Хятадын шинэ үеийн түүхчид Төвдийг анхнаасаа Хятадын нэг хэсэг байсан хэмээн батлахыг байнга оролдсоор иржээ. Түүхийн нэлээд хэдэн үеийг дамнан судалж үзээд энэхүү асуудлыг тойрсон нэлээд олон бүрхэг ойлголтуудыг тодруулав.
Төвдийн эзэн хаад болон Хятадын Тан улсын хоорондын харилцаа (VII-IX зуун)
Манай тооллын VII зуунд төвдчүүд хятадуудтай холбоо тогтоож байсан талаар анхны түүхэн баримт хадгалагдан үлджээ. Тухайн үед хаант улсууд хоорондоо харилцаа тогтоодог түгээмэл хоёр шалтгаан байсан. Үүнд: гэрлэлт, эсвэл найрамдлын гэрээ байгуулах. Төвдийн тархай бутархай ванлигуудыг нэгтгэн анх удаа Төвдийн нэгдсэн эзэнт улсыг эмхлэн байгуулсан Соронзон Гомбо (Songtsen Gampo) хаан 641 онд найрамдлын гэрээ байгуулах үүднээс хятад гүнжийг эхнэр болгон ёслон авч байв. Мөн 821 онд энэ хоёр улс энх тайвнаар зэрэгцэн орших андгай хэлбэрийн гэрээ байгуулсан түүх байдаг.
Төвдчүүд ийнхүү найрамдал тогтоосон хэмээн ойлгож байхад хятадууд энэхүү гэрлэлт болон бусад холбоо харилцааг “улс төрийн болон ураг төрлийн шүтэн барилдлагатай болж, эдийн засаг, соёлын холбоо харилцаагаар шүтэлцсэн нэгдмэл нэг үндэстэн үүсэх бат бэх, үндсэн суурь дэвсгэрийг бий болголоо” хэмээн үзжээ.
Үнэн хэрэгтээ эдгээр үйл явдлууд бол Төвд, Хятад хоёр нь тухайн үед хүчин чадлаар эн тэнцүү, өрх тусгаар хоёр улс байсныг бүрэн илтгэдэг. Төвдийн арми өнөөгийн Хятадын Сичуан мужийг эзлэн авснаар 641 онд хятадууд Төвдийн эзэн хааны өмнө өвдөг сөхрөн хүсэмжлэн гуйсан ёсоор нь Соронзон Гомбо хаан хятад гүнжтэй гэрлэсэн билээ. 821 оны гэрээ нь үнэн хэрэгтээ “өрх тусдаа хоёр улс”-ын хооронд байгуулсан гэрээ мөн байдаг.
Монголчуудаас хараат Төвд, Хятад хоёр улс: Юан гүрэн (XIII-XIV зуун)
XIII зууны эхэн үед Чингис хаан умарт зүгийн нүүдэлчдийг хүчирхэг Монголын холбооны улс болгон нэгтгэж, улмаар тив дамнасан их гүрнийг байгуулав. Төвд ч, Хятад ч энэ их гүрний харьяанд багтан оржээ. Төвдчүүд 1244 – 1247 онд эсэргүүцэлгүй бууж өгсөн бол Умард Хятад 1234 онд, 1235 – 1279 онд Өмнөд Хятад ялагдал хүлээн бууж өгөв. Гэтэл Хятадын түүхчид Төвдийг ийм замаар “Хятадын Юан гүрэнд албан ёсоор нэгдэн орсон” хэмээн нотолсоор байдаг. Мөн тэдгээр түүхчид “Энэхүү нэг үндэстэнд уусан нэгдэх явц нь түүхийн хувьсал болоод бүх үндэстэн ястны хүсэлд нийцсэн хэрэг байлаа” хэмээн утга нь үл ойлгогдох тайлбар өгсөөр л (Highlights of Tibetian History, Wang Furen & Suo Wenging, 1984).
Төвд, Хятад хоёр улс монголчуудын улс төрийн нөлөөн дор орно гэдэг нь хоёр улс нэгдэн нийлсэн хэрэг огтхон ч биш. Умард Бирм, Умарт Вьетнам, Солонгос, Сибир тэр аяараа л Монголын эзэнт гүрний хараанд орсон атал Бээжингээс эдгээр улсыг “Хятадын харьяаны улс” хэмээн хэзээ ч шаарддаггүй. Монголчууд харин шарын шашныг өөрийн албан ёсны шашин болгон тунхагласнаас хойш л төвдийн лам хуврагууд шашны үйл хэрэгт давамгайлах байр суурьтай болсон байдаг.
