаа мэт дүр зурагтай, аль ч салбартаа. Буруу ишилсэн сүх шиг ийм хачин дүр төрхийг ерөнхий боловсролын салбарын гол хэрэглэгдэхүүн болсон сурах бичгийн хуудсуудаас өч төчнөөнөөр харж болно.
Сурах бичиг бол бас нэгэн багш. Хүүхдүүд хичээлийн номоо эцэг, эх, багшийн оролцоогүйгээр уншаад ойлгохоор энгийн, утга төгөлдөр, алдаа мадаггүй байх ёстой. “Сурах бичиг нь хүүхдийн насны онцлогт тохирсон байх ёстой” гэсэн гол зарчим, стандартыг энгийн үгээр тайлбарлахад ийм.
“ОНЬСОГОТОЙ” НОМ
Тэгтэл манай сурах бичгүүдэд өгүүлбэртэй бодлогын үг, өгүүлбэр нь ойлгомжгүй, зарим нь бүр утгагүй, тагнуултай кино, зохиол шиг их нууцлаг байдгийг эцэг, эхчүүд шүүмжлээд “Бага ангийн хүүхэд битгий хэл том хүмүүс ч будилж төөрмөөр хачин бодлого таардаг” гэж гомдоллодог. Нэгдүгээр ангийнханд нэгдсэн журмаар тараадаг “Зуны зугаатай даалгавар” номоос ганцхан жишээ татъя.
Бат долоон настай. Өглөө бүр нэг өндөг идсэн бол тэр хэдэн өндөг идсэн бэ?
Хөршийн маань хүү “Энэ бодлогыг бодож чадахгүй нь” гээд ээждээ ханджээ. Ээж нь аавыг нь дуудаж. Аав нь ч ойлгосонгүй. Ингээд арай олон оймс элээсэн надад хандлаа. Хүү надаас “Хэн өглөө болгон өндөг иддэг юм бэ” гэж асууснаа “Бат л юм шиг байна, тийм ээ” гэснээ “Тэгээд хэдэн өдөр өндөг идсэн юм бол” хэмээн нүдээ анивчив.
Ээж, аав нь “Нэг сарын хугацаанд хэдэн өндөг идэв гэж байна уу, эсвэл жилд хэчнээнийг идэхийг асуугаад байгаа юм уу” гэв. Би л лав хариулт олсонгүй. Энэ номын зохиогч Б.Нямсүрэн, Т.Сарантуяа, Л.Гантөмөр, Л.Цэрэнбадам нар л энэ “оньсогоо” таах буй за.
II ангийн сурах бичиг дээрх өөр нэг “оньсого”-ыг таах гээд үзээрэй, хүмүүс ээ.
Долгор 22 лууван түүжээ. Энэ нь Амарын түүснээс 19-аар цөөн лууван түүсэн бол Сүрэн, Амар нийт хэдэн лууван түүсэн бэ?
19-өөр гэдгийг алдсаныг, мөн нэг өгүүлбэрт “лууван”, “түүсэн” гэдэг үг давтагдсан найруулгын алдааг нь “харалгүй” орхиод, Сүрэнгийн эрэлд гаръя. Тэр “нөхөр” хаанаас гэнэт гарч ирснийг зохиогч нараас нь асууя.
Бага ангийн сурах бичигт энэ мэт алдаа зөндөө. Ийм “тагнуултай” бодлого таарвал “Орхичихоорой” гэж аргаа баран сурагчдадаа зөвлөдөг, бага ангийн багшаар 15 жил ажилласан нэгэн багш “Даалгаварт юу өгүүлж буйг ойлгомжгүй бичсэн сурах бичиг олон. Сурагч байтугай, багш нар олон удаа уншиж байж ойлгодог” гэж ярьсныг бид өмнө нь хөндсөн нийтлэлдээ эш татаж байсан.
