Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд НҮБ-ын Ази номхон далайн бүсийн захирал ноён Хаолиан Шүг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Биата Транкман, Суурин төлөөлөгчийн орлогч Даниела Гаспарикова болон НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, БТХ-ийн төсөл хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү нар байлцав.
Ноён Хаолиан Шү “НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хувьд зөвхөн Монгол Улсын Засгийн газартай бус нийслэлийн захиргаатай хамтын ажиллагаагаа өрнүүлж буй. Хоёр тал 2016 онд байгуулсан Санамж бичгийн хүрээнд хамтран ажиллах болсонд таатай байгаа. Хамтын ажиллагааны хүрээнд төлөвлөлтийн асуудал нэгдүгээрт тавигдаж байгаа гэж ойлгож байна. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг зөвхөн үндэстний хэмжээний төлөвлөгөө бус орон нутаг, нийслэлийн хэмжээнд төлөвлөгөөтэй байж тэрийгээ хэрэгжүүлэх нь чухал юм. Түүнээс гадна агаарын бохирдлын асуудал Улаанбаатар хотын эмзэг сэдэв болоод байгаа. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд манай байгууллагын зүгээс бусад улс оронд хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцах, урд нь танай улсад хийж хэрэгжүүлсэн ажлуудыг судлан үзэж дэмжлэг үзүүлэх боломжтой” хэмээлээ.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Улаанбаатар бол Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин суудаг томоохон хот. Үүнийгээ дагаад олон хүндрэлтэй асуудал тулгардаг. Үүний нэг нь яах аргагүй агаарын бохирдол. Бид олон зорилт тавин ажиллаж байгаагийн нэг нь манай Иргэдийн Төлөөлөгчдийн хурал хуралдаж гурван сарын хугацаатай тодорхой үүрэг төлөвлөгөө гаргасан. Засаг даргын хувьд агаарын чанарын бүсчлэл тогтоож, шилжилт хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар зогсоосон гэх мэт хязгаарлалтыг хийгээд байна. Үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаа. Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллах чиглэлээр нийтэд зориулсан сургалт, сурталчилгаа, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Улаанбаатар хотын хөгжлийн өмнө тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд их хэмжээний хөрөнгө, мөнгө шаардлагатай. Та бүхэнд нэг зүйл санал болгоё гэж бодож байна. Бид Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК байгуулсан байгаа. Энэ байгууллагын чадавхийг сайжруулах хэрэгтэй байна. Энэ компани дээр олон төсөл бий” хэмээлээ.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс нийслэлийн Засаг даргын тавьсан хүсэлтүүдээс дэмжлэг үзүүлж болохуйц хэд хэдэн зүйл байна гэдгийг ноён Хаолиан Шү уулзалтын үеэр тодотгож байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.