Далай лам нар болон Мин улсын хөгжил өөрчлөлт (XV–XVII зуун)
XV зуунд Төвдийн улс төрийн эрх мэдэл өөр хоорондоо өрсөлдөгч шашны тэргүүнүүдийн гарт лавхан орж, эцэстээ Далай ламын ноёрхлын систем тогтсоноор энэ бүхэн өндөрлөсөн түүхтэй. Монголчуудыг Хятадад Мин улс түшин тулж, өөрийн бүхий л хүчин чадлаа нэн ялангуяа эдийн засгийн эзэмшлийн бүсээ тэлэх, далай тэнгисийг судлахад зориулж байв. Гэтэл итгэхэд бэрх нэгэн тайлбар гарч ирдэг: “Мин улс монголчуудаас Төвдийн нутгийг эзэмших эрх өвлөж авсан” гэх. Тухайн үед Төвдийг Хятадад захируулж байсан гэх баримт үнэндээ байдаггүй. Хэдийгээр төвд лам нар Мин улсын эзэн хаадтай холбоо харилцаатай хэвээр байсан гэдэг ч энэхүү харилцаа ямар төвшинд байсан гэх асуулт энэхүү харилцаа ямар утга учиртай байсныг хэрхэн ч тайлбарлаж өгдөггүй. Мөнхүү үед ч Төвд, Хятад хоёр нь аанай л биенээсээ хараат бус, өрх тусгаар улсууд байсан билээ.
Манжийн нөлөөний Төвд орон: Чин улс (XVIII –XIX зуун)
1644 онд Манжийн арми Бээжинг эзлэн авч, Чин улсыг байгууллаа. Манж нар Өмнөд Хятадыг байлдан эзлэхдээ орон нутгийн босогчдыг цус асгаруулан нухчин даржээ. Төвдийн 5-р Далай лам хүчирхэгжиж яваа Манж улстай энх тайвнаар харилцахыг хичээж, улмаар 1652 онд Бээжинд залагдан очжээ.
Дараачийн 50 жилийн дотор манж нар Төвдийн засгийн газрын дотроо хагаралтай бүлэглэлүүдийг ашиглан Лхаст нөлөөгөө тогтоож чадав: манж нарын элчийг “Амбан” гэх агаад тэд 1728 оноос эхлээд 1911 онд манж нарын Чин улс мөхөх хүртэл Лхаст оршин суусаар байжээ. Гэхдээ манж нарын эрх мэдлийн талаар олон асуудлын учиг тайлагдаагүй битүүлэг хэвээр үлдсэн байдаг. “Амбан” хүн “Далай лам болон Банчин ламтай (Байнгын Эрдэнийн гэсэн утгатай) нэг зиндаанд байсан гэж үздэг хятадуудын тайлбар бол үнэндээ хэтрүүлэг. Учир нь Манжийн Кианлонг эзэн хааны үед (1732 – 1795) хятадууд “Төвдийн дотоод хэрэгт хутгалдахгүй байх, аливаа дарлал үйлдэхгүй байх” хатуу чанд заавартай байжээ (Tibet: A Political History).
Төвд улс энэ үед үнэн хэрэгтээ Манжийн “ивээлд” багтаж байсан авч цаасан дээр Бээжин дэх засгийн газарт захирагддаг болгон бичсэн байжээ. 1724 онд Амдо мужийнхан манж нарын эсрэг боссоны дараа энэ мужийг цэргийн бүрэн хяналтад авчээ. Энэхүү засаглал, эзлэн түрэмгийлэл нь үнэн хэрэгтээ монголчуудын маягийн байсан бөгөөд хятадуудад огт хамааралгүй хэрэг. Энэ үед Төвд улс Хятадын эзэнт гүрэнтэй огт хамааралгүй байв.
Чин улсын сүүлчийн эзэн хаан ширээнээсээ буумагц Лхаст байрлаж байсан Хятадын цэргийн ангиуд бослого гаргалаа. Төвдчүүд хятадуудыг нутгаасаа гарахыг шаардав. 1912 оны сүүлчээр хятадын арми Төвдөөс гарч, Далай лам Төвдийн тусгаар тогтнолыг зарлан тунхаглав.
