Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Бумбаны их тахилгын зан үйлийн талаар Сайн номуун хийдийн Хамба лам, Доктор С.Нэргүйтэй ярилцлаа.
Түүний хувьд бага залуугаасаа шашин номын мөрөөр замнаж өдгөө 30 гаруй жил болжээ. Анх Сайн номуун хийдийг байгуулагдах тэр л цаг үеэс гар бие оролцсон нэгэн байна.
-Бумба тахиулах иргэдийн тоо жил бүр нэмэгдэх болсон. Гэхдээ ёс жаягийн нарийн учрыг нь тодорхой мэдэхгүй хүмүүс бас байгаа. Түүнчлэн анх удаагаа бумба тахих гэж сонирхож байгаа хүмүүс ч бий. Юун түрүүнд асуухад, нэг айл хэдэн бумба тахих ёстой байдаг вэ?
– Ахуй талтай холбогдолтой бүхий голлох зургаан төрлийн бурхдын бумба бий. Намсрай, Гонгор, Лус, Дарь эх, Замбала, Эдийн гэх мэт. Ер нь айл өрхөд зургаан төрлийн бумба бүгд байх албагүй. Голлох нэг хоёр төрлийн бурхдын бумба байхад болно.
-Бүтээсэн бумбануудаа нэг удаад тахилга, уншлагаар равнайлуулаад дахиж энэ үйлийг хийлгэх шаардлагатай юу?
-Айл гэр орондоо залсан бумбануудаа жилдээ нэг удаа бумбаны тахилга, бумбаны даллагад оруулаад явж байх нь зүйтэй. Тахилга, даллага нь тус тусдаа уншлагатай. Бумбаны тахилгаа үйлдэж дууссаны дараа даллага хурайлна. Бумбыг дагалдаад бумбаны даллаганы сум гэж бас бий. Сумыг бумбандаа хишиг даллага хурайлахад хэрэглэдэг.
– Шашны холбогдолтой эд зүйлс худалдаалдаг дэлгүүрийн худалдагч нар Эдийн бумба гэдэг нь Намсрай, Гонгор бурхны бумба гэж ойлгож болно гэж тайлбарлаж байгаа нь зөв үү?
-Тусгайлсан Намсрай, Замбала зэрэг бурхнаас гадна тусдаа Норжма гэдэг эдлэлийг өгөгч бурхан бий. Энэ бурхны өмнөөс бүтээл хийж бүтээдэг бумбыг Эдийн бумба гэдэг. Тэгэхээр энэ бумбыг тусдаа барина гэж ойлгох хэрэгтэй.
-Бүтээсэн бумбануудаа нэг удаад тахилга, уншлагаар равнайлуулаад дахиж энэ үйлийг хийлгэх шаардлагатай юу?
-Айл гэр орондоо залсан бумбануудаа жилдээ нэг удаа бумбаны тахилга, бумбаны даллагад оруулаад явж байх нь зүйтэй. Тахилга, даллага нь тус тусдаа уншлагатай. Тахилгаа хийсний дараа хамгийн сүүлд бумбаны даллага хийж хурайлна. Бумбыг дагалдаад бумбаны даллаганы сум гэж бас бий. Сумыг бумбандаа хишиг даллага хурайлахад хэрэглэдэг.
-Хүмүүс гэртээ бумба тахихдаа ямар нэгэн тусгайлсан ёс жаяг гэж бий юу?
-Бумба нь айл гэрийн хишиг буян орших эдийн тэнгэрийн сав гэж үздэг учраас аль болох хоймор талдаа, бурхан шүтээнийхээ дэргэд хүндэтгэлтэй залж шүтэх хэрэгтэй. Ер нь айл өрх, хувь хүнийг ч гэсэн орон тэнгэр, насан тэнгэр, амин тэнгэр, мөн хийморь, эдийн гэх мэт 5 тэнгэр ивээж байдаг. Эдгээр заяа таван тэнгэрүүдийг баясгаж байх үүднээс энэ бумба гэдэг зүйлсийг тахиж шүтээд байгаа юм.