Хүүхдүүд бие даан сурах бичгээ ашиглаж чадахгүй байгаагийн нэг шалтгаан нь энэ мэт ойлгомжгүй, томчууд ч төөрмөөр бодлого, найруулгагүй үг, өгүүлбэр гэж болно. Уг нь сурах бичиг бол ярихгүй л болохоос бас л багш. Багш нь будилаад байвал сурагч нь яах болж байна аа. Сурах бичиг хэмээх луужингаар яваад томчууд ч мухардалд ордгийг эцэг, эх, багш нар энэ мэтээр ярьж, “инээх ханиахын” завсарт байна.
Зарим багш сурах бичигтэй “ноцолдож”, өөрийн болон сурагчдынхаа толгойг эргүүлж байхаар “Математик” сониноос бодлого бодуулдаг гэсэн. Яг ийм шалтгаанаар өөрийн боловсруулан, хэвлүүлсэн гарын авлагыг сургалтдаа түлхүү ашигладаг багш ч цөөнгүй байдаг юм билээ. Тэднийг сурах бичгээ мөрддөггүй гэж буруутгаж болох ч нөгөө талаас харахад ардын хүүхдүүдийг төөрөгдлөөс аврах гэсэн сэтгэлийг нь үгүйсгэж боломгүй.
Нөгөөтэйгүүр ном, гарын авлага гаргасан багш нар нэмэгдэл цалин авдаг учраас энэ нь магадгүй бизнесийн ухаантай холбоотой байж мэднэ. Гэхдээ ном зохиосон бүх багшийг тэгж хэлэх эрх надад байхгүй. Тэглээ гээд сургалтад ашиглахад хэцүү сурах бичгээс дээрдэхгүй ном “бичээд”, сурагчдад шахдаг багш нар байдгийг хэлэхгүй өнгөрч боломгүй.
Цалингаас гадна санхүүгийн хувьд нэмэгдэл эх үүсвэр олохын тулд сурах бичиг, ном “халтуурдаж” Монголын ирээдүйн боловсролд тээг, эцэг эхчүүдийн халаасанд халгаатай наймаа цэцэглэх вий гэсэндээ үүнийг дурдлаа.
Үүнээс гадна сурах бичиг нь хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогоос хамааран, тухайн цаг үе, нийгэмд нийцсэн байх ёстой гэж стандартад нь заасан байгаа. Тэгвэл I ангийн сурах бичигт мөрий тавих, бооцоотой тоглох тухай өгүүлсэн байна. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдэг биш үү. Яг юунд уриалаад, ямар гээчийн ёс зүйтэй хүн бэлтгэх гээд байна вэ.
Математикийн олимпиадад зориулан гаргасан номонд “сүнстэй” бодлого бий. “Сүнс өрөөнд орж ирэхэд төдөн цаг болж байсан, гарч явахад нь төдөн цаг болсон. Сүнс тэнд хэчнээн цаг байв” гэжээ. Заавал сүнсээр жишээлдэг нь ямар учиртай вэ. Айдас гэж айхтар зүйл бий. Хүүхэд битгий хэл томчуул аймшгийн зохиол уншаад жихүүцэж, орчин тойрноо “сэмхэн” хардаг болохыг америк сэтгэл судлаачид тогтоосон байдаг.
Мөн эх сурвалж нь тодорхой бус жишээ бүх ангийн сурах бичигт нэлээд бий гэдгийг “Боловсролын давлагаа” ТББ-ынхан олон жишээгээр тайлбарлажээ. Тэд 2014 онд хэвлэсэн I-V ангийн “Иргэний боловсрол” сурах бичгийг хоёр жилийн турш судалж, шинжилсний дүнд “Агуулга, найруулга болон арга зүй, зөв бичих зүйн алдаатай байна.
Энэ нь сурагчдад боловсрол олгоход сөргөөр нөлөөлнө” хэмээгээд 2015-2016 оны хичээлийн жилд алдааг засахыг холбогдох байгууллага, хүмүүст нь уламжлахад “Хэдийнэ хэвлэгдээд, тараачихсан учраас засвар хийх боломжгүй. Ирэх жил засъя” гэсэн хариу өгч аргацаасаар хоёр жилийн нүүр үзсэн байдаг. Алдааг нь хэлээд өгч байхад хүлээж авахгүй гэдийснээр хүүхдүүд хохирно гэдгийг “ухаардаггүй” тийм л хүмүүс Монгол Улсын боловсролын салбарыг удирдаж байгаа нь харамсалтай.