Төвд улс өрнөдийнхний түрэмгийллийн бай болсон нь: Симлагийн гэрээ (1914)
XIX зууны эцсээр Төвд нь Их Британи, Оросын хувьд стратегийн өндөр ач холбогдолтой нутаг болон хувирав. Энэ хоёр улс өөрсдийн империалист “нөлөөллийн бүс”-ээ Төв Ази руу тэлэхээр шийдчихээд байв. Хэдэн удаа наймаа хийхээр жин илгээж, цэргийн зориулалттай хайгуулын ажиллагаа үйлдсэний эцэст британичууд өртөө ашигтай байдлыг олж тогтоожээ. Ингээд 1914 онд Төвдийн статус, хил хязгаарыг эцэслэн тогтоохоор “Гурван орны гэрээ”-ний бага хурлыг Симлад зарлан хуралдуулав.
Коммунистууд түрэмгийлэн эзлэв (1949 – 1959)
1949 – 1950 онд Ардын чөлөөлөх арми Төвдийг булаан эзэлсэн явдлыг БНХАУ-ын албан ёсны түүхэнд “тайван замаар чөлөөлсөн” гэж томьёолдог. 17 заалттай гэрээг 1951 оны 5-р сард коммунист засгийн газраас Төвдийн засгийн газрын төлөөлөгчдөд хүчээр тулган хүлээлгэсэн түүхийг “төвдийн бүхий л ястан үндэстний зөвшөөрөл, дэмжлэгийг хүртсэн гэрээ” мэтээр тайлбарладаг.
Үнэн хэрэгтээ Зүүн Төвдийн нутагт олон зуун төвдчүүд ялгаварлан гадуурхал, дарлал доромжлолоос дайжин уул хадаар амьдарч, партизаны аян дайн хийж явахад олон мянган төвчүүд хятадуудын мөрдлөг мөшгөлтөөс дайжин Лхасаас баруун зүгт оргон дутаасаар байв.
1959 оны 5-р сард төвдчүүдийн тархай бутархай явсан эсэргүүцэл тэмцэл нэгдэн тэсэрч, хятадын эзэрхүү түрэмгийчүүдийн эсрэг бослого болон ноцлоо. 14-р Далай лам Хойт Энэтхэг рүү дүрвэн гармагцаа 17 зүйлтэй гэрээг хүчингүй болгон цуцлав. Энэ явдлын дараа Төвдөд аймшигтай хэрцгий аллага эхэлжээ. Тэр бүү хэл хятадуудын өөрсдийнх тооцоогоор ард түмний удаа дараагийн бослогын үеэр 87 000 төвдчүүд алагдсан байдаг. Харин төвдчүүдийн өөрсдийнх нь түүхэн эх булагт хэдэн жил үргэлжилсэн бослого, хөдөлгөөн, партизаны дайнаар 430 000 орчим төвдчүүд олзлогдож, шорон гяндан, хөдөлмөрийн лагерьт амь үрэгдсэн гэжээ.
Дүгнэлт
Энэ хоёр улс олон жилийн түүхэн харилцаандаа аль аль нь нэгнээсээ илүү хүчирхэг ч явж үзсэн, ялагдал амсаж ч үзсэн, нутаг орон нь хуваагдан сарниж ч үзсэн. Хоёр хөрш харилцан бие рүүгээ дайрч довтлон, нөлөөгөө тогтоож ч үзсэн. Гэхдээ дорнын улс орнуудын хоорондын харилцаа нь туйлын уян хатан байдаг агаад нэг улс нь тодорхой хугацаанд нөгөөгийнхөө хараат болж л байдаг, хараанаас нь гарч л байдаг. Хараат үедээ ч тэр улс тусгаар тогтносон улсын мөн чанараа огтхон ч гээдэггүй байжээ. Нэн ялангуяа аливаа үндэстэн өөрийн мөн чанарыг алдалгүй хадгалж үлдсэн тохиолдол олон. Гэтэл Хятадын шинэ үеийн олон түүхчид Хятадын үе үеийн эзэнт гүрний улс төрийн нөлөөнд хэсэгтээ автаж байсан улс орнуудыг хэдийнээ өөрийн бүрэлдхүүн хэсэг болчихсон мэтээр нотолсоор байдаг. Энэ бол ягшмал үзэл дээр суурилсан түүхийн баримтыг мушгин гуйвуулсан буруу тайлбар. Төвд улс үеийн үед өөрийн гэсэн онцлог соёл, шашин, хэл яриа, угсаатны зүйн мөн чанартайгаа явсаар ирсэн. Энэ бол Төвдийн тусгаар тогтнолыг баталж өгдөг тэр л хана хэрэм мөн билээ.