Жишээлбэл амь болон насан тэнгэр бататгах үүднээс Дарь эхийн бумба, орон тэнгэр болон хийморийн тэнгэрээ баясгэх үүднээс Лусын бумба, эд, эдлэл, хишиг буяны тэнгэрүүдээ баясгах үүднээс Намсрай, Гонгор бурхдын бумбыг тахиж залдаг. Эдгээр заяа таван тэнгэрүүдээ баясган дээшлүүлж байж хүн эрүүл саруул өвчин эмгэггүй, амар амгалан, аз хийморьтой, барцад саадгүй байх ёстой.
Иймд эдгээр тэнгэр оршдоггүй айл өрх, хувь хүн гэж үгүй. Тийм учраас эд, хишиг буяны тэнгэрээ илүү их баясгаж байх үүднээс сүүлийн үед эд, хишиг буяны голлох бурхдын бумбыг шүтэж, тахидаг хүмүүс түгээмэл болсон байна.
-Бумбаны тахилга гурван өдрийн турш үргэлжилнэ. Тухайлбал, Дарь эхийн бумба тахиулахаар зорьж ирэх хүн аль өдөр нь Дарь эхийн бумбаны тахилга болохыг мэдэхгүй. Чухам энэ талаар хаанаас мэдээлэл авах боломжтой вэ?
-Тахилгын ном ёсны дэг жаяг гэж бий. Ялангуяа уншлагатай холбоотой үйлдлүүд номын горимын дагуу явагдана. Үндсэндээ гурав хоногийн турш дээрх бурхдын бүтээлийн тахилга, уншлага голлон явагдана гэсэн үг. Бид зохион байгуулж байгаа үйл ажиллагааныхаа талаар хэдийд ямар бурхдын бумбаны уншлага, ямар зан үйл явагдах талаар тусгайлан хөтөлбөр гаргасан байгаа тэр дагуу явагдана.
-Бумбаны тахилгад ирэхдээ тухайн бурхны бумбанаас өөр юу юу бэлдэж ирэх ёстой вэ?
-Тусгайлан бэлдэх ёстой зүйл гэж байхгүй ээ. Тахиулах бумба нь байхад болно. Зарим хүмүүс даллаганы уут, сум, идээ будааны дээж авчирдаг. Эдгээр зүйлсээ авч ирхэд болохгүй зүйлгүй.
-Гадуур зарагдаж байгаа бумбануудын өнгө харилцан адилгүй байна. Өнгө, хийцийн хувьд цаанаас нь заасан шаардлага бий юу?
– Олон янзын өнгө, хийцтэй бумбанууд байж болно. Савны хувьд ямар материалаар хийсэн нь тийм ч ач холбогдолтой чухал зүйл биш. Гаднах хээ хуар, өнгө нь нэг ижил хэв маягтай байх албагүй. Гол нь бумба бүтээхэд ном ёсны дагуу орох ёстой зай, зий хольц нь бүрэн бүрдсэн байх ёстой. Тэгж байж ном ёсны дагуу бүтээгдсэн бумба болно.
-Сайн номуун хийдийн талаар бас сонирхох гэсэн юм. Хэзээ байгуулагдсан юм бэ. Бусад хийдээс ямар онцлогтой вэ?
-Нийтийн жишгээр л 1990-ээд оны үед газар болгонд сүм хийдүүд байгуулагдаж байсан тэр цаг үед анхлан бий болсон. Түүнээс хойш хурал номын үйл ажиллагаагаа тасралтгүй 30 шахам жил явуулж байна. Бусад сүм хийдүүдийн нэгэн адил уншдаг уншлага, ном, өдөр тутмын зан үйлийг хийж үйлдэж байна.
-Цаг зав гарган бидэнтэй уулзаж, сүсэгтэн олонд хэрэгтэй, сонирхолтой, мэдээлэл өгч ярилцсан танд маш их баярлалаа.
-Та бүхэнд бас их гялайлаа.