Тийм байхад боловсролын систем яаж өөрчлөгдөн, шинэчлэгдэх юм бэ. Ядаж байхад, энэ салбарыг удирдаж яваа сайд нь үе үе “балай юм” яриад эзэнтэй онигооны түүхийг баяжуулчихдаг боллоо. Гэхдээ энэ сэдвийг ингэсхийгээд орхиё.
Ерөнхий боловсролын сургуульд ашиглаж байгаа 180 гаруй нэр төрлийн сурах бичгийн талаар багш, шинжээч эцэг, эхчүүдийн саналыг Боловсролын хүрээлэнгийнхэн цахимаар авахад 12 000 гаруй санал ирснээс 80 гаруй хувь нь үг үсэг, найруулгын алдаатайг шүүмжилсэн гэдгийг албаныхан хэлсэн.
Ерөнхий боловсролын сурах бичиг яагаад алдаатай гараад байна вэ, үүнийг хэн хянадаг юм бэ. “БСШУСЯ хэвлэгдсэн сурах бичгийг журмын 3.2-т заасан гэрээний дагуу хянан шалгаж, түгээх талаар дүгнэлт гаргах шинжээчийн багийг байгуулна” гэж заасан байна.
Үүний дагуу тус яамны мэргэжилтэн Балжиннямаас энэ тухай асуухад “Бид хянадаггүй. Боловсролын хүрээлэнгийнхэн хариуцдаг” гэсний дагуу нэгэн хүнтэй холбогдлоо. Тус хүрээлэнгийн мэргэжилтэн Зулзагасүрэн “2008 онд баталсан стандартын дагуу сурах бичгүүдийг бэлтгэн боловсруулж, хэвлэхдээ агуулга, арга зүй, дизайнд нь анхаардаг.
Сурах бичиг боловсруулах багийн гишүүдийг сонгохдоо тухайн хүний ажилласан байдал, хуримтлуулсан туршлага, судалгааны чиглэлээр хийсэн бүтээл, сургалтад нэвтрүүлсэн аргачлал гэхчлэн тодорхой шаардлагад нийцүүлдэг” гэсэн тун албархуу тайлбар хэлэв. Алдааны талаар “айхтар” шалтаг, шалтгаан гэхээр зүйл хэлсэнгүй. Ямартай ч олон хүчин зүйл нөлөөлдөг гэх.
БАС НЭГЭН ОНЬСОГО
Хичээл эхлэхтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт бид хүүхдүүдийнхээ сурах бичиг, ном, дэвтэр, дүрэмт хувцас авах гэж нэлээд “халуунтай” байлаа. Сурагчдын сурах бичгийг мэргэжлийн байгууллагынхны гаргасан жагсаалтын дагуу бэлтгэдэг. Тэгтэл 2018-2019 оны хичээлийн жилд ашиглах нэлээд ном хэвлэгдээгүй байх юм. Хэзээ хэвлэгдэх нь ч тодорхойгүй учраас эцэг, эхчүүд бас нэгэн оньсогоны хариултын эрэлд гарав.
“2018-2019 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 186 нэрийн сурах бичгээс 24-ийг нь шинээр хэвлүүлж байгаа” гэж БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир нэгэн ярилцлагадаа дурджээ. Гэтэл байдал арай өөр байна. Сурах бичгийн худалдаа эрхлэгчдээс энэ талаар асуухад “Хараахан хэвлэгдээгүй байгаа л гэсэн. Өдийд бэлэн болоогүй юм чинь өвлөөс наашгүй байх. Өнгөрсөн жил ч ингэсэн” гэж гайхаж, бас ундууцаж байв.
Ерөнхий боловсролын сургуулийн багш нар ч сурах бичгийн талаар сураг ажиг тавиастай, мөрөө хавчсан улс л байна. Эцэг, эхчүүд “Бид шинэ сурах бичиг гарна гэж хүлээгээд хуучныг нь авч, илүү зардал гаргахгүй санаатай байна. Ингэж байгаад аль ч үгүй үлдээд хүүхдээ номгүй хичээлд нь оруулах вий” гэж байлаа.