Өнөөгийн Төвд
Автономит Төвд нутгаас гадна зүүн хэсгээр орших Амдо, Кам зэрэг төвдийн өндөрлөгт байрлах нутгуудыг нэлэнхүйд нь Их Төвд хэмээн нэрлэдэг. 1965 онд БНХАУ-ын засгийн газар Автономит Төвдийг байгуулан, өөрийн нэг хэсэг болгосноор гадаад ба дотоод Төвд гэсэн ойлголт үүсчээ. 1965 онд Төвдийн томоохон нутаг дэвсгэрийг хөрш зэргэлдээ мужуудад нь хуваан өгсөн түүхтэй. Өнөөгийн Төвдийн засгийн газрын тэргүүн нь ХНК-ын 1974 оны гишүүн, ХКН-ын 17-р Төв хорооны гишүүн, машины механикч Кампа Пунцаг.
Автономит Төвд нь Лхас хот болон зургаан аймагт хуваагдана. Засаг захиргааны дараах шат 71 сум, 1 хот, 1 хотын дүүрэгт хуваагдана. Цаашаа орон нутгийн 534 баг, 140 томоохон баг, 9 ширхэг гудамжны хороолол, үндэстнүүдийн 8 хороололд хуваагддаг.
Хүн ам, нутаг дэвсгэр
Нийт 1.228.400 кв.км нутагтай (хятадын нутаг дэвсгэрийн 12.8%). 2.630.000 хүн амтай (хятадын хүн амын 2.2%). Хүн амын 92.77% төвдчүүд (2.427.168), хан хятадууд 6.06% (158.570). Монголчууд хүн амын 0.03% буюу нийт 690.
Нийслэл Лхас ба соёл боловсрол
Лхас нь 250.000 хүн амтай. Төвдийн хүн амын 81% нь хөдөө, 19% нь хот сууринд амьдардаг. 2.5 сая хүний 1 сая орчим нь тодорхой хэмжээний боловсрол эзэмшсэн. 380 000 оюутан, сурагчид нь нийт хүн амын 15%-ийг эзэлдэг. Төвдчүүд 6 жилийн албан ёсны боловсрол эзэмших хуультай. 7 дахь жилээсээ мөнгө төлж сурдаг. 1991 онд хүн амын 42%, 2008 онд 32% нь бичиг үсэггүй байна. 1959 онд хүн амын дундаж нас 35 байснаа 2004 онд 67 болон уртасчээ. Хурал цуглаан, шүүх хурал дээр хан хятад хэл, төвд хэлний алийг ч сонгох эрхтэй. Дунд сургуулийн хөтөлбөрт төвд хэлний хичээлийг хуульчлан оруулсан байдаг.
Төвд ба шашин
1966 оны Маогийн “Соёлын хувьсгал” Төвдөд нэвтэрч, төвдийн уламжлалт соёл, буддын шашныг балмадаар нухчин дарж, олон мянган сүм хийдийг нурааж, лам хуврагуудыг буудан хөнөөжээ. Өнөөдөр төвдийн 1700 орчим сүм хийдэд 46.000 буддын шашны лам хуврага, хандмаа нар шавилан сууж байна. Төвдөд 3000 лалын шашинтан (хүйчүүд), католик шашны нэг сүмд 700 сүсэгтэн хуран цуглардаг.
Эдийн засаг
Бэлчээрийн мал аж ахуй, газар тариалан зонхилсон эдийн засагтай. Мөн уул уурхай, барилгын материалын үйлдвэрлэл, хот сууринд үйлчилгээний сектор хөгжиж байгаа. Хятадын засгийн газраас төмөр, алт, зэс, давс, боракс зэрэг ашигт малтмалын олборлолтыг хөгжүүлж, 2001 – 2005 онд байгуулсан “Лхас- Төмөр замаар” энэ бүх баялгийг хямд төсөр зөөх боломж нээгдэв. Ой модыг 1975 – 2001 онд хядаж дуусгаад өнөөдөр модны үйлдвэрлэлийг эрс бууруулжээ. 1994 онд 5 тэрбум байсан ДНБ (ҮНБ биш шүү) 2006 онд 29 тэрбум юань болон өсөв. Гэсэн атлаа төвдчүүдийн дундаж орлого 2005 онд хот сууринд ердөө л 1051 ам.доллар, хөдөө 259 ам.долларт хүрчээ.