Энэ бол манай боловсролын салбарт өнгөрсөн жил, түүний өмнөх онд ч байсан дүр зураг гэдгийг олон хүн хэлсэн. Яам, тамгын газрынхны ярьснаар бол хэзээний “хэвлэчихээд”, наймдугаар сарын 20 гэхэд “тараачихсан”. Ам, ажлын зөрүү нэг иймэрхүү. Ярьснаа ажил хэрэг болгохдоо хойрго ханддаг манайхны амьдралын ердийн хэв маяг, жилийн жилд энэ янзаараа, яг л зурагдсан пянз шиг. Энэ бол бидний хамгийн “давуу” чанар.
Өдий болтол энэ асуудлыг яагаад шийдээгүйг яс тас хариулах албаны хүн алга. Бүгд л уг нь хичээл эхлэхээс өмнө хэвлэнэ гэж байсан шүү дээ гээд л гайхах. Өнгөрсөн жил “Тендерт будилаан гарсан учраас сурах бичгийн асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан” гэж байсан. Өнөө жил харин хариулт алга. Цагтаа гаргаагүй ном хүүхдийн сурах идэвх, цаашлаад боловсролд маш том тээг, хор болж байгааг бид “анзаарахгүй” явсаар байх уу.
БСШУСЯ-ны албан ёсны цахим хуудсан тавьсан 2018-2019 оны хичээлийн жилд ашиглах сурах бичгийн жагсаалтаас харахад I-XII ангийн сурагчид 2013-2018 онд хэвлэсэн сурах бичгээр хичээллэх нь. Хэдхэн сарын өмнө “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” гарсан. Тэгэхээр энэ толь болон хуучин оны сурах бичгийн хооронд “тулаан” гарах нь дамжиггүй. Хүүхдүүд сурах бичгээ л мөрдөнө. Гэтэл “Үүнийг мөрдөх ёстой” гээд “танихгүй дүрмээр” бичсэн толь бичиг гаргаад ирсэн.
Мэдээж, багш нар тэрийг л барих байх. Ингээд нэг үгийг хоёр янзаар бичээд будилж гүйцэх нөхцөл байдал үүсчихлээ. Гэхдээ хэнийг нь ч буруутай гэх аргагүй, бүгдээрээ л батлагдсан сурах бичиг, ном толио л дагаж байгаа шүү дээ. Ёстой л “Хэн хэнийх нь зөв, хэрүүлээ зодоон болго. Хоёулангийнх нь талд оръё” гэдэг хоржоонтой яриа шиг юм болох нь.
Сурах бичгийн утга, найруулга, дүрмийн алдаа, эх бэлтгэл, хэвлэлтийн “андуурал” гээд өчнөөн асуудлын хажуугаар ийм нэгэн зовлон нэмэгдэх нь. Энэ ч гэсэн сурах бичгийн чанар, стандарт, түүний мөрдлөгө, хэвшүүлэх явцад маш их хамаатай гэдгийг учир мэдэх хүмүүс халаглахаас цаашгүй сууна.
СУРАХ БИЧИГТ СЭТГЭЛ ХАЙРЛАЯ
Монголын боловсролын шат шатны байгууллагад туршлагатай, эрдэм номтой багш, мэргэжилтэн олон байгаатай маргахгүй. Гэхдээ тэдний тархийг “шимж”, мэддэгээс нь хуваалцах, мэдэхгүй нэгнээ сургах, сурч мэдсэн нь бусдадаа түгээдэг хамтын ажиллагаа энэ салбарт юу юунаас илүүтэй үгүйлэгдэж байх шиг. Дээрээс нь ном, сурах бичиг боловсруулдаг эрдэмтэн, мэргэжилтнүүдийнхээ багийг танил талаар бус, шударгаар, олон нийтийн оролцоотойгоор бүрдүүлдэг болмоор.