Ийнхүү төвдчүүдийн олонхи зургаан жилийн боловсролтой, ашигт малтмал, ой модоо хятадуудад “өргөн барьсан” хэрнээ өөрсдөө нэн ядуу амьдралтай байна. Энэ бол бас л нэг гүнзгий зөрчил. Хятад, Төвдийн хооронд улс төр, соёл, эдийн засгийн гүн зөрчил оршсоор, төвдчүүд эсэргүүцэл үзүүлсээр байгаа нь энэ. 2002 – 2004 онуудад Далай ламын элч, хятадын албадын хоорондын яриа хэлэлцээр бүгд бүтэлгүйтсэн. 1989 оны Хүний эрхийн төлөө Нобелийн шагналтан Далай лам БНХАУ-ын засгийн газраас Төвдийн бүрэн тусгаар тогтнолыг бус, ердөө л автономит эрхийг бодитоор нь олгохыг хүссэнийх нь төлөө Бээжингийн зүгээс түүнийг салан тусгаарлах бодлоготон хэмээн дайсагнасаар байна.
Tsagtur.mn
4 comments
Төвдийн үндэсний шашны онцлог жинхэнэ
буддизмаас өөр байдаг энэ нь харийн ид шидийн онцлогтой гэсэн муу нэртэй үг юм.
Тухайлбал дундад зууны үеэр энэхүү мухар
сүсгийн төөрөгдөлийг Монгол улсад нэвтрүүлснээр эцэс төгсгөлгүй харь орны
дарагуйлалд орох үндэс бий болсон Монгол
чууддаа хандаж хэлэхэд бид нарын цорын
ганц шашин бол мөнх тэнгэрийн шинжлэх
ухаан юм. Улаанбаатар хотод явагдаж байгаа шашны үйл ажилгаа бүхий болсон
болоогүй сүм хийдүүд ориг европийн нүсэр
том сүм хийдүүдтэй харьцуулбал бэлгэдэл
төдий далдийн хүч талаас авч үзвэл Монгол
чууд мөнх тэнгэр өвөг дээдэстэйгээ хүйгээрээ холбогдож чадвал Монгол үндэстэн сэргэх ёстой юм
төвдүүд ИНЭЭДТЭЙ нэг ламыг БУГ ЧӨТГӨР БОЛГООД ХУВИРГААД тэр нь ШАШИН төрийг устгана ГЭЖ тангараг ӨРГӨӨД сүйд ХИЙГЭЭД ОРХИСОН ОДОО хятадын төрийн иВЭЭЛД ОРЖ далай ЛАМЫГ ДАРАХ ХЭРЭГСЭЛ БОЛСОН ха ха ха
Бүрэн дүүрэн судалга шинжилгээ хийгээгүй байж мэдэхгүй асуудлаар мэддэг юм шиг цэцэрхэх муухай. Тэгээд ч Түвд- хятадын харилцаа бидэнд ямар хамаатай болоод эдгээр ард түмний олон зууны туршид олон сэжүүрээр холбоотой явж ирснийг нэвт шувт судалж мэдсэн юм шиг бичих нь хэнд хэрэгтэй юм Эрдэмтэн судлаач нь бичсэн тодорхойгүй,нэр хаяггүй зүйл бичих ямар шаардлага байгаа юм бол? Энэ хэмжээнд бичих боловсрол болоод хэлний боловсролтой хүн монгол хэр олон бол! Уших байхад ядмагхан баримтаар нотолгоо болгож дээр нь өөрийн дулимаг мэдлэгээ тулгаж бичсэн бололтой. Бид санаагаа чилээх асуудал огтоос биш ээ. Өөрсөдийнхөө өмнөх асуудалд зөв гаргалаг гарц хайхад санаа сэтгэлээ чиглүүлнэ үү
бидэнд юуны хамаатай юм вэ хятад гэдэг улс хэтэрхий их шуналтайг ойлголоо устаж үгүй болоосой