Аливаа ажилд сэтгэл хамгийн чухал гэдгийг бид мэддэг, ярьдаг. Үнэндээ манай нийгэмд болохгүй, бүтэхгүй байгаа бүхэн сэтгэлгүйгээс үүдэлтэйг гадаад, дотоодын шинжээч мэргэжилтэн, жирийн иргэд ч хэлж, зөвлөдөг. “Үнэхээр тийм шүү” гэж толгой дохин хүлээж авдагч хэрэгжүүлдэггүй нь бас л сэтгэл дутуугийнх.
Францын нэгэн сурган хүмүүжүүлэгч “Сурах бичгийг эрдэмтэй, бас сэтгэлтэй хүн боловсруулах ёстой” гэснийг анхаарахад илүүдэхгүй буй за. Бусад улс боловсролдоо хэрхэн анхаарч, энэ салбараа яаж хүчирхэгжүүлж, чанартай боловсон хүчин бэлтгэдгийг судалж, туршлагыг нь зөв тусгаж авахад анхаармаар санагдана. Чанартай боловсролын үндэс нь заах арга зүйгээс гадна сурах бичиг гэдгийг олон улс хүлээн зөвшөөрч үүнд хүч хаядаг аж.
Хөгжингүй орнууд сурах бичиг зохиохдоо үндэсний хэмжээнд хөдөлдөг юм байна. Зөвхөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг удирдах багтай байдаг гэнэ. Үүнд нь эрдэмтэн зохиогч, зураач, сэтгэл судлаач, хэвлэлийн газрынхан багтдаг. Тэд сурах бичгийн стандарт баталж, хөтөлбөр гаргана. Гэхдээ тэдний хөтөлбөрийг мөрдөж, хэрэгжүүлэхээс өмнө эрх бүхий байгууллага, эцэг, эх, сурагчдын саналыг авдаг байна. Зарим сургууль өөрийн гэсэн хөтөлбөртэй, түүндээ зориулсан сурах бичиг захиалах нь ч бий.
Гэтэл манайд БСШУСЯ, Боловсролын хүрээлэн л үүнийг шийддэгт асуудлын учир байх шиг. Жишээ нь, хэдхэн жилийн хугацаанд “Монгол хэл-1” сурах бичгийг дөрвөнтөө шинэчилсэн ч сайжирсан нь үгүй гэх. Энэ болгонд мөнгө “салхинд” хийссэн. Салхи зохиогчдын болон тэдэнд давуу эрх олгосон нөхдийн халаас руу чиглэлтэйг хэн хүнгүй мэднэ.
Сурах бичгийг шинэчлэх асуудал нь тухайн улс орны нийгэм, улс төрийн тогтолцоо, боловсролын талаар төрөөс баримталдаг бодлогоос хамааралтай. Тиймээс энэ бол өргөн цар хүрээтэй, цогц асуудал.
Үүнээс гадна сурах бичгийн агуулга, чанар, хөтөлбөрийг хянаж, дүгнэдэг шинжээчдийн багийг тусгайлан томилж, хөндлөнгийн хяналттай ажиллавал ямар вэ. Урд хөршид тийм баг байдаг гэсэн. Тэд боловсруулсан хөтөлбөрөө эхлээд туршилтаар хэрэгжүүлэхдээ сурах бичгээ үнэ төлбөргүй тарааж, гүйцэтгэлд нь анхаарч, алдаа, оноогоо дэнслээд, батлах, эсэхээ шийддэг аж.
Барууны ихэнх улсад хичээл тус бүрт зориулсан сурах бичиг боловсруулахад онцгойлон анхаардаг юм байна. Жишээ нь, түүхийн хичээлийн сурах бичгийг хэрхэн боловсруулж, хэвлэдэг талаар зарим орны жишээ татъя. Ер нь түүхийг ойлгуулах аргачлал нь тусдаа байна.
Энэ нь номоор зодох бус, кино, дуурь үзүүлж, урлагаар болон түүхэн газруудаар дамжуулан сургах арга. Герман, Норвеги, Чех зэрэг оронд ийм аргачлалыг нэвтрүүлээд хэдэн арван жил болжээ. Насны онцлогт нь тохирсон сурах бичиг гэдэг нь дан цаас, түүхийн он дараалал, нарийн томьёолсон үг хэллэг биш гэдгийг тэндхийн эрдэмтэд онцолдог гэсэн.
Мөн нэг сурах бичгийг боловсруулах хугацаа 4-8 жил байдаг аж. Тэр хугацаанд судалгаанаас эхлээд заах арга барилаа хэрхэн сонгох хүртэл бүх ажлыг үндэсний цогц хөтөлбөр болгоод хэрэгжүүлнэ. Боловсролын систем бол хоорондоо нягт уялдаа, хамааралтай, олон жилийн үр дүнгээр сайжирдаг болохыг баталсан учраас тийнхүү нухацтай ханддаг биз ээ.
Бид гэтэл бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг цөөхөн хүний толгойгоор, хувийн халаасны асуудалтайгаа хутгаад, ажлыг ор нэр төдий болгож өнөөдөртэй золголоо. Ийм байдлаа халж, мэдлэгээс гадна сэтгэлээ шингээж ажиллая.
Эс бөгөөд “Хүндэрч байгаа хүний зурагтай, баас, шээсний тухай бүдүүлэг үг, өгүүлбэртэй гарын авлага, оньсого шиг сурах бичигтэй балиар “боловсрол”-оороо ирээдүйгээ баллаад, эцэст нь Сомалийн Ерөнхийлөгчийн аманд багтаж, “Монгол шиг” гэж чичлүүлээд, мөхлөө хүлээхээс өөр замгүй. Тэгж дампуурахаасаа өмнө боловсрол хариуцсан яамыг даруй шинэчлэн, соён гэгээрүүлж, өөрсдийг нь боловсруулан дорвитой хөдөлье.
Ерөнхий боловсролын сурах бичигтэй холбоотой үг, өгүүлбэртээ ингээд цэг тавиад, энэ салбар, системтэй холбоотой ганцхан зүйлийг энэ далимд хөндөв. Хичээл эхлэх боллоо гээд хүүхдүүдээс дутахгүй догдлон баярлаж, үс зүсээ засаж, дэвтэр ном, цүнхээ цэгцэлдэг багш нар ажил хаяна гээд дээр дооргүй хөөрцөглөж байгаа нь харамсалтай.
“Өнөөдөр”-ийн сэтгүүлч асан, “Хэн сэтгэж байна, түүнд зориулав” хэмээх уриаг минь сэтгэл оюунаараа бий болгосон О.Тогоо маань “Оюуныг гийгүүлэгч билгийн зул бадамлаг” нийтлэлдээ “…Боловсролын систем зөв утгаараа бүрэлдэн тогтоход багш нарын ёс зүй юунаас ч чухал.
Нийгмийн гарал, хөрөнгө чинээ, гэр бүлийн байдал, бие бялдрынхаа улмаас амьдарч буй нийгмийнхээ талаар гомдолтой хүмүүсийг энэ салбарт ажиллуулж огт болохгүй..” гэсэн байна. Тийм хүмүүс цаг нь ирвээс муу зангаа заавал харуулдаг гэжээ. Бодмоор үг шүү.
Эх сурвалж:
3 comments
сайхан бичжээ амьдрал дээр яаг болж байгаа үнэн энэ байна нээрээ л бодож чадахгүй болхоор багшаас асуухаар сурах бичгийн алдаа байх гэж бодож чадахгүй багш хэлдэг шүү арай ч дээ бас нэг зүйл байна бага ангид IQ д яв ном ав гэдэг аймаар луйварын аргатай хэсэг бүлэг байна жил бүр номын үнэ хичээлийн үнээ нэмнэ муу сурсан хүүхдийг өө чи IQ д яваагүй юм чинь аргагүй гэнэ тэгээд олимпиад гэж шаал хупдлаа нэг юм зохион байгуулна ёстой бүү мэд энэ БАЛИАР БОЛОВСРОЛ
UG N YAG ONOHIIG ONOL GEDEG
Монгол хаашаа яваад байгаа юм болдоо мөнгө рүү л байх даа